Сар бүрийн мэдээлэл
2013 оны 12-р сарын мэдээлэл
2013-12-12
19 дэх удаагийн “Японоор хэн сайн ярих вэ” уран илтгэлийн уралдаан

 Өнгөрсөн 10-р сарын 26-ны Бямба гарагт Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд 19 дэх удаагийн “Японоор хэн сайн ярих вэ” уран илтгэлийн уралдаан болж өндөрлөлөө. Тус уралдааныг Японы улсын элчин сайдын яам, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгууллаа. Энэ жилийн уралдаанд оролцогчдыг ахлах ангийнхан, оюутан болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр ангилалд хувааж зохион бичлэг болон ярилцлагын шалгалтыг авсан бөгөөд шалгаруулалтанд тэнцэн тунаж үлдсэн нийт 19 оролцогч (9 ахлах ангийн сурагч, 10 оюутан) илтгэлээ тавьсан юм.

 Уралдаан “Мираи” буюу “Ирээдүй” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд ахлах ангийнхны хэсэг, ангийнхаа шилдэг сурагч болох найзаасаа үлгэр жишээ авч өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн дунд сургуулийн сурагчийн илтгэлээр эхэлж, учрал бүр бидний өмнө нээгдэж буй хаалга бөгөөд түүнийг нээх түлхүүр нь бидний хүчин чармайлт, ирээдүйн дэлхий ертөнцийн амьдрал бол сансарт өрнөнө, роботын хувьсал, ирээдүйн Монгол орны зам, инженерээс эхлээд элчин сайд болох мөрөөдлийнхөө тухай, улмаар “намагт үсрэн вааглах мэлхийн дуу” зэргээр жишээ татаж “Ирээдүй” хэмээх сэдвийг өргөн хүрээтэй, утга учиртай болгосон сонирхолтой илтгэлүүдээр дүүрэн байлаа.
 Харин оюутан болон насанд хүрэгчдийн хэсэг зүүдэндээ үзсэн ирээдүйн Монгол орон, хойч ирээдүйдээ хоггүй байгалийг үлдээх юмсан, өнөөдрийн бэрхшээл бол ирээдүйн зол жаргал, харь үгнээс болж эвдэгдэж буй эх хэлний маань ирээдүй, хэдэн мянганы тэртээх үлэг гүрвэлийн эрин үеэс эхлээд хэдэн зууны дараах гараг ертөнцтэй холбон өгүүлсэн өнгөлөг содон сэдвүүдээр дүүрэн байлаа.

 Бүх оролцогчдын илтгэл өөрийн гэсэн сонирхол татахуйц агуулгатай байсны дээр ур чадварын өндөр түвшинд уншиж толилуулсан бөгөөд үдээс өмнөх болон үдээс хойших уралдааныг нийт 150 орчим хүн хүрэлцэн ирж шимтэн сонссон юм.
 Шүүгчид санал нэгтэйгээр 1-ээс 3-р байр, тусгай байрны оролцогчдыг шалгаруулсан бөгөөд шалгарсан 8 оролцогч Япон улсын засгийн газраас хэрэгжүүлж буй Зүүн Азийн хүүхэд залуусын харилцааны “Jenesys-2.0” хөтөлбөрөөр Япон улсад аялах эрхээр шагнагдсан юм. Шалгарсан сурагчиддаа Япон улсад аялснаар дахин нэгэн “шинэ ирээдүй”-г нээж ирэхийг хүсэн ерөөе.



Япон сангийн соёл, япон хэлний сургалт “Уран бичлэг”


 11сарын 15, 16-ны өдрүүдэд японы алдартай уран бичээч Киношита Мариког урин, Япон сангийн соёл, япон хэлний сургалтын хүрээнд “Уран бичлэг”-ийн талаар үйл ажиллагаа зохион байгууллаа. Уран бичлэгт суралцан, туршин бичих танилцуулах хичээл болон монголын уран бичээч Н.Ганбаатартай хамтран 360х97 хэмжээтэй цаасан дээр Монголын нууц товчооны эхний нэг өгүүлбэрийг бийрээр бичих нээлттэй үзүүлбэрийг зохион явууллаа.

 Танилцуулах хичээлд оролцогчдыг япон хэлний түвшингээр нь 3-н ангид хувааж, багаж хэрэгсэл болон бийр барих арга, дүр байдал зэргээр уран бичлэгийг суурь үндсээс тайлбарласан юм. бийр хэрэглэх аргыг сурсны дараа анхлан үзэгчид “газар шороо”, “гал”, “ус”, “салхи”, анхан шатны суралцагчид “эв нэгдэл”, “хүндлэл”, “цэвэр, тунгалаг”, “уйтгар гуниг”, харин дээд түвшний суралцагчид Мацуо Башёогийн
“Дайчин эрсийн ул мөр
Зүүд мэт сарнин одсон ч
Зуны өвс л тэр хэвээрээ” хэмээх богино мөрт шүлгийг сэдвээ болгон өөрсдөө бичив. Бүх анги төлөвлөсөн цагаасаа хэтэрсэн хэдий ч оролцогчид маш төвлөрч суралцаж байсан юм. Уран бичлэг гэж ямар сонирхолтой болох, бичиг үсгийн гайхамшиг зэргээр япон соёлын нэгээхэн хэсгийг бүрэн мэдэрсэн мөч байлаа.

