Өнөөдрийн нийтлэлээрээ 1536 оноос 1643 оны хооронд амьдарч байсан Тэнкай их хамбын урт наслах 5 сургаалыг орчуулан хүргэж байна.
Тэндай буддын шашны алдарт их хамба Тэнкай нь иргэний дайны үеийн төгсгөлөөс эдогийн эхэн үе хүртэл төв засгийн газарт идэвхтэй ажиллаж байжээ. Тэрээр Айзү нутгийг захирч байсан Ашина угсаанаас гаралтай бөгөөд Такэда Шингэн, Токугава Иэясү, Токугава Хидэтада, Токугава Иэмицү нарт зааж, зөвлөж явсан байна. Ялангуяа Токугава овгийн гурван үеийн засаглалын үед улс төр, шашны чухал түшиг тулгуур нь болж байсан хүн юм. Өөрөөр хэлбэл гурван үеийн засаглалд оролцож, 250 гаруй жил үргэлжилсэн Эдогийн засгийн газрын суурийг тавьсан байна. Түүнийг 108 насандаа таалал төгссөний дараа алдар гавьяаг үнэлэн эзэн хааны ордноос "Жиган даший"хэмээх цолыг нөхөн хүртээжээ. Дундаж наслалт 30 байсан тэр үед тэрээр 108 насалсан ба урт наслах таван зөвлөгөөгөө бидэнд үлдээжээ.
Сэтгэлээ уужуу байлга
→ Сэтгэлээ уужим байлгаж, аливаа зүйлд сандралгүй, тайван хүлээцтэй хандах.
Үүргээ тууштай биелүүл
→ Өөрийн үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, шаргуу хөдөлмөрлөх.
Гадаад өнгөнд бүү авт
→ Гаднах үзэмж, хэт гял цал байдлыг бус, даруу төлөв зан чанарыг эрхэмлэх.
Энгийн хооллож бай
→ Тансаг хэрэглээг тэвчиж, илүү дутууг идэж уухгүй, энгийн амьдралын хэв маягийг баримтлах.
Энэрэх сэтгэлтэй бай
→ Бусдыг хүлээн зөвшөөрч, өршөөнгүй, энэрэнгүй байх.