МЭДЭЭЛЭЛ
"НАГАОКАГИЙН САЛЮТЫН БАЯР"
14 цаг 22 мин

     Сайн байна уу, намайг  Комүро Масато гэдэг. Би Тоёо их сургуулийн 2-р курст сурдаг япон оюутан байна. Монгол-Японы төвийн Номын сан, хамтын ажиллагааны тасагт 2 долоо хоног дадлага хийж байгаа билээ.

      Өнөөдөр та бүхэнд Японы зуны улиралд болдог нэгэн алдартай салютын баярын тухай нийтлэл бичсэнээ танилцуулж байна. Энэ бол “Нагаока салютын баяр”. Албан ёсны нэр нь “Нагаокагийн салютын их наадам” бөгөөд жил бүрийн 8-р сарын 2, 3-нд Японы Нийгата мужийн Нагаока хотод зохион байгуулагддаг. Энэхүү салютын баяр нь Японы алдартай гурван том салютын баярын нэгт тооцогддог.

     Нагаокагийн салютын баяр нь анх 1879 онд зохион байгуулагдсан ба орон нутгийн баяраар нутгийн иргэд нийлж мөнгө босгон 350 ширхэг салют буудуулснаар анх эхлэл нь тавигджээ. Тэр цагаас хойш жил бүр зохион байгуулагдсаар ирсэн ба зөвхөн 1938 онд л дайнтай холбоотойгоор түр зогсож байжээ.

     Харин одоогийн Нагаокагийн салютын их наадам зохион байгуулагдах болсон шалтгаан нь 1945 оны 8-р сарын 1-ний орой болсон эмгэнэлт явдалтай холбоотой билээ. Тэр шөнө Америкийн бөмбөгдөгч онгоцнууд Нагаока хотыг 1 цаг 40 минутын турш агаараас дайрч бөмбөгдсөн ба үүний улмаас хотын төвийн ихэнх хэсэг шатаж, ойролцоогоор 1500 орчим иргэд амь насаа алджээ.

      Дараа жил нь буюу 1946 оны 8-р сарын 1-нд Нагаокагийн сэргэн мандалтыг бэлгэдсэн баярзохиогдсон нь өнөөгийн Нагаока их наадмын эхлэл болсон юм. Энэхүү баяраар амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ, хотын иргэд нэгдэн хотоо дахин сэргээх зорилгыг бэлгэджээ.

Нагаока салютын баярын хамгийн гол хоёр үзүүштэй хэсэг бол:

  1. “Шоосанжякүдама” (正三尺玉) гэх салют юм. Энэ нь дэлбэрэх үедээ 3 шакү буюу 90.9 см-ийн диаметртэй тойрог үүсгэдэг асар том салютыг хэлэх ба Японы хамгийн том салютын нэг юм.

    2. Финекс сэргэн мандалтын салют (復興花火フェニックス)   2004 онд Нийгата мужид томоохон газар хөдлөлт болж, аялал жуулчлал зэрэг олон салбарт хүндээр тусжээ. Тухайн үед хэцүү байдалд орж, зовж шаналсан хүмүүст багахан ч гэсэн сэтгэлийн дэм, урам зориг өгөх зорилгоор 2005 оноос эхлэн энэхүү салютыг бууддаг болжээ. Финекс салютыг одоо ч гэсэн тохиолддог газар хөдлөлт, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм өгөх зорилгоор бууддаг уламжлалтай.

  2. Мөн үүнээс гадна гүүрнээс доошоо урсаж буй мэт харагддаг "Ниагара" салют, мөн телевизийн алдарт цувралд зориулсан "Тэнчижин" 天地人花火зэрэг олон төрлийн салют байдаг.

    Жил бүр Нагаока салютын баярыг үзэхээр зөвхөн Нийгата муж төдийгүй Японы өнцөг булан бүрээс гадаадаас ч олон сая хүмүүс ирдэг. Жишээлбэл, ковидын өмнөх жил болох 2019 онд нийт 1 сая 80 мянган хүн ирсэн нь дээд амжилт байв. Манай ээж жил бүр очихоор аялал захиалдаг ба ээжийн яриагаар “Аяллын багц зарлагдаж гарахтай зэрэгцэн шууд зарагдчихдаг”, “Зочид буудал хэт их захиалгатай тул зөвхөн тэр өдөрт зориулсан сугалаагаар шийднэ” гэсэн тохиолдол ч байдаг байна.

    Би ч мөн бараг жил бүр энэ баярыг очиж үздэг ч гэлээ хэдэн ч удаа үзсэн огт уйдахааргүй үнэхээр гайхалтай салютын баяр болдог. Сүүлийн үед Японы зун хэт халдаг болсон хэдий ч Нагаока салютыг амьдралдаа ганц удаа ч болов заавал үзэхийг зөвлөж байна.