Захирлын мэндчилгээ
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
захирал Ц. Даваадорж 

Жилийн ажлаа нэгтгэн тайлагнах бидний уламжлалт ажил хийгдэж, 2025 оныхоо ажлын тайлангаа Та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна.                                                                                2025 онд төвийн ажил төлөвлөсний дагуу амжилттай үргэлжилж, олон сайхан ажлуудыг шинээр хийлээ. Он оны ажлаа амжилттай гүйцэтгэж, улам өргөжин тэлж, хөгжин дэвжиж байдгаа тайлагнахад бид туйлын их баяр бахдалтай байдаг. 2025 онд ЖАЙКА-гийн төслийн шинэ үе шат эхэлж, Япон мэргэжилтнүүд ээлжлэн солигдсон юм.                                                                               2025 онд бид 289 ажил төлөвлөж, 296 ажил гүйцэтгэлээ. Төлөвлөсөн ажлуудаас 5 ажил хийгдээгүй ч, төлөвлөөгүй 12 ажлыг шинээр хийж, нийт дүнгээрээ ажлын гүйцэтгэл 102%-тай гарав. Өмнөх 2024 оныхоос ахисан энэ үзүүлэлтийг тайлагнахад урамтай байна.

    2025 онд, манай байгууллагад үндсэн ажилтан 31, япон мэргэжилтэн 4, хүлээн авахын цагийн ажилтан 12, мөн цагийн багш 5, үндэсний сургагч багш 8 хүн ажиллалаа. Энэ жилийн хувьд ажилтнуудын хөдөлгөөн өмнөх үеүдээс өндөр гарсан. Төвийн нийт ажиллагсдын дундаж цалин 2.4 сая төгрөгт хүрч, өмнөх жилээс 10%-иар өсжээ. Монгол улсын дундаж цалингийн түвшинд байгаа ч бодит орлого өмнөх түвшинд хадгалагдаж байгаа юм.

    Япон улсаас 4 мэргэжилтэн урт хугацаагаар томилогдон ажиллаж байна. 1 мэргэжилтэн томилогдон ирэх байсан ч хугацаандаа ирж амжсангүй.

    2025 оны хүлээгдэж буй дүнгээр төлөвлөгөөт орлогыг 2.1%-иар давуулж, зарлагаа 3.1%-иар хэмнэж чадлаа. Япон улсын ЖАЙКА байгууллага болон Япон сангийн дэмжлэг урьдын адил үргэлжилж байна. Жилийн нийт төсвийн 13 хувийг Япон талын дэмжлэгээр санхүүжүүлсэн.

    2025 оны тайланг өмнө жилийн нэгэн адил цахим хэлбэрээр гаргасан бөгөөд тайлангийн дэлгэрэнгүйг энэ товхимлоос харах боломжтой.

     Бидний үйл ажиллагааг ямагт дэмжиж, тусалж байдаг хамтран ажиллагч Японы болон Монголын бүх байгууллага, хувь хүмүүст халуун талархлаа дахин дахин илэрхийлье. Та бүхний дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагаа байгаа учраас манай төвийн үйл ажиллагаа үргэлж урагш ахиж, амжилт дүүрэн байдаг.

     Манай хамт олон ч цаашид ихээр хичээн, өөрсдийн чадвар, мэдлэгээ бүрэн дайчлан ажиллах болно. Та бүхний дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааг амжилттай болгон, төвийнхөө нэр хүндийг өндөрт өргөн явахаа амлаж байна.

Монголын ирээдүйг гэрэлтэй, гэгээлэг болгохын төлөө МЯТ-ийн хамт олон ажил үүргийнхээ хүрээнд бүхнийг хийх болно. Бүх хүмүүст сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Баярлалаа

                                                                                                                       Захирал: 

                                                                                                                        Ц.Даваадорж