Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвөөс зохион байгуулдаг “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх оношлогоо, зааварчилгааны хөтөлбөр”-ийн 4-р үе шат дууссантай холбоотой үр дүнг тайлагнах тайлангийн хурал 2014 оны 1-р сарын 18-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тайлангийн хурал дээр нийт компаниудаас хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан, сургалтаас олж авсан мэдлэг, үр дүн, бодит ололт амжилт, хөтөлбөрийн агуулгатай холбогдуулан цаашид компаний үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар тус тус тайлан тавьж үр дүнгээ хэлэлцэв.
Өнгөрсөн жил уг хөтөлбөрт “АПУ Трейдинг” ХХК, “Мера” ХХК, “Төрийн банк”, “Макс Хүнс” ХХК, “Эс девелопмент” ХХК зэрэг нийт 5 аж ахуйн нэгж хамрагдсан. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд богино, дунд, урт хугацааны бизнесийн зорилго, зорилтыг тодорхойлох түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой стратеги төлөвлөгөөг боловсруулах, стратеги төлөвлөгөөтэй уялдсан нийт компаний түвшний болон хэлтэс, тасаг, хувь хүний KPI-ийг тодорхойлсон. Мөн хүний нөөцийн удирдлага, сургалт хөгжлийн цогц системийг бий болгох, цалин урамшууллын оновчтой системийг бүрдүүлэх, гүйцэтгэлийн удирдлага болон чадамжийн удирдлагыг нэвтрүүлэх, чадамжийн толь боловсруулах зэрэгт чиглэсэн оношлогоо зааварчилгааг голлон хэрэгжүүлсэн юм.
Мөн ажлын байран дээрх сургалтыг төлөөлж “Нэкст Электроникс” ХХК урилгаар хүрэлцэн ирж сургалтынхаа үр дүнгийн талаар тайлан тавив. Тайлангийн хуралд нийт 100 гаран хүн хүрэлцэн ирж, сонирхсон асуултандаа хариулт авахын зэрэгцээ загвар аж ахуйн нэгжийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар асууж лавлаж байв. Энэ жилийн загвар компаний хөтөлбөрийн бүртгэлийг 2014 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.