2002 онд үүсэн байгуулагдаж, Монголчуудад хэдийнээ танигдсан Монгол-Японы
төв нь энэ онд 15 жилийн ойгоо угтаж байгаа билээ. Тус төв нь 15 жилийн ойн хүрээнд 5 сарын 20-ны өдөр “Японы соёлын өдөрлөг”, 6 сарын 14-ны өдөр Канэко Харүхикогийн вааран урлалын “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийн нээлтийн ёслол зэрэг арга хэмжээг тус тус зохион явуулсан. Мөн 06 сарын 21-ний өдөр хамгийн гол үйл ажиллагаа болох “15 жилийн ойн ёслолын арга хэмжээ”-г зохион байгуулсан юм. Улаанбаатар хотод ойн өмнөх өдөр хур бороотой байсан бол ёслолын арга хэмжээний өдөр тэнгэр цэлмэг цаг агаар таатай сайхан байлаа.
Урьдчилан тус арга хэмжээнд зориулан төвийн хүлээлгийн танхимын шалыг цэвэрлэх их цэвэрлэгээний ажлыг явуулж, Канэко Харүхико багшийн бэлэг болгон өгсөн аз жаргалын цэнхэр ханыг суурилуулснаар таатай уур амьсгалтай орчны дунд зочдоо угтан авч чадсан юм.
Тус өдрийн ёслолын арга хэмжээнд зочноор Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, БСШУСЯ-ны Санхүү, Эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, МУИС-ийн дэд захирал Ч.Ундрам нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Япон Улсаас Жайкагийн үйлдвэрлэлийн хөгжил, нийтийн бодлогын хэлтсийн дэд дарга Кацүмата Сүсүмү хүрэлцэн ирж, баяр хүргэсэн юм.

Хөтөлбөрийн эхний хэсэг их танхимд явагдаж, гурван хүн илтгэл тавьсан юм. Эхлээд Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж “Монгол-Япон төвийн хувь нэмэр” сэдвээр төвийн 15 жилийн амжилт бүтээлийг тайлагнаж, энэ оны 3 сард батлагдсан Жайка-гаас Монгол-Японы төвийг дэмжин ажиллах чиглэлтэй холбогдуулан цаашид хоёр улсын засгийн газар хамтран ажиллаж, Монгол-Японы төвийн үйл ажиллагааг үргэжлүүлэн явуулах шаардлагатай байгааг чухалчлан хэлсэн юм.

Дараа нь төв үүсэн байгуулагдсанаас хойшхи 15 жилийн хугацаанд бизнесийн сургалтыг хариуцан явуулсан Кавагүчи Шиничиро багш “Монгол компаниудын амжилтын хүчин зүйл ба Монгол-Японы төвийн үйл ажиллагаа” сэдвээр Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг тайлбарлан, амжилттай үйл ажиллагаа явуулж буй компаниудын хүчин зүйлийг “Компанийн нийгмийн хариуцлага болон эрсдэлийн удирдлага, бизнес загварын шинэчлэл” –ийн хандлагын ялгааны талаар анализ хийн, илтгэл тавьсан юм.

Үргэлжлүүлээд Монголын Япон Хэлний Багш нарын Холбооны дэд тэргүүн Пүрэвсүрэн багш “Монгол улс дахь япон хэлний боловсролын түүхэн тойм ба өнөөгийн байдал” сэдвээр Монголын япон хэлний боловсролын түүхийг таван үе шатаар тайлбарлаж, хүний нөөцийн хөгжил болон боловсролын орчин дахь цаашдын япон хэлний сургалтын асуудлын талаар илтгэл тавьсан юм. Ингээд хүндэтгэлийн хуралын дараа шагнал гардуулах ёслолын арга хэмжээ явагдсан бөгаад Монгол-Японы төвийн анхны захирал, Монгол дахь Жайка-гийн төлөөлөгчийн газрын захирлаар тус тус ажиллаж байсан Шикама Касо нь найрамдал одонгоор шагнагдсаныг уламжилж, ХХААХҮЯ, МУИС, МЗХ зэрэг газруудын шагналыг төвийн ажилчдад гардуулсан юм. Мөн төвийн зүгээс олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдаа шагнасан юм.

Түүний дараа МУИС-ын дэд захирал Ч.Ундрам МУИС-ын сургалтын уриаг монгол бичгээр бичсэн дурсгалын зүйлийг гардууллаа.

Түүнчлэн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим, Кайзэн Холбоо зэрэг хамтран ажилладаг байгууллагуудаас Монгол-Японы төвтэй цаашид байнга хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, талархлын бичиг дурсгалын бэлэг гардуулсан юм.

Хөтөлбөрийн дараагийн хэсэг хүлээлгийн танхимд үргэлжилж, хүндэтгэлийн зоог, Монгол-Япон хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээнүүд явагдлаа. Тоглолтонд монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож, монгол ардын хөгжим, дуу, японы анимен дуу, бүжиг зэргийг толилуулж ирсэн зочдыг хөгжөөсөн юм. Мөн төвд өмнө ажиллаж байсан Жайка, Япон сангийн мэргэжилтэн нараас ирүүлсэн мэндчилгээ бүхий бичлэгийг хүлээлгийн танхимд гаргасан юм.

Энэ удаагийн ёслолын арга хэмжээнд Япон улсаас хүрэлцэн ирсэн Жайка-гийн өмнөх мэргэжилтэн, Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яам болон Монголын засгийн газрын холбогдох хүмүүс, Жайка-гийн холбогдох хүмүүс, японы компаниудын төлөөлөл, монголын үндэсний сургагч багш, орчуулагч зэрэг 130-аад хүн хүрэлцэн ирж таатай сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Мөн тус ёслолын арга хэмжээнд зориулан бизнесийн сургалт төгсөгч байгууллагуудаас мөнгөн болон бүтээгдэхүүн үйлчилгээгээр хандив өргөснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.