ХАМТЫН АЖИЛЛАГАА
Хоккайдо мужийн Камишихоро хотын болон Фүкүяма худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид Монгол-Японы төвд зочиллоо
56 мин

8 сарын 21-ний өдөр Хоккайдо мужийн Камишихоро хотын 13 төлөөлөгч, Фүкүяма худалдаа аж үйлдвэрийн танхимын 12 төлөөлөгч Монгол-Японы төвд зочиллоо. Энэ удаагийн үйл ажиллагааны хүрээнд тус төвийн ерөнхий зөвлөх Сато Мүцүми болон бизнесийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Насанбилэг нар төвийн үйл ажиллагааны танилцуулга болон ЖАЙКА төслийн үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ Монголын бизнесийн орчин хийгээд эдийн засгийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн Монгол-Японы төв нь өнгөрсөн онд Японд дадлага хийхээр төлөвлөж буй оюутнуудад зориулсан япон хэлний сургалт болон бизнесийн ёс зүйн сургалт зохион байгуулж, ойролцоогоор 3 сарын хугацаанд япон хэлний мэдлэгийг JLPT N5 түвшнээс N3 түвшин хүртэл ахиулсан нь өндөр үнэлгээ авсан билээ. Мөн сүүлийн үед Японы аж ахуйн нэгжүүдтэй хамтран бизнес эрхлэх сэтгэгээг хөгжүүлэх симуляцын тоглоом ашигласан сургалт, бизнесийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах талаарх зэрэг сургалтуудыг шинээр зохион байгуулж байгаа талаар танилцууллаа.

Нөгөөтэйгүүр, Хоккайдо мужийн Ками-Шихоро хотын төлөөлөгчид Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод дроноор цус тээвэрлэх, хүргэх үйлчилгээг нийгэмд нэвтрүүлсэн талаараа танилцууллаа. Тогтмол хүргэлтийн үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсний дараа яаралтай тээвэрлэлтийн тусламжтайгаар 5 хүний амь насыг аварсан бодит үр дүнг мөн танилцуулсан юм.

Дроноор хүргэлтийн үйлчилгээг цаашид өргөжүүлэхийн тулд орон нутгийн бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, эрэлтэд нийцсэн бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх, мөн гамшгийн үед ашиглах зэрэг олон талын боломжийн талаар санал бодлоо солилцлоо. Түүнчлэн Монгол Улсад бий болгосон энэхүү загварыг Төв Азийн бусад улс орнуудад нэвтрүүлэх боломж, мөн энэ хүрээнд Японы компаниудад тавигдаж буй үүрэг, оролцоо зэрэг асуудлаар идэвхтэй асуулт, саналууд гарч байлаа.

Фүкүяма Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийн зүгээс монголчуудын ажил эрхлэлтийн хандлагын талаар санал бодлоо солилцож, монгол залуусын бизнес сэтгэлээ, Япон Улсад хандах эерэг хандлагын талаар ярилцлаа. Тус төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсад залуу, чадварлаг хүний нөөц олноор байгаад онцгой анхаарал хандуулж байлаа.

Энэхүү уулзалт нь оролцогчдод Монгол, Япон хоёр улсын хооронд бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжуудын талаар ойлголтоо гүнзгийрүүлэх чухал боломж боллоо гэж бид үзэж байна.

Монгол-Японы төв нь Монгол, Японы эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, хоёр улсын хооронд шинэ бизнесийн боломж бий болгох, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цаашид дэмжлэг үзүүлэн ажиллах болно.