Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН 20 ДАХЬ ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-05-17

Монгол-Японы төв нь ЖАЙКА-ийн Бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх төслийн хүрээнд Бизнесийн үндсэн сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг билээ. Тус сургалт нь 2002 онд анх явагдаж эхэлсэн ба өдгөө нийт 1100 гаруй төгсөгчтэй болжээ.

Энэ удаагийн төгсөлтийн арга хэмжээ 5-р сарын 13-нд зохион байгуулагдсан ба Ковид-19-ийн улмаас хойшлогдоод байсан 2020 болон 2021 оны ангиудын төгсөлт нэгэн дор зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа. Төгсөлтийн үйл ажиллагаан дээр Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, МУИС-ийн Бизнес консалтинг төвийн захирал Ө.Гэрэлт-Од, Монгол-Японы төвийн ерөнхий зөвлөх Ониши Ёшифүми, “Монголын Каизэн Холбоо”-ны дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал, “Аравт” бизнесийн нэгдэл ТББ-ийн төлөөлөгч Б.Золжаргал нарын хүндтэй зочид оролцож төгсөгчдөд маань баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн урмын үгээ хайрлалаа.

Зураг 1. Төгсөлтийн үйл ажиллагааг нээж МЯТ-ийн захирал Ц.Даваадорж мэндчилгээ дэвшүүлэв

Зураг 2. ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи мэндчилгээ дэвшүүлэв

Зураг 3. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид

Зураг 4. МЯТ-ийн ерөнхий зөвлөх Ониши Ёшифүми ёслолын хаалтын үгийг хэлж байгаа нь

Бизнесийн үндсэн сургалт нь менежментийн үндсэн функцуудын тухай япон болон монгол арвин пратик туршлагатай багш нараас богино хугацаанд суралцдагаараа давуу талтай. Суралцагчдадаа сурсан зүйлсээ шууд ажил дээрээ хэрэгжүүлэхэд хялбар байх үүднээс практик дасгал ажил, кэйс хэлэлцүүлэг давамгайлсан хэлбэрээр сургалт маань зохион байгуулагддаг. Сургалт “Стратегийн менежмент”, “Хүний нөөцийн удирдлага”, “Маркетинг”, “Санхүүгийн удирдлага” гэсэн 4 үндсэн сэдвээр явагддаг ба удирдлагын ангид нэмэлтээр “Япон маягийн менежмент”, “Конплаенс” сэдвүүд орж байна. Эдгээр сэдэв бүр дээр суралцагчид өөр өөр багт хуваагдаж хоорондоо шинэ санаагаа хуваалцаж, танилын хүрээгээ тэлдэг нь сургалтын өөр нэг давуу тал юм.

Зураг 5. Бизнесийн үндсэн сургалтын 20 дахь төгсөлтийн 2020 оны менежерийн ангийн төгсөгчид

Зураг 6. Бизнесийн үндсэн сургалтын 20 дахь төгсөлтийн 2020 оны удирдлагын ангийн төгсөгчид

Зураг 7. Бизнесийн үндсэн сургалтын 2021 оны Онлайн ангийн төгсөгчид

Зураг 8. Бизнесийн үндсэн сургалтын 2021 оны өвлийн элсэлтийн удирдлагын ангийн төгсөгчид

Төгсөгчид дундаас “Монголын Каизэн Холбоо” болон “Аравт бизнесийн нэгдэл” гэсэн хоёр ТББ төрөн гарж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Төгсөгчид маань энэ мэтчилэн сургалтаар дамжуулан олж авсан мэдлэг, танилын хүрээгээ ашиглан хамтран ажиллаж Монголынхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг харахад таатай байна. Бизнесийн үндсэн сургалтын намрын элсэлтийн бүртгэл 7 сарын сүүлээр эхлэх болно. Дэлгэрэнгүй мэдээлэл манай фэйсбүүк хуудас болон цахим хуудсан дээр тавигдана.

Бизнесийн үндсэн сургалтын төгсөлтийн үеэр хийсэн бичлэгийг доорх холбоосоор ЭНД дарж үзнэ үү.

Бичлэгийг бэлдсэн:  Төгсөгч Э.Бямбасүрэн