Сар бүрийн мэдээлэл
2011 оны 8-р сарын мэдээлэл
2012-01-23
2011 оны зуны “Дуу ашиглан суралцах япон хэлний сургалт”-ын талаар

    Монгол-Японы Төв нь япон хэлний зуны сургалтандаа “Дуу ашиглан суралцах япон хэл”-ний сургалтыг зохион байгууллаа. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү сургалтаараа “Япончуудын сэтгэлд хоногшсон дуу”, “Уянгалаг аялгуутай дуу”, “Айзам хэмнэлтэй дуу” гэсэн сэдвүүдээр нийт 6 дууг сонгон, хичээлийн материал болгон бэлдэж, дуунд гарч буй дүрмийн хэсгүүд болон дуу төрсөн түүхээс танилцуулга болгон оруулсан бөгөөд дууны үгээ тогтоож, өөрийн болгонгоо хөгжилтэйгөөр япон хэлнийхээ чадварыг дээшлүүлэхийг сургалтынхаа гол зорилго болгосон билээ.
   
    Энэ жилийн хувьд “Чамтай уулзахыг хүснэ”, “Сэтгэлд уяатай эх нутаг”, “Ханамизүки”, “Хундага өргөе”, “Цээнийн ягаан цэцэг” “Алдрын оргил өөд” гэсэн 6 дууг сургалтандаа ашигласан юм. Хичээлийн эхний хэсэгт дууны шүлгэнд гарч байгаа үг хэллэг, дүрмийг сайтар ойлгон авч, сүүлийн хагаст нь дуугаа дуулж сурах гэсэн хэлбэрээр сургалт маань явагдсан. 7 дахь хичээлээр дууны тэмцээнийхээ бэлтгэлийг хийсэн бол 8 дахь хичээлээр дууны тэмцээнийг зохион байгууллаа. Дууны тэмцээнд тэргүүн байрыг Д.Сэргэлэн /компаны ажилтан/, дэд байрыг С.Солонго /оюутан/, 3-р байрыг С.Серикжан /сурагч/, тусгай байрыг Н.Болор /сурагч/ нар эзэлж, Япон төвийн нэрэмжит шагналаар тус тус шагнагдлаа.
   
    Сургалтын төгсгөлд авсан санал асуулгаас авч үзвэл, “Сургалт их сонирхолтой сайхан болсон. Дараагийн удаа ч гэсэн дахин хамрагдах хүсэлтэй байна”, “Сургалтанд хамрагдсандаа сэтгэл хангалуун байна. Миний сонсох чадвар их дээшилсэн. Эхлээд сурахад хэцүү санагдаж байсан ч, үг болон аяаа сураад ирсэний дараа амархан санагдаж, дуундаа дуртай болсон”, “Хоёр жил дараалан энэхүү сургалтанд хамрагдаж байна. Сургалт их сонирхолтой байдаг. Дараагийн удаа ч гэсэн дахин суух хүсэлтэй байгаа тул Японы зохиолын дуу/энка/-наас 1 дуу оруулж өгнө үү” гэсэн санал, сэтгэгдлүүдийг бичсэн байсан юм. Эдгээр сэтгэгдлүүдээс үзэхэд, суралцагсад маань Япон дууны уянгалаг сайхныг мэдрэнгээ, япон хэлнийхээ чадварыг бага боловч дээшлүүлж чадсан болов уу хэмээн найдаж байна.

    Эцэст нь, энэ удаагийн сургалтанд идэвхитэй оролцсон бүх суралцагсаддаа талархал илэрхийлээд, ирэх зуны сургалтандаа дахин урьж байна. Уншигч та ч гэсэн ирэх зуны сургалтанд хамрагдаж, зуныхаа амралтыг хөгжилтэй, үр бүтээлтэйгээр өнгөрүүлээрэй.

   

“Японы соёлыг танилцуулах өдөрлөг амжилттай явагдлаа”

    8-р сарын 22-23-ны өдрүүдэд Японы Олон Улсын Уламжлалт Урлагийн Уран Бүтээлчдийн Нийгэмлэгээс Японы Элчин Сайдын Яам болон Монгол-Японы Найрамдлын Нийгэмлэгтэй хамтран, Японы соёлыг танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
   
    Тус өдөрлөгийг нээж, Япон Улсын Элчин Сайдын Яамны соёл урлаг хариуцсан  ажилтан Аояма болон МЯНН-ын дэд тэргүүн Хүрэлбаатар нар тус тус үг хэллээ. Нээлтийн дараа Япон төвийн их танхимыг 2 хуваан, цаасан наамал, сүлжмэл урлал, Япон бүжиг, эрэгтэй кимоно өмсөх аргын талаар танилцуулга явагдсан ба оролцогчид маань өөрсдийн сонирхсон танилцуулга хичээлд хамрагдлаа. Уг үйл ажиллагаанд нийт 100 гаруй хүн оролцсон юм.

    Соёлын өдрүүдэд төвийн хүлээн авах танхимд Японы Олон Улсын Уламжлалт Урлагийн Уран Бүтээлчдийн Нийгэмлэгийн гишүүдийн бүтээлүүдийг дэлгэн тавьсан үзэсгэлэн гарсан билээ.

    Дашрамд дуулгахад, Японы Олон Улсын Уламжлалт Урлагийн Уран Бүтээлчдийн Нийгэмлэг нь өнөөдрийг хүртэл нийт 12 оронд 16 удаагийн “Японы соёлыг танилцуулах өдөрлөг”-ийг зохион байгуулсан байна.
Эмэгтэй оролцогчдын хувьд сүлжмэл урлалын хичээл ихээхэн сонирхлыг нь татаж байх шиг санагдсан. Эхний өдрийн сургалтанд миний бие оролцож үзсэн бөгөөд тус сургалтанд нийт 20 гаруй хүн оролцон, 3 өнгийн саатай утас ороож, сүлжин, гоёлын зүүлт хийж сурсан юм.

    Ийнхүү сургагч багш маань оролцогчдод хандан, “Энэ бол хорвоо дээрх цорын ганц зүүлт юм. Та бүхэн өөрийн гэсэн цорын ганц сүлжмэл зүүлтийг хийцгээлээ” гэсэнд оролцогчид ихэд баяртай байсан юм. Оролцогчдын зарим нь хийсэн зүүлтээ хүзүүний, үсний боолт гэх зэргээр өөр өөрсдийн донж маягт тааруулан зүүж, ихэд сэтгэл хангалуун байцгаалаа. Монголчууд аливаа зүйлийг сурахдаа хурдан гэдгийг батлах мэт намайг дахин дахин мунгинах зуур зарим нэг оролцогчид маань аль хэдийнээ дуусаад, багшийн дараагийн зааварчилгааг хүлээж байсан юм.

    Японы соёлыг танилцуулах өдөрлөгт зарим нэгэн байгууллага хамт олноороо ирж оролцож байснаас харахад, дан ганц лекц семинар сонсоод өнгөрөхөөс илүү өөрсдөө биечлэн оролцож болохуйц танилцуулга сургалтанд хүмүүс ихээр хамрагдах сонирхолтой байдгийг бэлхнээ харууллаа.
Төгсгөлд нь Японы Олон Улсын Уламжлалт Урлагийн Уран Бүтээлчдийн Нийгэмлэгийн нийт хамт олонд цаашдынх нь ажил үйлст өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

   

(Мэдээлэл-Хамтын Ажиллагааны тасгийн ажилтан Б. Азбилэг)