2002 оноос зохион байгуулагдаж эхэлсэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготой, компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулсан сургалт нь энэ удаа цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж эхэллээ.
Уг удирдлагын ангийн сургалт нь “Япон маягийн менежмент” сэдвээр эхэлж байгаа бөгөөд сэдэв бүрийг арвин туршлагатай Япон, Монгол багш нар онол, дадлага хослуулан заадгаараа онцлогтой. Энэхүү сургалтаар богино хугацаанд Япон маягийн менежмент, конплаенс, стратегийн менежмент, маркетинг, хүний нөөцийн удирдлага, санхүүгийн удирдлага гэсэн сэдвүүдээр цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга барилд суралцах болно.
Түүнчлэн танхим, цахим хослон явагдаж буй учир хөдөө орон нутгаас оролцох, мөн өөрийн цаг заваа хэмнэх болон төрөл бүрийн салбарт хүчин зүтгэж буй ангийн хамт олонтойгоо нүүр тулан харилцаж, хамтран ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлэх явцдаа шинэ санаа олж авах, танилын хүрээгээ өргөтгөх зэрэг давуу талуудтай билээ.
Монгол-Японы төвийн зүгээс цахим болон танхимын суралцагчиддаа нэгэн ижил түвшинд сургалтаа хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.