Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН 2022 ОНЫ НАМРЫН ЭЛСЭЛТИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ТАНХИМ ХЭЛБЭРЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДСААР БАЙНА
2022-11-23
Зураг 1. Удирдлагын анги
Зураг 1. Удирдлагын анги

Монгол-Японы төвийн “БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ" Удирдлагын Удирдлагын анги 38 хүн, Менежерийн анги 35 хүны бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж байна. Уг сургалтын “Япон маягийн менежмент”, ”Комплаенс”, ”Стратегийн менежмент”, “Хүний нөөцийн удирдлага” “Санхүүгийн удирдлага” хичээлүүд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Коронагийн нөхцөл байдлын улмаас өнгөрсөн 2 жил цахимаар сургалтууд маань явагдаж байсан ч, энэ намраас Япон багш нар маань Монголд хүрэлцэн ирж танхимаар сургалтуудаа орж байгаа билээ. Багш суралцагчид алсын зайнаас бус танхимын хэлбэрээр хичээллэж байгаа нь сургалтыг илүү үр дүнтэй болгож байна.

Зураг 2. “Хүний нөөцийн удирдлага” сургалтын багш: Добаши Хаяато

Үндсэн сургалтын “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” сургалт нь 10 сарын 17-28-ны өдрүүдэд явагдасан юм. Хичээлийг хүний нөөцийн чиглэлээр 10 гаруй жил консалтингийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай, Японы хүний нөөцийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Добаши Хаяато багш болон Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шин Хикари” ХХК-ийн захирал Д.Дашмаа багш нар удирдан явуулсан юм.

Зураг 3. “САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” сургалтын багш Такэгүчи Ёшихиро

“САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” хичээл нь 11 сарын 17-18 ны өдрүүдэд явагдаж өнгөрсөн бөгөөд тус сургалтаар санхүүгийн тайлан ба санхүүжилт, санхүүгийн дүн шинжилгээ, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт зэрэг агуулгын хүрээнд орж, санхүүгийн удирдлагын мэдлэгийг олгохын зэрэгцээ практикт хэрэгтэй санхүүгийн удирдлагын арга барилыг эзэмшүүлэхийг зорилоо.

Удирдлагын ангийн хичээлийг  санхүүгийн удирдлага чиглэлээр 40 жил ажилласан туршлагатай,Такэгүчи Ёшихиро багш удирдан явууллаа. Сургалтад хамрагдсан суралцагчдаас авсан сургалтын дараах санал асуулгаар багшийн заах арга барил маш сайн, ойлгомжтой, бодит мэдээ мэдээлэл дээр тулгуурласан, шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэхийг зорьсон нь таалагдсан төдийгүй “100% сэтгэл хангалуун” гэсэн маш өндөр үнэлгээг аваад байна.

Харин Менежерийн ангийн “Санхүүгийн удирдлага” хичээлийг Говь хангай мебель компанийн гүйцэтгэх захирал Ц.Баянмөнх багш удирдан явуулаа.

Зураг 4. ”Стратегийн менежмент” сургалтын үеэр

Бизнесийн үндсэн сургалт маань цаашид “Маркетинг”сэдвээр 12 сарын 5-аас 10-ны өдрүүдэд Удирдлагын ангид, 12 сарын 12-оос 16-ны өдрүүдэд Менежерийн ангид тус тус үргэлжлэн явагданаТус сургалтаас суралцсан зүйлсээ өөрсдийн компанидаа хэрэгжүүлэн, Монголын бизнесийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд нь Монгол-Японы төв үргэлж дэмжин ажиллах болно.

Зураг 5. Менежерийн анги

Та бүхэн зах зээлтэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрийн мэдлэг, мэдээллээ тэлэхийг хүсвэл манай сургалтуудад хамрагдаарай. Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.japan-center.edu.mn болон Mojc.business фейсбүүк хуудаснаас авна уу.