2024 оны 10-р сарын 5 (Бя), 6 (Ня)-ний өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2024” зохион байгуулагдлаа. 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Японы 8 их сургууль танхимаар, 2 их сургууль материалаар тус тус оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Японд суралцах хүсэлтэй оюутан залуус 2 хоногийн нийлсэн дүнгээр 1000 гаруй хүн оролцсон байна.
Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 10-р сарын 5 (Ба)-ны өдөр, Японы их сургуулиудын төлөөлөгчид япон болон англи хэлийг гүнзгийрүүлэн суралцдаг бүрэн дунд сургуулиудтай танилцах хөтөлбөрт хамрагдсан юм. Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн яармагт оролцож буй япон сургуулиудыг танилцуулах болон элсэлтийн талаарх мэдээллийг тухайн сургуулийн сурагчидтай хуваалцаж, Японд суралцах талаар санал солилцдог хөтөлбөр юм.
Мэдээллийн яармагийн эхний өдөр буюу 10-р сарын 6-ны бямба гарагт арга хэмжээг нээж Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү үг хэлэн, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ, МУИС-ийн ректор, профессор Б. Очирхуяг, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц. Даваадорж нар тус тус мэндчилгээ дэвшүүлэв.
“Японд суралцах тухай мэдээлийн яармаг-2024”-ын энэ жилийн хөтөлбөрт Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Японд суралцах талаар ерөнхий танилцуулга (JASSO), Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT) болон Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU), Япон улсад тэтгэлгээр суралцаж ирсэн оюутны яриа, мэдээллийн яармагт оролцож буй сургуулиудын танилцуулга болон сургууль тус бүрийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан зэрэг зорьж ирсэн оюутан залуусдаа цогц мэдээлэл авах боломжийг хангаж өгөхийг зорилоо. Оюутан залуус маань өөрсдийн суралцах чиглэлээр элсэлт авч буй сургуулийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх буланд очиж тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна өөрт хэрэгтэй мэдээллүүдээ олж авч байлаа.
Мэдээллийн яармагийн сүүлийн өдөр буюу 10-р сарын 6 (Ня)-ний өдөр, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгээс “Японд сурч мэдсэн туршлага” сэдвээр ээлжит нээлттэй хэлэлцүүлгээ хийсэн. Тус нээлттэй хэлэлцүүлэг нь “Жугамо” нийгэмлэгээс зохион байгуулдаг “TALKio-Let’s about ideas & opportunities”-ын цуврал хэлэлцүүлэг бөгөөд оюутан залуусын хамгийн их сонирхдог мэргэжлээр Японд суралцсан залуус өөрсдийн туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Сүүлийн жилүүдэд Японд англи хэлээр нарийн мэргэжлээр сурч болох сургуулиудын тоо эрс нэмэгдэж байгаа нь зохион байгуулагч бидний хувьд талархууштай хэрэг бөгөөд Монголынхоо оюутан залууст илүү их боломжийг нээж өгч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Ирэх жил ч гэсэн Япон улсаас олон олон их сургууль, байгууллагын төлөөлөгчид “Японд суралцах мэдээллийн яармаг”-т оролцож, Японд суралцахыг хүсэж буй оюутан залууст хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль
Японд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг
Дэмжигч байгууллага: Монгол дахь Япон улсын элчин сайдын яам
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
Монголын Япон хэлний багш нарын холбоо
Оролцогч их сургуулиуд: Кэйо их сургууль, Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль, Нагоя худалдаа, бизнесийн их сургууль, Нийгата мужийн их сургууль, Олон улсын их сургууль, Токио олон улсын их сургууль, Хёого мужийн их сургууль, Чюүо гакүин их сургууль
Материалаар оролцогч сургуулиуд: Нагоя их сургууль, Ямагата их сургууль.