Сар бүрийн мэдээлэл
2014 оны 6-р сарын мэдээлэл
2014-06-05
Япон залуусын соёлыг танилцуулах сургалт-5 “Гоёл чимэглэлийн урлаг”
4 сарын 26-ны өдөр 5 дахь удаагийн Японы залуусын соёлыг танилцуулах сургалт “Гоёл чимэглэлийн урлаг” сэдвээр амжилттай зохион байгуулагдсанба зочин багшаар япон хэлний цагийн багш Икома Каорү оролцлоо. Гоёл чимэглэлийн урлаг нь сүүлийн арван жилийн хугацаанд, ялангуяа япон залуучууд болон эмэгтэйчүүдийн дунд дэлгэрч байгаа гар урлалын нэг төрөл бөгөөд энэхүү сургалтанд оролцогчид бүгд эмэгтэй байсан нь тийм ч гайхаад байх зүйл биш юм.
Эхний хэсэгт эвхэгддэг толин дээр өөрийн нэрний эхний үсгийг бичиж дасгал хийсний дараа өөрийн авч ирсэн зүйл (гар утасны гэр, энгэсэгний сав, бал, зургийн аппарат)-ийг маш гоёмсог чимэглэлээ. Өөрийн сэтгэмжээ ашиглан дэлхийд цор ганц эд зүйлтэй болох гэсэн хүсэл нь ялангуяа эмэгтэйчүүдийн хэрэгцээ бөгөөд тэрхүү хэрэгцээнд нь бага ч гэсэн нийцсэн сургалт болж чадсан болов уу гэсэн бодол оролцогчдын байдлаас харагдаж байлаа.
Эхний хэсэгт эвхэгддэг толин дээр өөрийн нэрний эхний үсгийг бичиж дасгал хийсний дараа өөрийн авч ирсэн зүйл (гар утасны гэр, энгэсэгний сав, бал, зургийн аппарат)-ийг маш гоёмсог чимэглэлээ. Өөрийн сэтгэмжээ ашиглан дэлхийд цор ганц эд зүйлтэй болох гэсэн хүсэл нь ялангуяа эмэгтэйчүүдийн хэрэгцээ бөгөөд тэрхүү хэрэгцээнд нь бага ч гэсэн нийцсэн сургалт болж чадсан болов уу гэсэн бодол оролцогчдын байдлаас харагдаж байлаа.
Бүгд маш идэвхитэйгээр шинэ санаа бодож олж, өөрийн эд зүйлийг чимэглэж, хоорондоо ч ярих завгүй төвлөрч маш их хичээж байсан нь эд зүйлээ шилдэг болгох хүсэлтэй байсан болоод тэр болов уу.
Сургалтын төгсгөлд Икома багш болон япон хэлний тасгийн ажилтнууд ярилцаад шилдэг бүтээлүүдэд гарын бэлэг гардууллаа. Шалгарсан бүтээлүүд бүгд маш өвөрмөц шинэлэг санаатай байсан бөгөөд маш мэдрэмжтэй сэтгэж чимэглэжээ.
Энэ удаагийн сургалтын сэдэв болон агуулга нь залуусын хэрэгцээнд нийцсэн байсан боловч, дараагийн удаа зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй залуучууд ч хамрагдаж болохоор соёлыг танилцуулах сургалтыг явуулахаар төлөвлөж байна.
“Японы соёлын өдөрлөг” зохион байгуулагдлаа.
Японы соёлыг танилцуулах, япон хэл суралцагчдад япон хүмүүстэй танилцах боломж олгох, хоёр орны иргэд хоорондын соёлын харилцааны орчныг бүрдүүлэх зорилгоор Япон сангийн япон хэл, соёлын сургалтын нэг хэсэг болгож “Японы соёлын өдөрлөг”-ийг 5 сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Өмнөх өдрүүдийн цаг агаарын мэдээгээр бүрхэг, бороотой өдөр болно хэмээн зарлаж байсан ч тухайн өдөр тэнгэр цэлмэж, дулаахан сайхан өдөр болсон. Гаднах талбайд булан бүрт зориулан, майхан босгож, төвийн хүлээлгийн танхимд “Миний мэдэх Япон орон” сэдэвт Цаасан нугалбарын уралдааны бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд их танхимд Нээлтийн арга хэмжээ эхэлсэн билээ. Япон Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шимизү мэндчилгээ дэвшүүлсний дараа Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж нээлтийн арга хэмжээнд зориулан үг хэллээ. Түүний дараа арга хэмжээ Монгени дунд сургуулийн сурагчдын дуут мэндчилгээ болон “Манжин” жүжигчилсэн тоглолт, Монголын Кэндама сонирхогчдын холбооны хүүхдүүдийн үзүүлбэрээр үргэлжлэв. Үзэгчдийн суудлаас дүүрэн алга ташилт сонсогдож байлаа. Арга хэмжээний төгсгөлд цаасан нугалбарын уралдааны шагнал гардуулж, нийт 266 оролцогчдоос шалгарсан 6 хүүхэд өргөмжлөл, үнэ бүхий зүйлээ гардан авсан юм.
