Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН СУРГАЛТЫН ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧИД ХУРАН ЦУГЛАРЛАА
2025-02-17

ЖАЙКА-н Монгол дахь төлөөлөгчийн газар болон Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв хамтран “MICS-2024 Final event, ХАМТЫН ИРЭЭДҮЙ” бизнес семинар, networking event-ийг өнгөрсөн 2 сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг үйл ажиллагааны эхний хагаст, ЖАЙКА болон Нийслэлийн Бизнес Инновацын газар энэ онд хамтран Монгол, Япон улсын нийгмийн асуудлыг шийдэх төслүүдийг шалгаруулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой  “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулсан ба уг хөтөлбөрөөс шалгарсан 10 шилдэг төслийн үр дүнг танилцуулах семинарыг зохион байгууллаа.

Үүний дараа Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагад ажилласан туршлагатай Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн ЖАЙКА-н бизнес хамтын ажиллагааны мэргэжилтэн Накамура Ко МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДӨД зориулан өөрийн туршлага, Монгол - Япон бизнесүүд хамтын ажиллагааны боломж, асуудал, шийдлүүдийн талаар туршлагаасаа хуваалцлаа. Бүтэн цагийн турш үргэлжилсэн тус семинарын ерөнхий агуулга нь, хоёр орны хувьд харилцан бизнес хийх бүрэн боломж байгаа ч, өөр өөр үндэстэн тул соёлын ялгаатай байдлаа ойлголцож, үүнийг ухамсарласан байх болон ухамсарлаагүй байхын ялгаатай байдлыг өөрийнхөө туулж ирсэн туршлагад тулгуурлан төгсөгчдөдөө хүргэхийг зорьсон юм. Уг соёлын ялгаатай байдлыг Geert Hofstede-ийн “The 6-D MODEL of NATIONAL CULTURE”-ийн үүднээс тайлбарласан нь бидэнд илүү сонирхолтой бөгөөд мэдүүштэй байлаа.

Семинарын төгсгөлд бизнес гэдэг бол “ХарилцааХүндэтгэлХүн”-тулгуурлан өрнөдөг зүйл учраас цааш цаашдаа бид харилцан бие биеэ хүндэтгэж явцгаая хэмээх мессежийг өгснөөр уг семинар өндөрлөсөн юм.

Тус өдөр хүрэлцэн ирсэн зочид маань өглөөнөөс орой хүртэл үргэлжилсэн илтгэл, семинарт идэвхтэй хамрагдан шинэ соргог мэдээлэл аваад зогсохгүй Монгол болон Япон компаниудын төлөөлүүдийн оролцсон нетворкинг хүлээн авалтад оролцож, танилын хүрээгээ өргөжүүлэхийн зэрэгцээ хувь хүнийхээ болон өөрийн компанийн, цаашлаад улс орныхоо цаашдын хөгжил дэвшилд хувь нэмэр болохуйц сэдэл, санаа авсан болов уу гэж найдаж байна.