 Мөн түүнчлэн Монголын үндэсний музейн 1 давхрын үзэсгэлэнгийн танхимд болсон нээлттэй үзүүлбэрийг япон хэлийг сурч буй дунд, ахлах сургуулийн сурагчдаас эхлээд 80 гаруй хүмүүс ирж сонирхсон юм. Япон, Монгол 2 уран бичээчдийг бичиж эхэлмэгц тэр хавийн уур амьсгал түгшсэн мэт нам гүм болж байлаа. Уран бичээчдийг амьсгаагаа нийлүүлэн зэрэг шахам үзүүлбэрээ дуусгах тэр мөчид үзэгчид халуун алга ташилт илгээсэн юм. Асуулт хариултын дараа сугалаа таарсан 3 хүнд тус бүр үсэг бичсэн өнгийн цаас бэлэглэснээр нээлттэй үзүүлбэр дууссан.

 Үүний дараа уран бичээчдийн бүтээлийг Үндэсний музейн шатан дээр байрлуулсан Чингис хааны хөрөг зургийн хажууд дэлгэн тавив. Монгол, Япон хэмээх 2 улсын ялгаатай соёлын харилцаанд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн үйл явдал болж өнгөрлөө.
    Танилцуулах хичээл болон нээлттэй үзүүлбэрийн аль алинд нь оролцогчид сэтгэл хангалуун байсан бөгөөд маш ач холбогдолтой сургалт болсон юм. “Уран бичлэг”-ийг цаашид үргэлжлүүлэн сурмаар байна гэсэн дуу хоолой их байсан бөгөөд үүнийг ямар нэгэн аргаар хэрэгжүүлэхэд зориж ажиллана гэж бодож байна.



Мөн цаашид соёлын туршлага болон танилцуулгаар дамжуулан япон орон, япон хэлний талаархи ойлголтыг улам гүнзгийрүүлэх сургалт, үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулана гэж бодож байна.   
Япон сангийн соёл, япон хэлний сургалтын зохицуулагч Канзаки Мицүко



Япон улсад сургалтанд хамрагдсан талаарх сэтгэгдэл

  Би Монгол-Японы Төвийн хаврын “Япон хэлний анхан шатны дүрмийн сургалт”-нд хамрагдаад, шалгалт өгч шалгараад, өнгөрсөн 11-р сард 14 хоног Япон орноор аялах боломжтой болсон. Япон руу анх удаагаа явж байгаа болохоор мэдэхгүй зүйлүүд маш их гарсан. Гэхдээ Япон хүмүүс үнэхээр эелдэг бас тусч учраас мэдэхгүй зүйлээ асуухад огтхон ч тээршаалгүй хариулж өгдөг байсан болохоор хүндрэлтэй зүйл огт байгаагүй.

 Маш олон найзуудтай болсон. Учир нь манай хөтөлбөрт нийт 24 орны 26 оролцогч байсан. Жишээ нь: Солонгос, Америк, Франц, Бразил, Египет, Орос, Казакстан гэх мэт. Насны хувьд ялгаатай, ихэнхи нь 25 наснаас дээш насныхан байсан ч хоорондоо үргэлж японоор ярьж бас амархан ойлголцдог байсан.

    Хөтөлбөрийн хүрээнд японы бага сургуульд очиж, япон айлаар зочилсон. Япон айлд очоод япон ээжтэйгээ хамт хоол хийсэн, бас бүгдээрээ хамт япон тоглоом тоглосон. Мөн Тоокио, Киото, Оосака хотуудаар аялж, сонирхолтой газруудад очиж үзсэн. Очсон бүх газрууд таалагдсан. Өдөр бүр хийх бүх зүйл нь төлөвлөгдчихсөн, ихэвчлэн 16 цагийн үед тухайн өдрийнх нь программ дуусдаг бас ням гарагт амардаг байсан болохоор завтай үедээ найзуудтайгаа теннис тоглож бас дугуй их унадаг байсан. Бидний байрлаж байсан хэлний төвд бид нараас өөр хөтөлбөрийн япон хэл сурдаг хүмүүстэй ч бас найзууд болсон.

Японд очоод онгоцны буудалд буусан цагаас эхлээд л Монголоос ялгаатай гэдэг нь маш олон зүйл дээр ажиглагдсан, бас мэдэхгүй зүйл маш их гарсан. Ер нь энэ аялал маш их туршлага болсон гэж бодож байна. Японд очоод хамгийн сайхан санагдсан зүйл бол япон хүмүүсийн харилцааны соёл. Бүгд завгүй ажилтай байдаг ч бие биетэйгээ үргэлж найрсагаар мэндэлдэг нь сайхан санагдсан. Миний япон хэлний түвшин анхан шатных байсан болохоор ярихад бага зэрэг хэцүү байсан. Тиймээс цаашид япон хэлээ илүү сайжруулаад, дахиад хэзээ ч хамаагүй Япон улсад очиж суралцахыг маш их хүсч байна. Бас япон хэлийг сурахад япон хүмүүстэй ярих нь хамгийн том туршлага болж өгсөн.

 Энэ сургалтанд хамрагдах боломжийг олгосон Монгол-Японы Төвийн багш нартаа маш их баярлалаа. А.Анударь /СЭЗДС-ийн II курсын оюутан/