МЭДЭЭЛЭЛ
“ЯПОНЫ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2017-06-02

“Японы соёлын өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа

2017 оны 5-р сарын 20-ны Бямба гарагт, Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Японы соёлын өдөрлөг” өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Монголчууд “Хаврын тэнгэр хартай” гэж ярьдаг. “Японы соёлын өдөрлөг” болох 5-р сарын 20-ны Бямба гарагийн өглөө цаг агаар сэрүүсч, бороо шиврэн орж, мөн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний өдөртэй давхацсан тул төвийн ойролцоох замууд бүгд хаагдсан зэрэг олон шалтгаанууд давхцан, төвийн ажилтнууд бүгд сэтгэл зовинон байлаа. Гэвч үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, албан ёсны дүнгээр 1850 хүн, албан бус дүнгээр 2000 гаран хүн үйл ажиллагаанд оролцсон гэсэн дүн гарсан юм. 3 жилийн өмнө буюу 2014 онд зохион байгуулагдсан өдөрлөгт 1500-аад хүн хүрэлцэн ирсэн байдаг. Дээрх нөхцөл байдлыг төвөгшөөлгүйгээр, өмнөх арга хэмжээг хол давсан хүн хүрэлцэн ирсэн нь Монголчуудын япон орныг хэр зэрэг сонирхдог болохыг харуулж байна.

Арга хэмжээ 11 цагаас нээлтийн үйл ажиллагаагаар эхэлж, тус төвийн захирал Ц.Даваадорж мэндчилгээ дэвшүүлсний дараа уригдан ирсэн зочдоос Япон улсын элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсийн дарга Ямамото Кэиго, Монгол дахь Япончуудын холбооны гишүүн, Монгол-Японы худалдаа аж үйлдвэрийн тэнхимын тэргүүн Анракү Тэцүо, МУИС-ийн захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Зочид төлөөлөгчдийн мэндчилгээний дараа 18-р сургууль, 23-р сургууль, “Монгени” цогцолбор сургуулийн авъяаслаг сурагчид япон дуу, бүжгийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэн олныг хөгжөөлөө.     

 “Японы соёлын өдөрлөг”-ийн хөтөлбөрөөс дурдвал, тус төвийн сургалтын танхимуудад “Япон орныг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын АХА тэмцээн, Япон дууны тэмцээн болон “Японы уламжлалт соёл”-той танилцах хичээлүүд, төвийн гадна талбайд анимэ, манга, косплэй, кэндама, япон тоглоом зэрэг японы поп соёлын танилцуулах булангууд ажилласнаас гадна төвийн хүлээн авах танхимд “Миний мэдэх Япон төв” зохион бичлэгийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн, “Хамтдаа өнгөрүүлсэн 15 жил” фото зургийн үзэсгэлэнгүүд тавигдсан юм. Түүнчлэн япон хоолны ресторануудтай хамтран, япон баярын уур амьсгалыг мэдрүүлсэн тайяки, якисоба зэрэг япон хоолны мухлагуудыг ажиллуулсан нь өдөрлөгт хүрэлцэн ирсэн олныг хөгжөөж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх таатай нөхцөл болж чадлаа. 

Эцэст нь энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Японы элчин сайдын Яам, Монгол дахь Япончуудын холбоо, Монгол-Японы хамтарсан компаниуд болон арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт оролцогчиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Япон соёлын танилцуулах хичээл, булангуудад хамрагдахыг хүссэн хүмүүсийн тоо төлөвлөж байснаас илүү гарч, эрэлт өндөртэй байлаа. 10 гаруй сайн дурынхны хүч дэмжлэгтэйгээр хүрэлцэн ирсэн олон, цагийг хөгжилтэй өнгөрүүлж чадлаа.


Зураг-1: Гадна талбайд Японы уламжлалт тоглоом найдгай болох дамар, кэндамагаар тоглож буй хүмүүс


Зураг-2: Бийрэн бичлэг, Фүрошики буюу японы баглаа боодлын соёлоос танилцуулах хичээлүүд зохион байгуулагдав.


Зураг-3: Косплэй сонирхогч залуучууд зургаа татуулав.


Зураг-4: 18-р сургуулийн сурагчдын “Ёсакои сооран бүжиг


Зураг-5: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн хамт олон.

“Хүрэлцэн ирсэнд Баярлалаа!”