Сар бүрийн мэдээлэл
2010 оны 11-р сарын мэдээлэл
2012-01-23
“Казакстан-Японы төвд хийсэн томилолтын талаар”

    11-р сарын 17, 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хот дахь Казахын Эдийн Засгийн их сургуулийн харьяа Япон төвд зохиогдсон Төв Азийн бүс нутгийн Япон төвүүдийн захирал нарын хуралд тус төвийн захирал Морикава болон зохицуулагч Сато миний бие оролцоод ирлээ.
    Төв Азийн бүс нутаг болоод Монгол дахь Япон төв нь ирээдүйд Японы техникийн хамтын ажиллагаа, засгийн газар, иргэдтэй хамтран ажиллаж, хоёр орны гадаад харилцааг бэхжүүлэхэд тулгуур багана болно гэдэгт ихээхэн итгэл, найдвар тавьж байна. Нөгөө талаас, ЖАЙКА-ийн нөхцөл байдал хүндрэлтэй болж байгаагаас, цаашид Япон төвийн үйл ажиллагааг (Бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, Япон хэлний боловсрол, Хамтын ойлголцлыг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн зорилт) тогтвортой байлгахын тулд техникийн хамтын ажиллагааны хүрээнээс давсан арга хэмжээ өргөжүүлэн, бие даан үйл ажиллагаагаа явуулахад чиглэсэн бодлого боловсруулах явдал нэн шаардлагатай болоод байна. Тус хурлаар бүх бүс нутгийн төвүүдийн шилдэг практикаас туршлага солилцон, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Үүний үр дүнд, шинээр хэрэгжүүлж болохуйц арга, боломж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байна.
    Ийнхүү хурал явагдаж өндөрлөсний дараа, бага зэрэг цаг зав гарсан тул Алматы хотоор явган аялах боломж олдсон юм. Алматы хот нь нийт 1 сая 500 мянган хүн амтай, Казакстаны хамгийн том хот бөгөөд өмнө талаар нь шовх өндөр уулс дүнхийн сүндэрлэнэ. “Алма-Той” гэдэг үг нь Казахаар “Алимны аав” гэсэн утгатай агаад хотыг бүхэлд нь харж болох Тогтобэгийн толгод (Зайсан толгой шиг газар) –ын дунд “Алимны хөшөө” байдаг. Казахстан нь Монголтой адил тал нутаг, элсэн говь хосолсон өргөн уудам нутаг дэвсгэртэй бөгөөд газрын доорхи баялгаа ашиглаж байгаа нь, эдийн засагт нь ихээхэн нөлөөлж, хөгжихөд нь гол түлхэц болж байгаа ажээ. Ойрын жилүүдэд Алма-Ата хотод барилга байгууламж ихээр баригдаж, авто машин ихэсснээс замын түгжрэл бий болж нь Улаанбаатар хоттой адилхан юм. Явган зорчигчид замаар гарах үед, заавал машин түр зогсож, явган зорчигчдоо хүндэтгэн, түрүүлэн гаргаж байлаа. Эдийн засгийн хувьд нэг хүнд ноогдох үндэсний нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээрээ Монголоос 4 дахин их ба энэхүү үзүүлэлтэнд шууд хүрэхэд бэрхшээлтэй байж магадгүй юм. Харин тээврийн хөдөлгөөнд оролцож буй байдал, ёс суртахуун нь хүмүүсийн үзэл бодол, бие авч яваа байдлаас ихээхэн хамаарах тул шууд тусган авч, хэрэгжүүлэхэд боломжтой зүйл гэж бодож байна. Хөрш орон Казахстаны тээврийн хөдөлгөөнд оролцож буй байдал, хүмүүсийн ёс суртахуунаас нь суралцаж, хотын иргэн бүр соёлч боловсон харьцаатай, найрсаг хотыг бий болгохын төлөө хамтдаа хичээцгээвэл ямар вэ?

