Сар бүрийн мэдээлэл
2011 оны 3-р сарын мэдээлэл
2012-01-23
“Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.”
3-р сарын 11-нд бидний дотны хөрш орон Япон улсад 9 магнутын хүчтэй газар хөдлөлт болж, цүнами үүссэний улмаас хэдэн мянган эрдэнэт хүний амь нас эрсдэж, олон барилга байгууламж эвдрэн сүйрч, зам харилцаа бүрэн зогсож, нөхөж баршгүй хохирол учирсан нь дэлхий дахиныг цочроосон эмгэнэлт явдлын нэг боллоо.
Япон орон эртнээс Монгол оронтой найрамдалт харилцаатай байж, энэхүү харилцаа нь жилээс жилд бүхий л салбарт улам батжин гүнзгийрч байгаа нь хоёр орны ард түмэнд бэлхнээ харагдаж байгаа билээ. Монголчууд биднийг зуд, турхантай байгалийн хүнд хэцүү цаг үеүдэд Япончууд хамгийн түрүүнд тусламжийн гараа сунган, сэтгэл санааны болон эд материал, мөнгөн тусламжийг олонтой үзүүлж байсныг Монголын эгэл малчин ардаас авахуулаад, дунд сургуулийн хүүхэд багачууд, ахмад настан, бүх иргэд үргэлж санан дурсаж явдаг гэдгийг хэлэхэд таатай байна.
Тэрхүү хар баасан гарагийн аймшигт мэдээг Монголын нийт ард түмэн ихэд цочирдон хүлээн авч, сэтгэл дотроо мэгшин харуусаж, настай буурлууд маань “Байгалийн гамшиг гэж мөн ч айхтар юм даа. Дахиж л битгий газар хөдлөөсэй. Хөөрхий энэ Япончуудыг яана даа, харахаар л сэтгэл шимшрээд байх юм” хэмээн нулимс дуслуулан ярилцацгааж байсан юм.
Монгол орон даяар Японы ард түмэнд туслах сайн санааны аян өрнөж, олон албан байгууллага, аж ахуй нэгж, ард иргэд өөрсдийн чадах чинээгээрээ сэтгэлийн хандив өргөж байгаа нь Япончуудад Монголчууд хэр дотно, хүндэтгэлтэй ханддагын бас нэгэн илэрхийлэл гэлтэй.
1945 оны Хирошимагийн атомын бөмбөгдөлтийн дараа Японы ард түмэн сайн сайхан амьдралыг дахин цогцлоон бүтээхийн төлөө хамтдаа бүтээн босгох их үйлсэд шамдан оролцож, Хирошима хотыг цэцэглүүлэн, хөгжүүлж өнөөдрийн оргилд хүрснийг хүн төрөлхтөн мэднэ.
Үүний адил гамшгийн голомт болсон Фүкүшима болон Мияги, Иватэ мужийн ард иргэд болон Японы ард түмэн та бүхнийг хамтын хүчээр энэ бүгдийг даван туулж, бүхнийг шинээр бүтээж чадна гэдэгт Монголын ард иргэд төдийгүй дэлхийн бусад олон орны ард түмэн итгэл дүүрэн байна. Зовох цагт нөхрийн чанар танигддаг хэмээн Монголчууд ярьдагчлан, энэхүү гамшгийн хүнд үед Монголын ард түмэн Японы ард түмэнтэй цаг мөч бүрт зүрх сэтгэлээрээ хамт байж, та бүхэнд тохиолдсон уй гашуудалд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэн болтугай.