Нээлтийн арга хэмжээ дууссанаар төвийн гаднах талбайна үйл ажиллагаанууд эхэлсэн. Хүлээлгийн танхимд 3 булан ажиллаж байв. Уран бичлэгийн буланд өөрсдөө бийрээр үсэг бичиж үзэх, өөрийн нэр, дуртай үгээ япон хүнээр бичүүлж байлаа. Ар араасаа эгнэн зогссон хүмүүсийн цуваа үргэлжилж, 280 гаруй хүн өөрсдөө бийрээр үсэг бичиж, багшаар бичүүлж авсан цаасаа авч харьцгаасан юм. Хүлээлгийн танхимын татами дээр цайны ёслолын үрасэнкё урсгалын үзүүлбэр, тайлбар явагдсаны дараа тусгайлан бэлтгэсэн цай болон амттаныг зочдод барив. 100 гаруй хүн дээрх цайнаас таашаан амталсан байна. Цайны амталгааны буланд япон цайгаар үйлчилсэн билээ. Багахан хэмжээтэй хэдий ч бүгд амтархан ууж байв. 900 орчим аяга бэлтгэсэн ч цагаасаа өмнө дуусахаар эрэлт ихтэй байсан юм.
Их танхимд монголчуудын дунд хэдийнээ танил болсон АХА тэмцээний хэлбэрээр “Япон орныг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээнийг мөн, Японы Эн Эйч Кэй телевизийн “Бүтэн сайн өдрийн дууны тэмцээн”-тэй төстэй байдлаар дуулахын зэрэгцээ хонх дуугарч тэнцсэн эсэхийг мэдэгдэх хэлбэрээр “Сакүра, Ирээдүй өөд” зэрэг японы Ж-поп урсгалын дуунуудыг дуулах Караокэ тэмцээн болов. Оролцогчид танхим дүүрэн үзэгчдийн өмнө гарч, урьдчилан бэлтгэсэн дуугаа ээлж дараалан дуулж байв. Үзэгчид болон оролцогчдын хувьд энэ тэмцээн нь Япон орны талаарх мэдлэгээ улам нэмэгдүүлэн, япон дууг сонсон таашаах сайхан боломжийг олгосон гэж бодож байна.
Гадна талбай дахь үйл ажиллагаанууд ч дүүрэн хүнтэй байлаа. Юката өмсөн, зургаа авахуулах буланд олон хүний дараалал үүсэж, дотор хэсэгт зассан самбар хүртэл нурсан гээд хүмүүсийн дунд хамгийн их эрэлттэй булангийн нэг болж чадсан юм. Угтаа энэ нь зочинд юката өмсүүлж, дурсгалын зураг авахуулах булан байсан хэдий ч, зарим нэг нь юкатагаа өмссөн чигтээ бусад булангуудаар тойрч, нэлээд удах тохиолдол ч гарсан юм. Гоёл чимэглэлийн булан нь хүлээлгийн тасалбараар үйлчилсэн бөгөөд япон багшийн заавраар чин сэтгэлээсээ чимэглэж байгаа хүүхдүүдийг харахад сайхан сэтгэгдэл төрж байлаа. Япон тоглоомын буландаа ёо-ёоцүри (хийлсэн бөмбөг дэгээдэх), комамаваши (дамарт эрчигнүүр), кэндама, отэдама зэрэг тоглоом наадгайг бэлтгэсэн юм. Монгол дахь Япончуудын нийгэмлэгийн гишүүдийн өглөөнөөс эхэлж бэлтгэсэн 200 ширхэг ёо-ёо (хийлсэн бөмбөг) нүд ирмэхийн зуур дуусч, оронд нь резинен бөмбөг дэгээдэх тоглоом болж өөрчлөгдөв. Хөл хөгжөөн ихтэй байснаас энэ тоглоом ч ялгаагүй удалгүй дууссан юм. Бяцхан жаалууд дамарт эрчигнүүрийн оосрыг хэрхэн хуйлах болон яаж шидэх зэргийг япон хүмүүсээр заалган, хичээнгүйлэн туршиж үзэцгээж байв. Тун эвлэгхэн оролдож буй тэднийг ойр тойрных нь хүмүүс дэмжин баяр хүргэн, алга ташина. Монголын Кэндама сонирхогчдын холбооны хүүхдүүд, багш хүрэлцэн ирж, хүүхэд багачуудтай хамт кэндамагаар хөгжилдөцгөөн тоглосон юм.