     

(Зохицуулагч Сато Шинго)

ЖАЙКА-ийн сайн дурынхны семинар

    3-р сард зохион байгуулагдсан ЖАЙКА-ийн сайн дурынхны семинарын үргэлжлэл энэ удаа 11-р сарын 15-наас 18, 23-наас 24-ний өдрүүдэд Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд явагдаж өндөрлөлөө. Монголд ажиллаж буй ЖАЙКА-ийн сайн дурын 32 гишүүн өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд өргөнөөр танилцуулсан билээ. Семинарт жирийн иргэд, холбогдох байгууллагуудын оролцогчид төлөвлөж байснаас олноор хүрэлцэн ирж оролцсон. Сургуулийн өмнөх боловсрол, дунд ахлах ангийн мэдээлэл зүйн хичээл, бага ангийн математик, байгалийн ухааны хичээл, бага сургуулийн зураг урлалын хичээл, япон хэлний багш нарын судалгааны цугларалт, монголын ирээдүйн хөгжих боломж, нийгмийн асрамж, сувилах зэрэг 14 төрлийн мэргэжлийн чиглэлээр илтгэл, үзүүлэх тоглолт явагдлаа. Мөн энэ үеэр хүлээлгийн танхимд гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдсан юм.
    Семинар нь зөвхөн илтгэл унших бус, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, харилцан ярилцах байдлаар маш сайн төлөвлөж зохион байгуулагдсан байсан.

             

Монгол-Японы Төвийн хувьд, Монгол улсад үзүүлж буй Япон улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааг олон нийтэд танилцуулах үүрэг хариуцлагаа энэхүү семинарыг дэмжин зохион байгуулснаар зохих хэмжээгээр биелүүлж чадсан болов уу.
    Төвийн мэдээллийн самбарт ЖАЙКА-ийн сайн дурынхны семинарын зарлал тавигдсан үеэс “Урьдчилж бүртгүүлмээр байна.” гэж төвийн хүлээн авахаар болон утсаар хандаж байсан нь хэр зэрэг эрэлт хэрэгцээтэй байсныг илтгэж байсан. Ялангуяа “Хүүхдийн сэтгэхүй, бүтээлч чадварыг хөгжүүлэх сургуулийн өмнөх боловсрол” сэдэвт семинарын талаарх лавлагаа хамгийн их байлаа. Монголын нийт хүн амд эзлэх залуучуудын тоо их, мөн хүүхэд олон байдгаас ясли, цэцэрлэгийн хүмүүжил, боловсрол хүн бүрийн анхаарлыг татдаг.
    Японоос томилогдон ирж, Монгол орны хөгжлийн төлөө, бидний төлөө хичээн зүтгэж ажиллаж байгаа ЖАЙКА-ийн сайн дурын ажилтнуудад үргэлж талархаж явдгаа илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
(Ерөнхий ахлах ажилтан Х.Гармаабазар)

“Эрдэнэт хот дахь томилолтын талаар”

2010 оны 10-р сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Монгол-Японы төвөөс Эрдэнэт хотод ажиллаад ирлээ. Энэ удаагийн Эрдэнэт хот дахь үйл ажиллагааг Монгол Улсын Их Сургууль Орхон аймаг дахь салбар сургуулиас дэмжиж, хамтран ажилласныг дурьдахад таатай байна.
    Ингээд хичээлийн агуулгыг ерөнхийд нь танилцуулъя. Эхний өдөр “Япон дууны танилцуулах хичээл”, “Япон орны талаарх видео танилцуулах хичээл”, “Цаасан нугалбарын танилцуулах хичээл” зэрэг хичээлүүдийг заасан юм. Энэ өдрийн хичээл Орхон салбар сургууль дээр зохиогдсон учир хичээлийн агуулга оюутнуудад зориулагдсан байсан ба давхардсан тоогоор 100 гаруй оюутан оролцсон. Дараагийн өдрийн үйл ажиллагаа Эрдэнэт хотын “Горняк”-ын соёлын ордонд зохиогдсон бөгөөд энэ өдөр “Цаасан нугалбарын танилцуулах хичээл”, Японы уламжлалт тоглоом болох “Кэндама”-ийн танилцуулах хичээлийг явуулсан юм. Түүний дараагаар Японы кино “Шико хүнжатта”-г хүүхдүүдэд сонирхуулав. Эдгээр үйл ажиллагаанд Эрдэнэт хотын иргэд, хүүхдүүд чөлөөтэй оролцож байсан ба оролцогчид маань маш сэтгэл өндөр хүлээж авч байлаа. Энэ өдрийн үйл ажиллагаанд нийт 200 гаруй хүн оролцсон юм. “Кэндама” тоглоомын танилцуулах хичээлд хүүхдүүд идэвхтэй оролцож төгсгөлд нь зохиогдсон тэмцээнд 14-р дунд сургуулийн 4-ийн С ангийн сурагч Сайханбилэг тэргүүлж, бусад сурагчдаа манлайллаа. Цовоо сэргэлэн хүүхдүүдийн дуу цангинасан Эрдэнэт хотод хийсэн энэ удаагийн томилолт үр өгөөжтэй боллоо гэж бид дүгнэж байна.
(Япон хэлний сургалтын тасгийн ажилтан Х. Уламбаяр)