(Дэд захирал Ц. Даваадорж)
“Хамгаас хайртай Монгол”-Нөхөрлөлийн тал нутаг концерт-
3-р сарын 26-ны өдөр Мөнх Сэкия (Сэкия Хисаюки) гуай Япон төв дээр концерт тоглолоо. “Хамгаас хайртай Монгол” хэмээх дуугаар эхэлсэн тус концертонд нийт 10 дуу дуулагдсан юм. Дуунууд маань Монгол орны байгалийн гоо үзэмж, хүн зоны сайхан сэтгэлийн талаар өгүүллээ. Оролцогчид цээлхнээр дуулах Сэкия гуайн аялгуу дуунд уяран сууж байлаа. Сэкия гуай Монголын хүүхэд залуустай харилцаагаа өргөжүүлэх үйл ажиллагааг 1999 оноос эхэлсэн аж. Энэхүү үйл ажиллагааг эх лүүлэх болсон гол шалтгаан нь 1995 онд Хёого мужийг хамран ихээхэн гарз хохирол учруулсан Кообэгийн газар хөдлөлтөөс үүдэлтэй. 6500 хүн амь насаа алдсан уг гамшгийн үед хамгийн түрүүнд тусламж үзүүлсэн орон бол Монгол байлаа. Түүний дараа Хёого мужид Монголчуудын сайхан сэтгэлийн ачийг хариулцгаая гэсэн хөдөлгөөн өрнөсөн юм. Ийнхүү Хёого мужийн уугуул иргэн Сэкия гуай Увс аймгийн малчин сумын дунд сургуульд ном хандивлах ажиллагаагаа явуулсаар байна. “Өнөөг хүртэлх 10 жилийн хугацаанд нийтдээ 15 удаа Монголд ирж байна. Монголын соёл болоод байгалийн гоо үзэмжийг аялгуу дуу, хуураар танилцуулах үйл ажиллагаагаа цаашид ч гэсэн үргэлжлүүлэх болно” хэмээн Сэкия гуай ярилаа.
Цаашид Япон, Монголын найрамдалт харилцааг ая, дуугаар дамжуулан гүнзгийрүүлэх энэ их үйлс амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Дууны дундуур Сэкия гуайн яриаг, Японд суралцаж байх эхний жилдээ танилцсан, Монгол Японы Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Дэмбэрэл гуай орчуулж өглөө. Концертын эхэнд Монголын хүүхдийн зохиолч Дашдондог гуай ая дуугаа өргөн барилаа. Зохиолч маань 3-р сарын 11-нд болсон Японы газар хөдлөлтийн үеэр өөрийн зохиосон үлгэрийн номны Япон хэлээр орчуулагдан хэвлэгдсэний ойн арга хэмжээнд оролцон, Японд байсан байна. Дашдондог гуай өөрийн зохиосон “Өнгөт зүүд” хэмээх дуугаа дууллаа. Уг дууны товч агуулга нь зүүдэндээ бүхий л юмс амттан чихэр болсон байгааг хараад, аз жаргалаар бялхан байгаа хүүхдийн мөрөөдлийг өгүүлдэг.
Ингээд эцэст нь байгалийн гамшигт нэрвэгдэн, нөхөж баршгүй хохирол амссан хохирогсод та бүхний хүсэл мөрөөдөл 1 өдрийн өмнө ч болтугай биелэж, бүх юм сайн сайхан болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
(3-р сарын 29-ний тэмдэглэл)(Захирал Морикава Хидэо)
“Гамшигт өртсөн нийт ард иргэд та бүхнийг сэтгэлийн тэвчээртэй байж, энэ бүхнийг даван туулахыг хүсье”
-Японы газар хөдлөлтөнд зориулсан хандив өргөх сайн санааны аян- Япон төвийн бизнес сургалтын төгсөгчдийн хандивын үйл ажиллагаа 3-р сарын 11-нд болсон Японы Тоохокүгийн бүс нутаг Номхон далайн задгай тэнгист болсон газар хөдлөлтөнд нэрвэгдэгсдэд туслах сайн санааны хандивын аян Монгол орны өнцөг булан бүрт өрнөөд байна. Энэхүү үйл ажиллагаанд төвийн бизнес сургалтын төгсөгчид сайн санааны үүднээс 14-ний өдрөөс хандивын мөнгө цуглуулах аянг эхлүүлсэн юм.
