Сар бүрийн мэдээлэл
2011 оны 6-р сарын мэдээлэл
2012-01-23
-Япон төв дээр 3 өдрийн 3 хэмжээст компьютер графикийн сургалтыг зохион байгууллаа-
Урьд нь 3 хэмжээст компьютер графикийг (3DCG) сонирхон хийж үзэх гэхээр компьютерийн хүчин чадал муу, програм хангамж нь хэт үнэтэй гэх мэт бэрхшээлүүд их гардаг байсан.
Харин өнөөдөр уран сайхны кино болон телевизийн зар сурталчилгаа, цахим хуудас зэрэгт 3 хэмжээст компьютер графикийг өргөнөөр ашигладаг болжээ. Гэтэл сүүлийн үед техник, технологи хөгжихийн хирээр үнэгүй програм шинээр гарч, хувь хүмүүс хялбар аргаар гайхалтай бүтээлүүдийг хийх боломжтой болсон.
Эдгээр нөхцөл байдлаас үүдэн, энэ удаа Япон төв дээр “Компьютер графикийн анхан шатны сургалт” нэртэйгээр мэдээлэл технилогийн сургалтыг зохион байгуулсан юм. Үнэндээ сургалтын агуулга хялбар биш учраас амжилттай явагдах эсэхэд бага зэрэг санаа зовж байсан хэдий ч суралцагчид маань маш идэвхи, чармайлттай оролцлоо. Цаашид Япон төв нь 3 хэмжээст компьютер графикийн (3DCG) сургалтыг жилд хэд хэдэн удаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Тус сургалт нь Монголд үндсээ тавьж, улмаар бизнесийн салбар зэрэгт үр өгөөжөө өгч, дээд төвшний сургалт болтлоо өргөжин хүрээгээ тэлбэл их баяртай байх болно.
Миний бие та бүхэнд өөрийн чадах чинээгээрээ дэмжин, туслахад бэлэн байна. Монгол оронд ирээд, ардын хөгжим сонсож, орчин үеийн болон хуучны бүтээлүүдийг үзэж сонирхлоо. Тэдгээр гайхамшигтай мэдрэмжүүд 3 хэмжээст компьютер графикийн бүтээлд тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна.(Компьютерийн багш Күрокава Сүмио)
Япон хэлний анхан шатны бодит хэрэглээний сургалт
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь байгуулагдсан цагаасаа хойш бизнесийн сургалт, япон хэлний сургалт, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн билээ. Ялангуяа япон хэлний сургалтыг жил ирэх бүр, аль болох суралцагчдын эрэлт, хэрэгцээнд нийцүүлж, зохион байгуулж ирсэн. Тиймдээ ч өнөөг хүртэл манай япон хэлний сургалтанд нийтдээ 11,147 хүн хамрагдсан гэсэн тоо баримт байна.
Төвөөс зохион байгуулж байгаа Япон хэлний сургалт нь дан ганц нэг чигийг барилгүй япон хэлийг олон талаас нь сурах боломжийг олгодог. Жишээ нь: “Япон хэлний ханзны сургалт”, “Бизнесийн япон хэлний сургалт”, “ Унших чадвар дээшлүүлэх сургалт” гэх мэт дунд шатны суралцагчдад зориулсан сургалт юм. Зах зээлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, япон хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулж, өнгөрсөн жил анхны сургалтаа төгсгөөд байна. Үүнд: “Япон хэлний анхан шатны сургалт”,” Бодит хэрэглээний япон хэлний сургалт” зэрэг багтав.
“Анхан шатны бодит хэрэглээний сургалт” энэ жил хоёр дахь элсэлтээ авч 6-р сарын 6-ны өдрөөс 27-ны хооронд долоо хоногт 3 удаа, нийт 10 удаагийн сургалтыг явууллаа. Тус сургалтанд суралцах хүсэлтэй сурагчид олон байсан учир 33 сурагчтайгаар хичээлээ эхлүүлсэн юм. Сургалтын агуулгаас товч танилцуулбал: Өөрийгөө танилцуулах, Хирагана болон Катакана үсэгтэй танилцах, утасны дугаар асууж, хэлж сурах, байршил асуух, юм худалдаж авах, үнэ асуух, түргэн хоолны газар захиалга өгөх, мэдэхгүй үгээ асуух, гэр бүлээ танилцуулах, зөвшөөрөл авах, хүнтэй болзох зэргийг сурч авах боломжтой. Мөн үүнээс гадна Японы ёс заншил, соёл боловсролыг харуулсан бичлэг, кино зэргийг үзэж сонирхохоос гадна сурсан хэллэгээрээ харилцан яриа зохиож хоорондоо ярих зэргээр олон төрлийн дасгал ажилласан. Япон багшийн дуудлагаар сонсоод дагаж хэлж дуудлагаа зүгшрүүлэх дасгал ч багтсан. Эдгээр хичээлийн агуулга дасгалуудаас суралцагчдад хамгийн таалагдсан нь харилцан яриа зохион ярих дасгал байлаа. Хичээлийн дараа авсан анкет судалгааны дүнг нэгтгэж үзвэл, энэ удаагийн сургалтын сэтгэл ханамж 81%, суралцагчдын дундаж ирц 68%-тай гарсан байна.