“Сэтгэлийг минь хөдөлгөсөн Эрдэнэт хот”

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь байгуулагдсан цагаасаа хойш хөдөө орон нутгийн оюутан сурагчдад Японы хэл, соёлыг танилцуулах зорилготойгоор орон нутгийн томилолтыг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаад миний бие Япон хэлний тасгийнхантай хамт нэг баг болон “Цаасан нугалбарын танилцуулах хичээл” болон “Япон кино гаргах” ажлуудыг хариуцан явсан юм.
    Бид хоёр өдрийн хөтөлбөртэй байсан ба эхний өдөрМонгол Улсын Их Сургууль Орхон аймаг дахь салбар сургуулийн оюутан залууст “Цаасан нугалбарын танилцуулах хичээл” заасан. Миний хувьд хариуцаад удаагүй цаасан нугалбарын хичээл байсан тул их сургуулийн оюутнуудад хичээл заана гэж бодохоор жаахан сандарч, өөртөө итгэлгүй байлаа. Хичээл эхлэхэд бодсноос илүү их хүүхдүүд цугларсан байв. Гэтэл төсөөлж байснаас огт өөрөөр оюутнууд яг л жаахан хүүхдүүд шиг баярлан хичээлд минь чин сэтгэлээсээ идэвхитэй оролцож байлаа. Хооронд нь тэмцээн зохион өрсөлдүүлж, түрүүлсэн ялагчид жижиг гарын бэлэг өгөхөд, бүгд баяр хүргэн алга ташин, шүгэлдэж байв. Тэр л мөчид урам зориг орон, тэдний уриалгахан хүүхдэрхүү занд уяран, томилолтоор ирж хичээл заасан минь үнэхээр азтай зүйл байсныг ойлгосон юм.
    Хоёр дахь өдрөө бид Эрдэнэт хотын төвд байрлах “Горняк”-ын соёлын ордонд “Цаасан нугалбарын танилцуулах хичээл”- ээ заах болсон юм. Соёлын төвийн гадаа ирэхэд, ямар нэгэн урлагийн тоглолт болох гэж байгаа юм боловуу гэж бодогдохоор маш олон хүүхдүүд цугларсан байлаа. Гэтэл тэд бидний хичээлд оролцохоор ирсэн хүүхдүүд байсан юм. 40 хүүхэд ирнэ хэмээн тооцоолсон байсан боловч 115 хүүхэд ирж, нугалах цаас хүрэлцэхгүй болж, заах зүйлийнхээ төрлийг багасган, хичээлийн агуулгаа өөрчилөхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Тэд өөрсдийгөө бага гэж гололгүй үнэхээр сайн идэвхитэй нугалж байлаа. Хамгийн бага нь 5 настай хүүхэд байсан.
    -Нугалсан уу хүүхдүүд ээ гэж асуухад, том заалыг доргитол
-Нугалсаан багш аа гэж нэг дуугаар хариулан, өөр орны соёлын нэгээхэн хэсэгтэй танилцан, найзуудтайгаа хамт амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж чадсан болов уу гэж бодож байна. Бүгд бага насны хүүхдүүд байсан тул Японы цаасан үлгэр ярьж өгөхөд шалан дээр эгнэн сууж чимээгүй сонсож байлаа. Тэдний хувьд Японы Камишибаи (Үлгэрийн үйл явдлыг зургаар үзүүлэн ярих) их л сонирхолтой санагдсан болов уу. Улаанбаатар хотод мэдэрдэггүй олон сайхан мэдрэмжийг хүмүүсээс нь, хотоос нь мэдэрсэн юм. Бас нэг бодогдсон зүйл болзалуучууд маань хүн ихтэй хотруу төвлөрсөнөөс, Эрдэнэтэд очиж ажиллавал их тохиромжтойгоос гадна зам нь түгжрэлгүй, агаар нь цэвэрхэн, өртөг багатай гээд тоочоод байвал зөндөө сайхан зүйл ихтэй сайхан хот санагдсан. Дараа боломж олдвол ахин томилолтоор очих юмсан гэж бодож байна.
(Мэдээлэл-Хамтын Ажиллагааны тасгийн ажилтан Ц. Үүрийнтуяа)