Уг аянд олон компани хамрагдсан ба бизнес сургалтын 2010 оны 9 удаагийн нийт төгсөгчдөөс хандив өргөлөө. Түүнчлэн Япон төвийн нийт ажилтнууд 1 өдрийн цалингаа хандивласан ба Япон мэргэжилтэн нар хандивын ажиллагаанд идэвхитэй оролцсон юм. Ингээд төвийн төлөөлөгчид 3-р сарын 22-ны өдөр бизнес сургалтын төгсөгчид, төвийн ажилтнууд болон Япон мэргэжилтэн нараас хандивласан мөнгийг (7,183,570 төгрөг) нэгтгэн, Элчин сайд Кидокород гардуулан өглөө. Жич: Бизнес сургалтын төгсөгчдөөс 50 ширхэг ажлын гутал, 100 ширхэг оймс болон ноосон нөмрөг, ороолт, малгайны хослолыг Япон төвд авчирсан юм. Эдгээр хандивын эд материалыг 25-ны өдөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт хүлээлгэн өгсөн болно.
31-р дунд сургуулийн сурагчид ч нэгдлээ. Элчин сайд Кидокоротой уулзахаар төлөвлөсөн тэр өдөр 31-р дунд сургуулийн 2 сурагч сургууль дээрээ цуглуулсан хандивын мөнгөө барьсаар Япон төв дээр ирж, тэрхүү хандивын мөнгөө төвийн удирдлагад өгөх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. “Бид одоо Элчин Сайдын Яам явах гэж байна. Хамт явах уу хэмээсэнд сурагчид нэгдэн явлаа. Хоёр сурагчийн нэрийг Мөнхзул, Энхнасан гэдэг аж. Ийнхүү тусламжийн мөнгөө Элчин Сайд Кидокород шууд гардуулж чадлаа.
Мөнгөний хэмжээ маань хэдийгээр бага боловч, уг хандивт бидний сэтгэл шингэсэн юм. Гамшигт өртөгсдөд бүхнийг даван туулж гарахыг хүсэн ерөөе хэмээн элчин сайдад дамжуулан хэллээ. Өнөөг хүртэл 31-р сургууль маань Японтой ямар нэгэн талаараа харилцаатай байгаагүй хэдий ч ийнхүү хандив цуглуулах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Элчин сайд Кидокоро “Монголд газар сайгүй хандив цуглуулах аян өрнөж байна. Зовох үед хамт байсан анд бол жинхэнэ анд нөхөр байдаг. Монголчууд та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн ярилаа.
Сурагчид элчин сайдтай найрсаг яриа өрнүүллээ. Ингээд 2 сурагч маань хэсэг зуур элчин сайдтай яриа өрнүүлсэн юм. “Япончууд хогны асуудлаа хэрхэн зохицуулдаг бэ? Та одоогийн ажилдаа ороогүй байсан бол ямар ажил хийж байх байсан бэ? гэх зэрэг асуултыг тавьж байлаа. Мөн элчин сайд теннис тоглодог тухайгаа ярихад, хоёр сурагч маань өөрсдийгөө агаарын теннис тоглодог гэж ярилаа. Ингээд С.Батболд сайдаас элчин сайдтай уулзах хүсэлтэй байна гэж утас ирснээр, яриагаа өндөрлөцгөөлөө. Хоёр сурагч маань “31-р сургууль дээр заавал ирээрэй гэсэнд, элчин сайд ойрын үед очноо гэлээ. Сурагчид “Хэзээ бэ?” гэхэд элчин бага зэрэг тулгамдлаа. Хоёр сурагч маань 1994 онд төрсөн бол, тэр жил элчин сайд Кидокоро Монголд 2 дахь удаагаа томилогдон ажиллахаар ирсэн жил ажээ. Ийнхүү Элчин сайдтай, хоёр сурагч маань хэзээ нэгэн цагт уулзах тавилантай ч байсан байж магадгүй юмаа.
Жич: Хандивын мөнгийг Японы Улаан загалмайн Нийгэмлэгт илгээсэн болно.
Хандив цуглуулах үйл ажиллагааны талаархи тайлан бичгийг Элчин Сайд Кидокород гардуулан өглөө.
31-р дунд сургуулийн сурагчид ч хандив цуглуулах аянг зохион байгуулж байна.
(3-р сарын 25-ны тэмдэглэл)(Захирал Морикава Хидэо)
(3-р сарын 25-ны тэмдэглэл)(Захирал Морикава Хидэо)