Сар бүрийн мэдээлэл
2011 оны 2-р сарын мэдээлэл
2012-01-23
“Монголын малчин ард түмний хувь тавилангийн талаар эргэцүүлэхүй” Баримтат кино “Пүүжээ” –г үзээд төрсөн сэтгэгдэл

2-р сарын 12-ны өдөр Монгол дахь Япончуудын нийгэмлэг, Монгол-Японы төв хамтран “Пүүжээ” хэмээх баримтат киног гарган, олны хүртээл болголоо. 1999 оны 10-р сард Great Journey баримтат нэвтрүүлгийн Сэкино Ёшихарү гуай Пүүжээ охинтой анх тааралдаж байгаагаар киноны үйл явдал эхэлнэ.

Эхэндээ Пүүжээ охин Сэкино гуайгаас ихэд гэрэвшин, тоомжиргүй царайлж байлаа. ”Зураг авах гэж байгаа бол цаашаа яваач” гэж уурлангуй хэлэх 6 настай балчир охин.
Цаг хугацаа өнгөрөхийн хамт, охин Сэкино гуайд найз мэт дотно хандах болов. Үе үе ичингүйрэх Пүүжээгийн төрх үнэхээр өхөөрдмөөр.

Сэкино гуайг Монголд дахин ирэхэд, Пүүжээгийн ээж мориноос унан, хүнд бэртэж, нас барсан байлаа.Түргэн тусламж дуудсан хэдий ч ирэхгүй байсан тул өөрсдөө арай ядан эмнэлэгт хүргэсэн боловч, эрүүл мэндийн даатгалгүйн улмаас шинжилгээ өгч чадсангүй. Ийнхүү дараагийн өдрөө эх нь хорвоогийн мөнх бусыг үзлээ.

Эхийнх нь буян хураах 49 хоног болов. Пүүжээг эхийнхээ шарил дээр очихыг гэрийнхэн нь зөвшөөрсөнгүй. Хүүхэд их уйлвал нулимс нь гол болж, талийгаачийн диваажин очих замыг нь хаадаг хэмээн монголчууд үзэх агаад 3 жил болж байж талийгаачийнхаа шарил дээр эргэн очдог ажээ. Пүүжээгийн элэг эмтлэм төрхийг харахад, өөрийн эрхгүй сэтгэл өвдөнө. Монголчууд талийгаачаа чандарлах, газарт оршуулах, нутаглуулах өдөр судраа ламаас асуун, хэлсэн ёсоор нь оршуулгын ёслолоо хийдэг.

Том болоод Япон хэл сурч, орчуулагч болно хэмээн Сэкино гуайтай ярилцах Пүүжээгийн мөрөөдөл. Гэтэл Сэкино гуай сүүлд ирээд, бага ангийн төгсөлтийнхөө өмнө охин машины осолд орж, зуурдаар нас барсныг мэдлээ. Хоёр орныг холбох гүүр болохсон гэсэн түүний мөрөөдөл ийнхүү хоромхон зуур замхрах нь тэр. Үнэхээр өрөвдөлтэй төгсгөл байлаа. Анх уулзаж байхад 2 настай байсан үеэл дүү нь эрүүл энх өсөн торниж байгааг хараад бага зэрэг сэтгэл тайвширсан юм.

Мориноос унаж нас барсан эхийн үхэл, 1999-2000 оны зуданд Монголчууд нийт малынхаа 10 хувийг алдсан зэрэг нүүдэлчин ардын амьдрал дунд үхэл, байгалийн гамшиг ээлжлэн байдаг нь их гунигтай санагдлаа. Тариаланч түмэн тариаланд саад болдог зэрлэг ургамалд дургүй байдаг бол малчин ардын хувьд энэхүү зэрлэг ургамал малын тэжээл болох нь ч бий. Энэхүү кино нь хоёр орны ард түмэнд ямар сэтгэгдлийг төрүүлэх нь ихээхэн сонирхлыг минь татна. Мөн Пүүжээгийн эмээ нь хүүхдүүд сургуульд эрдэм номыг сурч, ирээдүйд өөрсдийн гэсэн амьдралын замыг сонгох нь зөв хэмээн ярьж байлаа. Хүүхдийн өөрийн гэсэн үзэл бодол, бие даах чадварыг нь хүндэтгэж буйн илрэл гэлтэй.

Монгол орон зах зээлд шилжснээр социалист нийгэм задран унаж, өвлийг өнтэй давахад хадлан, өвс тэжээлээ сайтар базаах, малын халдварт өвчнөөс мал сүргээ сэргийлэх гээд энэ бүгд малчин бүрт ихээхэн үүрэг хариуцлагыг ноогдуулна. Малчин ардыг ямархан хувь тавилан хүлээж байгаа бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнөм.
”Пүүжээтэй адил 6 настай Рёо хүү”
 (Захирал Морикава Хидэо)

“Загвар Аж Ахуйн Нэгжийг Хөгжүүлэх Оношлогоо, Зааварчилгааны Хөтөлбөр”-ийн эхний үе шатны үр дүнгийн хурал амжилттай зохион байгуулагдаж дууслаа.”

2011 оны 1-р сарын 27-нд Япон Улсын Элчин Сайдын Яам, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар, Монгол Улсын Засгийн Газрын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон “Загвар Аж Ахуйн Нэгжийг Хөгжүүлэх Оношлогоо, Зааварчилгааны Хөтөлбөр”-ийн эхний үе шатны үр дүнгийн хурал амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Хурлын үеэр загвар 9 компани (Өгөөж-Чихэр боов ХХК, Хүнс Комплекс ХХК, Батмэнд ХХК, Эвридэй Интернэшнл ХХК, Шилэн Хийц ХХК, ОБ Капитал Фүүд ХХК, Некст Компьютерс ХХК, Дэрэн Наран ХХК, Мон-Дулаан Трейд ХХК) хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго, агуулга, үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар тус бүрчлэн танилцуулсан юм. Мөн оношлогоо, зааварчилгааны ерөнхий хамрах хүрээ, ашигласан материалыг нэгтгэж, Япон, Монгол хэл дээр эмхэтгэн гаргалаа. 2011 онд загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх оношлогоо, зааварчилгааны үнэ тарифыг шинэчилж, хамрах аж ахуйн нэгжийн хүрээгээ тэлж дундаас дээш төвшний аж ахуйн нэгжийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

     
(Бизнес сургалтын тасгийн ажилтан Б.Оюунцэцэг)
        
“Япон хэлний радио хичээлийн үргэлжлэл хэсгийн сурах бичгийг танилцуулах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө”

2005-2007 онд Монголын радиогоор цацагдаж байсан Япон хэлний радио хичээлийн үргэлжлэл хэсэг олон хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд бэлэн болж худалдаанд гарлаа. Үүнтэй холбогдуулан Монгол-Японы Төв дээр 2-р сарын 16-наас 22-ны өдрүүдэд “Япон хэлний радио хичээлийг танилцуулах” үйл ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд радио хичээлийн сурах бичгүүдийг хямдралтай үнээр худалдаалсан бөгөөд радио хичээлийн сүлд дууг дуулсан L-Guards хамтлагийн дуучин Д.Бүдбазар хүрэлцэн ирж, япон хэл сонирхон суралцаж буй хүүхэд залууст ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ хугацаанд сурах бичгийг худалдан авч манай үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон та бүхэндээ талархсан сэтгэлээ илэрхийлье. Та бүхний япон хэлийг сурах чин хүсэл эрмэлзэлд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
(Япон хэлний сургалтын тасгийн ажилтан Э.Мөнгөнсолонго)