“Монголд Япон маягийн менежментийг ихэд үнэлж байна”

    Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-ийн дадлагажигч солилцох хөтөлбөрийн шугмаар Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд томилогдон ирснээр 1 сар гаруйн хугацаа өнгөрлөө. Одоо, Бизнес сургалтын тасгийн ажилд гар бие оролцон, төвийн ажилтнууд, мэргэжилтнүүдээс ихийг сурч мэдэж байна.
    Би Японд бараг 6 жил гаруй дотоодын болон гадаадын байгууллагад зориулан бизнес болон мэдээллийн технологийн системийн бэрхшээлийг арилгах талаар зөвөлгөө өгдөг ажил хийж байсан. Японд 1990 оноос хойш өөрөөр хэлбэл, Америк маягийн менежментийн арга барилыг ихээхэн хэрэглэх болсон юм. Миний ажиллаж байсан компани Америкийн хөрөнгө оруулалттай байсан тул би Америкийн мэдээллийн технологийн систем, бизнесийн явц зэргийг авч хэрэгжүүлэх явдал нь компанийн менежментийг бүтээмжтэй болгон өрсөлдөөнийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулдаг болов уу гэж бодож байлаа. Тиймээс ч Японд байхдаа бизнестэй холбоотой ажил хийж байсан хэдий ч Япон маягийн менежмент, өөрөөр хэлбэл Японы жижиг дунд үйлвэрийн талаар төдийлэн мэддэггүй байлаа. Жишээ нь: “5S” гэдэг үгийг үнэндээ Япон төвд ирснээр анх удаа мэдэж авсан юм. Ийнхүү Монголд тэр бүр мэддэггүй үгтэйгээ таарч, бага зэрэг сандарч толь бичиг харахад хүрлээ.
    Япон төвийн бизнесийн сургалтаар Япон маягийн менежментийн суурь мэдлэгийг заадаг гэж сонсоод, анхандаа “Яагаад тийм хуучны менежментийн арга барилаас заадаг юм бол” гэж бодлоо. Монголын жижиг дунд үйлдвэрийн эзэд болон зөвөлгөө өгдөг байгууллагын хүмүүсийн яриаг сонсоход, дээр эрэгцүүлэн бодож байсан зүйлээ ойлгож авсан билээ. Олон хүнээс Япон төвийн бизнесийн сургалтаар заалгасан Япон маягийн менежментийн арга барил, 5S, өөрчлөлт шинэчлэлт нь өнөөгийн Монголын жижиг дунд үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээнд ихэд нийцэж байгаа, түүнчлэн Япон маягийн менежментийг зааж байгаа нь Япон төвийн гол онцлог давуу тал хэмээцгээж байсан юм.
    Үнэндээ, Монголын үйлдвэрүүдийн ихэнхийг жижиг дунд үйлдвэр эзэлдэг ба ажилчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний удирдлагыг хэрхэн зохицуулах зэрэг багагүй асуудлууд тулгарч байна. Иймээс Японд үрслүүлсэн жижиг дунд үйлдвэрийн менежмент “Ноу хау” нь асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн чухал үүргийг гүйцэтгэдэг бололтой.
    Цаашид Монголын жижиг дунд үйлдвэрүүд нь Япон маягийн менежментийг тулгуур баганаа болгон, Монгол соёл, зан заншил, Америк маягийн менежментийн сайн талуудыг авч, хэрэгжүүлснээр, өөрийн гэсэн өвөрмөц менежментийн арга барил (Монгол маягийн менежмент) –ыг бий болгож, амжилттай хэрэгжүүлнэ гэдэг итгэлтэй байна.
(Дадлагажигч Накамүра Маки)