Монгол-Японы төвөөс 2022 оны 12 сараас 2023 оны 2 сарын хооронд Шинжлэх ухааны академи дээр “Хүний нөөцийн менежмент” сэдвээр нийт 5 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Монгол Японы төвийн үндэсний сургагч багш, Шин-Хикари ХХК-ийн захирал Д.Дашмаа багш удирдан явуулсан юм.
12 сарын сургалтын хувьд Дашмаа багш “Хүний нөөцийн менежмент яагаад чухал болох, байгууллагын алсын хараа, зорилго зорилт, менежментийн стратеги ба хүний нөөцийн менежментийн стратегийн уялдаа холбооны талаар болон хүний нөөцийн менежментийн үндсэн функцийн ойлголтыг ШУА-ийн хүрээлэнгүүдийн захиралууд, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, хүний нөөцийн ажилчдад өгсөн юм. Мөн сургалтын 2 дахь өдөр МЯТ-д ЖАЙКА-аас томилогдон ажиллаж буй Ерөнхий зөвлөх Оониши Ёшифүми “Байгууллага болон судалгааны байгууллагын хамаарал” “Иновацийн соёлыг хадгалж үлдэх-Байгууллагын соел” гэсэн сэдвээр илтгэл тавьснаараа онцлог байлаа. Оониши зөвлөх Хонда компанид 30 гаруй жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан сургалтаа орсон бөгөөд “Үргэлж баяр баяслыг бий болгодог” Хонда компанийн соёлыг лекцийн үеэр онцлон ярьсан юм.
2 сарын сургалтын хувьд Дашмаа багш “Бүтээмж ба гүйцэтгэлийн менежмент, чадамжийн үнэлгээ болон KPI-ийн тухай ойлголт, байгууллага дахь сургалт хөгжлийн ойлголт”-ыг хүний нөөцийн менежерүүдэд зориулан заалаа. Сургалтын үеэр баг болгон “ажилчдынхаа чадамжийг тодорхойлох”, “байгууллагынхаа ямар асуудлыг нүдэнд харагдахуйц болгох вэ” гэх мэт дасгал ажиллуулж, багаар хэлэлцүүлэг хийлгэсэн суралцагчдад үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Сургалтад 20 орчим хүрээлэнгийн төлөөллүүд хамрагдсан бөгөөд бие биенээсээ суралцан, туршлага солилцож чадсан гэдэгт итгэлтэй байна.
“Олон улсад нэр хүндтэй, өрсөлдөх чадвартай шинжлэх ухаан технологийн үндэсний төв байгууллага байх” зорилготой ШУА-ийн хамт олондоо сургалтаар сурсан зүйлсээ байгууллагадаа хэрэгжүүлж, шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулах их үйлсэд нь амжилт хүсье.