МЭДЭЭЛЭЛ
Хөдөлмөрийн Яамны Жижиг, Дунд Үйлдвэрийн Хөгжлийн Газрын мэргэжилтэнүүдийг чадавхижуулах сургалт явагдлаа
2014-07-03

2014 оны 5-р сард Хөдөлмөрийн Яамны Жижиг Дунд Үйлдвэрийн Хөгжлийн Газар болон Монгол-Японы Төв нь хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Энхүү санамж бичгийн хүрээнд ЖДҮХГ-ын мэргэжилтэнүүдийг чадавхижуулах сургалт семинарыг зохион байгуулж бусад орны туршлагаас суралцах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хамтын ажиллагааны эхлэл болгон 2014 оны 6-р сарын 27-нд Хөдөлмөрийн Яамны Жижиг, Дунд Үйлдвэрийн Хөгжлийн Газрын мэргэжилтэнүүдийг чадавхижуулах сургалтыг “Менежментийн стратеги” болон “KPI-д суурилсан байгууллагын гүйцэтгэлийн удирдлага” сэдвээр зохион явууллаа.

Сургалтын агуулгын хувьд өнгөрсөн жил зохион байгуулсан Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын удирдлагуудад зориулсан сургалтын агуулгатай адилхан байлаа. Үдээс өмнө нийт компаний түвшний зорилго, зорилт (алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, урт дунд богино хугацааны зорилго, зорилт зэрэг) –ыг тодорхойлох аргачлал болон бизнесийн орчны шинжилгээ (гадаад орчны макро шинжилгээ, гадаад орчны микро шинжилгээ, дотоод орчны микро шинжилгээ)-ний талаар лекц хичээл орж, багаар дасгал ажиллан мэдлэгээ бататгалаа.

 Үдээс хойш SWOT/Cross-SWOT шинжилгээ ашиглан 4 байр сууринаас менежментийн стратеги (санхүүгийн стратеги, хэрэглэгч, зах зээлийн стратеги, бизнес процессын стратеги, өсөлт хөгжил, хүний нөөцийн стратеги ) болон KPI-ийг тодорхойлох талаар лекц хичээл орж, багаар дасгал ажиллан мэдлэгээ бататгалаа. Сургалтын төгсгөлд менежментийн стратеги боловсруулахад шаардлагатай байгууллагын бүтцийн зураглал загварчлах аргачлалын талаар танилцуулсан.

 Эдгээр сургалтын агуулгууд Хөдөлмөрийн Яамны Жижиг, Дунд Үйлдвэрийн Хөгжлийн Газрын хэрэгжүүлж буй Жижиг, Дунд Үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд тус нэмэр болно гэдэгт итгэж байна.