Япон хоолны буланг японы баярын үеэр бэлтгэдэг “якисоба”-г раамэнгийн ресторан, мөн японыг төлөөлөх хоол болох “онигири”-г японы алдартай кошихикари будааг Монголд нийлүүлж буй компаний хүмүүс тус тус хариуцан ажилласан юм. Тэд жинхэнэ мэргэжлийн хүний үүднээс бэлтгэсэн хоолоор үйлчилсэн бөгөөд аль аль нь туйлын эрэлттэй байв. Косплей буланд Япон соёлыг сонирхогчдын холбооны охид зочид буудлын үйлчлэгчийн хувцас, юката өмсөн гангарч, баярт өнгө нэмсэн билээ. Манга клубын гишүүд манга буландаа үйлчлүүлэгчдийн хөрөг зургийг зурж өгч үйлчилсэн бөгөөд энэхүү хэсэг хүнээр тасраагүй юм. Нагоя их сургуулийн булангийнхан ногоон цайгаар хийсэн жигнэмэг, ногоон цайны латтегаар үйлчлэв. Энд ч ялгаагүй хүний хөлөөр тасрахгүй байсан бөгөөд бүтээгдэхүүн агшин зуур зарагдаж дууссан юм.
Харин хамгийн урт дараалал үүсгэсэн газар бол хаалганд ойр байрлах танилцуулга булан байв. Бүх булангаар үйлчлүүлэн, тамга даруулснаар хожих боломжтой сугалааны хэсэг, тус төвөөс эрхлэн гаргасан радио хичээлийн сурах бичиг, CD болон бизнес тасгийн “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх тайлан”-гийн эмхэтгэл худалдаалах, анкет хураах зэрэг ажлыг энэхүү буланд нэгтгэн хийсэн бөгөөд тэр дундаа сугалаа сугалахыг хүссэн хүүхдүүдийн хөлд дарагдан завгүй өнгөрсөн юм. Өдөрлөгийн танилцуулах материалын арын хэсэгт тамга даруулах хэсэг байсан бөгөөд урьдчилан бэлтгэсэн танилцуулга хэдийнээ дуусаж, дахин хувилж тараахад хүрсэн билээ. Ерөнхийдөө бидний төлөвлөж байснаас илүү хүн ирсэн учраас сугалааны эд зүйлс ч дууссан. Хариуцсан ажилтнууд маань өдрийн турш амсхийх завгүй үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан юм.
Энэхүү арга хэмжээнийхээ төгсгөлд “Дораэмон но ондо” бон-одори бүжиг бүжиглэхээр болоход олны өмнө гарахаас санаа зовсон хүмүүс байсан хэдий ч зарим нь тойрог хэлбэр үүсгэн баяр хөөртэйгөөр бүжиглэцгээсэн юм. Эцэст нь Монгол дахь Япончуудын нийгэмлэгийн дарга 3,3,7 удаа алга таших заншлаар энэхүү өдөрлөгийн арга хэмжээ өндөрлүүлсэн билээ. Нарлаг дулаахан, цэлмэг өдөр манай арга хэмжээнд их олон хүн хүрэлцэн ирсэн юм. Япончуудын нийгэмлэгийн гишүүд үйл ажиллагаа бүрт тусалж, хамтран ажилласан билээ. Бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Японы Элчин Сайдын Яам болон Монгол дахь Япончуудын нийгэмлэгийн гишүүдэд талархснаа илэрхийлж байна.
Төвийн ажилчнууд, сайн дурынхан, монгол, япон хүмүүс хүчээ нэгтгэн ажилласан явдал их туршлага боллоо. Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн япон хэл суралцагсад, Япон орныг сонирхдог та бүхнийг цаашдаа хоёр орныг холбох мэргэжилтнүүд болж өсөн, хоёр орны харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.