Эцэст нь энэ жилийн 9-р сараас тус сургалт 3 дахь удаагийн элсэлтээ авахаар төлөвлөн ажиллаж байна. Ирэх сургалтаар ч мөн ялгаагүй харилцан яриа голчлон оруулсан хөгжилтэй, өгөөжтэй сургалтыг та бүхэнд зориулах тул манай сургалтанд өргөнөөр хамрагдаарай. Хичээлийн төгсгөлд хичээлд идэвхтэй оролцсон суралцагчдад бяцхан бэлэг бэлдсэн байгаа. Хөгжилтэй, ойлгомжтойгоор япон хэлийг сурцгаагаарай. (Япон хэлний сургалтын тасгийн ажилтан Х. Уламбаяр)
Японы ФҮЖИЦҮ компаний менежерүүд Монголд суралцлаа.
Фүжицү гэхээр монголчууд бид Японы өндөр чанар бүхий цахилгаан бараануудыг төсөөлдөг байх. Тэгвэл энэхүү нэр хүндтэй компаний менежерүүд Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг судлаж, суралцахаар 3 долоо хоногийн туршид Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаад, энэ сарын 4-ний өдөр эх орондоо буцлаа.。
Фүжицү Групп нь 1979 онд тус корпорацийн хүний нөөцийн хөгжлийг хариуцсан “FUJITSU University” гэх бие даасан байгууллагыг байгуулж, группын үйл ажиллагааны стратегитай нягт холбоотой хүний нөөцийн стратегийг боловсруулж, ирээдүйд тус группыг удирдан чиглүүлэх хүний нөөцийг хөгжүүлэн, бэлтгэж иржээ. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд Фүжицү-ийн дэлхийн зах зээл дэх байр суурийг нэмэгдүүлэх зорилготойгоор “Фүжицү харилцан суралцах хөтөлбөрийг” хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг ба энэ удаа Монголд анх удаа тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарт амжилттай ажиллаж байгаа “Summit Computer Technologies” ХХК болон “Next Computers” ХХК энэхүү хөтөлбөрт хамрагдлаа. Хөтөлбөрт оролцсон Монголын компани Японы компаний менежментийн стратеги, зах зээлийн судалгаа хийх аргачлал, шинэ зах зээлд нэвтрэх стратеги зэрэг олон туршлагаас нь суралцсан бол, Фүжицүгийн менежерүүд Монголын эдийн засгийн онцлог, IT компаниудын нөхцөл байдал, тулгардаг нийтлэг асуудлаас суралцсан нь хөтөлбөрийн гол чиглэл байсан юм.。
Фүжицүгийн менежерүүд монголд байх хугацаандаа орон нутагт ч ажилласан нь тэдний хувьд шинэ зүйл байсан ба өргөн уудам нутагтай монгол улсын хувьд дэд бүтэц, тээвэрлэлтийн асуудал тулгардаг хэдий ч хөтөлбөрт хамрагдагч компаниуд монгол улсын аймаг бүрт салбар дэлгүүрээ нээн амжилттай ажиллуулж чадсан нь, монгол арга ухаанаар зөв менежмент явуулж чадсаных хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. 6-р сарын 3-ны өдөр Монголд ажилласан хугацааныхаа тайланг тавьснаар энэ удаагийн “Фүжицү харилцан суралцах хөтөлбөр” өндөрлөсөн юм. Тус тайлангийн хуралд мэдээлэл технологийн мэргэжилтнүүд болоод цаашид энэ салбарт үйл ажиллагаа явуулахаар сонирхож буй 45 хүн оролцсон юм. Монгол улсын онцлог салбар болох бэлчээрийн мал аж ахуйд мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж болох талаар танилцуулсан нь тус тайлан хурлыг сонирхолтой болгож байлаа. Оролцогчид дараа дараагийн хөтөлбөрт хамрагдах сонирхолтой буйгаа илэрхийлж, цаашид жил бүр уг хөтөлбөрийг зохион байгуулах хүсэлтийг тавьж байсан нь хөтөлбөр үр дүнтэй, өгөөжтэй байсныг илэрхийлж байна.。
Монголд мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойтой давхцан хэрэгжсэн уг хөтөлбөр цаашид Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжилд үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж байна.
