Монгол-Японы төвөөс “Санхүүгийн удирдлага” ахисан түвшний сургалтыг 4-р сарын 11-15-ны өдрүүдэд танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Япон улсаас ЖАЙКА-гийн мэргэжилтэн багш Такэгүчи Ёшихиро удирдан явуулсан юм.
Сургалтаар санхүүгийн тайлан, түүний шалгах гол үзүүлэлтүүд болон мөнгөн гүйлгээний менежментийн талаар суралцав. Мөн өртөг тооцох аргачлалын тухай үзэж, бодитоор дасгал ажиллаж онолын мэдлэгээ бататгасан юм. Санхүүгийн шинжилгээг тогтмол хийх нь чухал. Сургалтаар санхүүгийн шинжилгээний ач холбогдол, гарсан үр дүнг хэрхэн тайлж унших талаар орсон нь суралцагчдад их таалагдсан юм. Мөн олон дасгал ажил ажилласан нь суралцагчдын хувьд онолын хичээлээ бататгаж, ойлгоогүй зүйлээ асууж бусдаасаа суралцах боломжийг олгосон үр дүнтэй сургалт болж өндөрлөв.
Суралцагчдаас “Санхүүгийн шинжилгээний талаар суралцсан мэдлэгээ компанидаа хэрэгжүүлээд явна”, “Санхүүгийн удирдлагын тухай цогц ойлголтыг авч чадсан”, “Дасгал ажилласан болохоор илүү үр дүнтэй байсан”, “Цаашид үндсэн болон ахисан түвшний сургалтад хамрагдах хүсэлтэй байна”, “Хичээлийн агуулгыг нэмж, 2 долоо хоногийн сургалт болгохыг хүсэж байна” зэрэг эерэг сэтгэгдлүүд ирсэн юм.
Нийт хамрагдсан суралцагчдадаа сургалтаас олж авсан мэдлэгээ хэрэгжүүлж, ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсье.
Та бүхэн дараагийн сургалтын тухай мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.
https://www.japan-center.mn/as/business/770