МЭДЭЭЛЭЛ
Элчин сайд Такаока Монгол-Японы төвтэй танилцлаа
2017-01-25
2017 оны 1 дүгээр сарын 16-ны даваа гарагт Япон Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Такаока Сатоши Монгол-Японы төвийн үйл ажиллагаатай танилцах айлчлал хийлээ. Ц.Даваадорж захирал төвийн үйл ажиллагааг танилцуулж, 2017 онд хийхээр төлөвлөж буй 15 жилийн ойн арга хэмжээний талаар тайлбарлалаа. Элчин сайд Такаока энэ жил Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй учраас энэхүү хоёр ойн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд төвийн хувьд энэхүү саналыг баяртайгаар хүлээн авлаа. Элчин сайд Такаока төвийн үйл ажиллагааны талаар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлээд, эрэлт хэрэгцээ өндөртэй бизнесийн сургалтууд, япон хэлний сургалтын онцлог, үйл ажиллагааны орлогын эх үүсвэрийн талаар асууж тодруулан, Даваадорж захирал, холбогдох мэргэжилтнүүдээс хариулт авсан юм.
Түүний дараа, япон хэлний сургалт болон бизнесийн сургалтын явцтай танилцлаа.
Япон төв нь 15 жилийн ойгоо тохиолдуулан дурсгалын зургийн цомог бэлтгэж, хүндэт зочдын айлчлалын үеэр сэтгэгдлийг нь бичүүлж дурсамж болгон хадгалахаар болсонтой холбогдуулан элчин сайд төвийн нийт хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсч буйгаа цомогт бичиж үлдээлээ. Тус төвийн үйл ажиллагаа нь монгол, япон хүмүүсийн ойлголт, дэмжлэгт тулгуурлаж байдаг тул энэ удаагийн Такаока сайдын айлчлал төвийн хувьд өндөр ач холбогдол бүхий үйл явдал байлаа.