МЭДЭЭЛЭЛ
-Тэр нэгэн өдрийг эргэн дурсацгаая-
2015-03-14
Монголын залууст нэгийг бодогдуулсан “Японы Зүүн Хойд бүс нутгийн гамшиг”
 

Одоогоос 4 жилийн өмнө буюу 3-р сарын 11-ний өдөр Японы Зүүн хойд бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас их хэмжээний Цүнами үүсэж, олон мянган хүн эрдэнэт амь насаа алдаж, барилга байгууламж, хот сүйрч үгүй болон, Японы ард түмэнд нөхөж баршгүй гарз хохирол хийгээд уй гашуудал тохиосныг бид бүхэн мартаагүй. Ингээд энэхүү өдрийг хамтдаа эргэн дурсахын хамт байгалийн гамшиг гэгч юу болох, гамшигт нэрвэгдсэн хүмүүс амьдралынхаа төлөө хэрхэн тэмцэж, ирээдүйгээ цогцлоон бүтээхээр шамдан хөдөлмөрлөж байгааг хүүхэд залуустаа хүргэхийг зорин, 3-р сарын 11-ний өдөр үдээс хойш, “Өнөөдрөө хайрлая” баримтат киног гаргасан билээ.  
    Уг киног бүтээсэн Канно Юүка маань гамшигт өртсөн бүс нутгуудын нэг болох Иватэ мужийн РикүзэнТаката хотын уугуул иргэн хийгээд улмаар Яманаши хотын их сургуульд сурч байхад төрөлх хот нь гамшигт өртсөн аж. Канно гамшиг болохоос өмнө янз бүрийн сайн дурын үйл ажиллагаанд оролцож байсан нь тус баримтат киног бүтээхэд хүргэсэн байна. Одоо тэрбээр  Иватэ муждаа сурвалжлагчаар ажиллаж байна. 
    Кино эхлэхийн өмнө нийт гамшигт өртөж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгал болоод гамшгийн үеэр чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн Монголын нийт ард түмэнд талархсан сэтгэлийн илэрхийлэл, улмаар хоёр орны андын барилдлага улам батжин бэхжихийг ерөөхийн зэрэгцээ, бүх оролцогчдын хамт 1 минутын эмгэнэл илэрхийллээ. Дараа нь кино бүтээгчийн талаар товч танилцуулснаар киног гаргасан. Нийт 58 хүн оролцсон уг кино өдөрлөг маань ийнхүү гамшгийг даван туулах “NHK” телевизийн уриа дуу болох “Цэцэг дэлгэрнэ” дуугаар өндөрлөлөө.   
  Юуны өмнө энэхүү киног гаргахад гүн туслалцаа үзүүлсэн Канно болон Токиогийн Олон улс судлалын их сургуулийн дэд профессор багш Сүзүки Мика, Америкийн “PURDUE” их сургуулийн профессор багш Хатаса Казүми болон дэмжин ажилласан бүх хүмүүст талархлаа илэрхийлье. 
    Мөн энэхүү боломжийг ашиглан, бидний ажлыг дэмжиж, кинонд дуу оруулж өгсөн жүжигчин Оюун болон үйл ажиллагаанд маань идэвхитэй оролцсон “Мандах” их сургуулийн багш оюутнууд, хүрэлцэн ирсэн нийт хүмүүстээ чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлж байна. 
  Хүнд бэрхшээл зовлонг амссан хэдий ч урагш тэмүүлэн, даван туулж буй гамшигт өртөгсдийн тэр л дүр төрхийг харахад, бахархах сэтгэл төрөхийн хамт тэднээс сурах их зүйл байгааг мэдэрлээ.