(Бизнесийн сургалтын тасгийн ажилтан Б. Саруул)
“Япон орны соёлыг танилцуулах өдөрлөгөөс”
Монгол-Японы Төв нь 6-р сарын 21-ний өдөр буюу төвийн ойн өдрийг тохиолдуулан, Япон орныг танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн үеэр Япон орныг сонирхогч хүүхэд залуустаа зориулан, “Япон орныг хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын тэмцээн, цаасан нугалбарын танилцуулга, Япон соёлыг харуулсан үзэсгэлэн, Японы зуны хувцас юката өмсөн зургаа авахуулах зэрэг боломжуудыг олгосон юм.
Гадаа тэнгэр бүүдийн, бороо зүсрэн орсоор. Хэдийнээ тэмцээн эхлэх цаг болжээ. Ганц, хоёроороо оролцогчид цуван ирэх. Энэ л үед “Өдөрлөгт хүн ирэх болов уу яах бол” гэсэн бодол зохион байгуулагч биднийг багагүй санаа зовоход хүргэлээ. Гэсэн хэдий ч оролцогчид маань устай бороонд ажралгүй, идэвхитэйгээр хүрэлцэн ирж, оролцсон нь бидэнд багагүй урам зоригийг өгч, өдөрлөгөө амжилттай явуулах эрч хүчийг бэлэглэсэн гэж хэлж болно.
“Япон орныг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээн нь АХА тэмцээний хэлбэрээр явагдсан нь нилээд сонирхолтой болсон ба нийт 39 хүн оролцож, тэргүүн байрт 23-р сургуулийн сурагч Анударь, дэд байрт Улаанбаатар Эрдэм-Оюу дээд сургуулийн оюутан Номин-Эрдэнэ, хамгийн ахмад оролцогч Гандолгор нар тус тус эзэлсэн юм. Тэмцээний хамгийн залуу оролцогч 8 настай байсан бол хамгийн ахмад нь 49 настай оролцогч байлаа. Ийнхүү эхний 3 байр эзэлсэн оролцогчиддоо өргөмжлөл үнэ бүхий дурсгалын зүйлс, нийт оролцогчиддоо гарын бэлэг болгон япон хэлний толь бичиг дурсгалаа.
Тэмцээн дууссны дараа, зарим оролцогчид маань танхимд үлдэн, Японы соёлын нэг болох цаасан нугалбарыг төвийн ажилтнаар заалган, хэд хэдэн дүрсийг хийж сурсны зэрэгцээ кэндама зэрэг Японы үндэсний хэд хэдэн тоглоомоор тоглож үзсэн юм.
Өдөрлөгийн хамгийн сонирхолтой хэсэг нь Япон маягаар тохижуулсан танхимд юката өмсөн, зургаа авахуулах явдал байлаа. Охид зургаа авахуулахыг тэсэн ядан хүлээх зуураа үзэсгэлэнд тавьсан Япон хүүхэлдэй, Япон хоолны макет гэх мэт эд зүйлсийн зургийг гар утсаараа авч, охёо модны холтосноос гаргаж авсан байгалийн даавууг барьж үзэн, сар бүрийн хүүхэлдэйнүүдтэй танилцах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрөөсөн билээ.Хэдийгээр өдөрлөг 12 цагаас 15 цагийн хооронд богино хугацаанд үргэлжлэн явагдсан ч оролцогчид ар араасаа ирсээр, нийт 80 гаруй хүн оролцсон юм.
Ийнхүү оролцогчдоос авсан санал асуулганд, нийт оролцогчдын ихэнх нь “Өдөрлөг сонирхолтой байлаа. Япон орны талаар багагүй мэдээллийг олж авсан. Цаашид иймэрхүү соёлын болоод оюутан залууст зориулсан үйл ажиллагаа улам олныг зохион байгуулахыг хүсэж байна. “ хэмээсэн байв. Оролцогчдын тоо, идэвхи, санал асуулгын дүн зэргээс харахад, өөрийн эрхгүй оюутан залуус маань Японы соёлын талаар багагүй сонирхдог болсон хийгээд тэдэнд иймэрхүү соёлын өдөрлөгт оролцох боломж хомс байдаг нь илт мэдрэгдсэн.
Цаашид бид бүхэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, бололцоогоороо үйлчлүүлэгч та бүгдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн сонирхолтой, үр өгөөжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг хичээн ажиллах болно. Иймд та бүхнийг манай үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, санал хүсэлт чөлөөтэй илэрхийлж, үнэтэй санал, зөвлөмжөө өгөхийг хүсэж байна. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
(Мэдээлэл Хамтын Ажиллагааны тасгийн ажилтан Б. Азбилэг)