Үйл явдал
“ХАВРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ” -ийг АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-04-30

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь  2024 оны 4-р сарын 20 (Бямба)-ны өдөр “Хаврын мэдээллийн яармаг”-ийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд цахимаар Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль, танхимаар Монгол дахь Япон улсын элчин сайдын яам, Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг, Монголын япон хэлний багш нарын холбоо нар тус тус оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Японд суралцах хүсэлтэй  500 гаруй хүүхэд, залуус хүрэлцэн ирсэн байна.

             Тус төв нь жил бүрийн  10 сард Японд суралцах хүсэлтэй оюутан залууст зориулан Японы их дээд сургуулиудын төлөөлөгчдийг урьж оролцуулан “Японд суралцах тухай мэдээллийн яармаг”-г зохион байгуулдаг ч энэ жил анх удаа ЕБС-ын ахлах ангийн сурагчид, оюутнуудад Японд суралцахад чиглэл өгөх, хувийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг болох зорилгоор тус яармагийг зохион байгууллаа.

            “Хаврын мэдээллийн яармаг”-ийн хөтөлбөрт Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Японд суралцах талаар ерөнхий танилцуулга (МЯТ), Япон улсад тэтгэлгээр суралцаж ирсэн оюутны яриа, Японд суралцахад зайлшгүй өгөх шалгалт, япон хэл сурах талаарх ганцаарчилсан зөвлөгөө, мэдээллийн яармагт оролцож буй сургуулиудын танилцуулга болон сургууль тус бүрийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булангуудыг бэлдэж зорьж ирсэн хүүхэд залуучууддаа өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжоор хангаж өглөө. Мөн бид тус үйл ажиллагаанд оролцох боломжгүй хөдөө орон нутгийн хүүхэд залуустаа зориулан төвийн фэйсбүүк хуудсаар дээрх танилцуулга, үйл ажиллагааг шууд дамжуулсан юм.

            Тус яармагийн онцлог үйл ажиллагаа болох Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгээс “Японд сурч мэдсэн туршлага” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн бөгөөд улсын болон хувийн зардал, япон англи хэлээр Японд суралцан тус тусын чиглэлээр мастер, докторын зэрэг хамгаалаад ирсэн залуус өөрсдийн туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан.

            Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголынхоо ирээдүй болсон хүүхэд залуусыг Японы их дээд сургуульд амжилттай суралцангаа Япон орны сайн сайхныг мэдэрч, зөв төлөвшил, харилцааг сурч ирэн эх орондоо нэвтрүүлэн, хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд өөрийн гэсэн  хувь нэмрээ оруулахуйц боловсон хүчин болохыг дэмжиж жил бүр энэхүү мэдээллийн яармагийг зохион байгуулахын сацуу Японд суралцах талаар зөвлөгөө зөвлөмжийг байнга өгдөг билээ.

Ирэх жил ч гэсэн Япон улсаас олон олон их сургууль “Хаврын мэдээллийн яармаг”-т оролцож, Японд суралцахыг хүсэж буй оюутан залууст хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.

Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Хамтран зохион байгуулагч: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)

Монгол Улсын Их Сургууль

Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг

Монголын япон хэлний багш нарын холбоо

Дэмжигч байгууллага: Монгол дахь Япон улсын элчин сайдын яам

Оролцогч их сургуулиуд: Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль