Сар бүрийн мэдээлэл
2010 оны 10-р сарын мэдээлэл
2012-01-23
 “Японы уламжлалт эмчилгээ-Жүдогийн бариа заслын аргыг хөгжүүлэх нь” ЖАЙКА-ийн нээлттэй семинарын тойм

“Тухайн газарт буй нөөц бололцоог ашиглан, бид үйл ажиллагаагаа явуулж байна”....
Японы Жүдогийн бариа засалчдын холбооны (Монгол улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны их сургуулийн хүндэт профессор) Хонма гуай ийнхүү сэтгэл дүүрэн ярилаа. 10-р сарын 2-ны өдөр Монгол-Японы төвд Японы Жүдогийн бариа засалчдын холбооноос санаачилсан “Гэмтлийн үед үзүүлэх анхан шатны тусламж” сэдэвт ЖАЙКА-ийн семинарыг зохион байгуулж, амжилттай өндөрлөлөө.
Жүдогийн бариа заслын аргаар яс хугарах, үе мөч мултрах, битүү бэртэл зэргийг анагааж болдог бөгөөд энэхүү арга нь эртний Японы цэргийн урлаг болох Жүдогоос уламжлагдан бий болсон эмчилгээний арга юм. Японы Жүдогийн бариа засалчдын холбоо нь 2006 оноос 2009 он хүртэл 3 жил Японы Засгийн Газрын “Төрийн бус байгууллагын нэгдсэн холбооны буцалтгүй тусламж”-аар Жүдогийн бариа заслын боловсон хүчнийг бэлтгэх, бусдад түгээн дэлгэрүүлэх зэрэг олон ажлыг хийж байна. Тус байгууллага нь 2009 оноос ЖАЙКА-ийн “Өвсний Үндэс” төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, Монгол орны нийт нутгаар Жүдогийн бариа заслын талаар анхан шатны танилцуулга семинар болон сургагч багш нарыг бэлтгэх сургалт зэргийг явуулсаар иржээ.
    Монголд хөдөөгийн малчин ардууд мориноос унах, осол гэмтэлд орох нь олонтаа байдаг. Мөн бөхийн барилдааны улмаас гэмтэж, бэртэх нь ч элбэг. Эмнэлгийн байгууллагаас алслагдмал хөдөө орон нутгийн иргэдийн хувьд ямар нэгэн гэмтэл авсан тохиолдолд эмчилгээ хийлгэх хүртэл цаг хугацаа ихээхэн алдаж, улмаар хүндрэх явдал их гардаг. Ийм тохиолдолд Жүдогийн сэргээн засах бариа заслын арга нь анхан шатны тусламжийн эмчилгээ болж өгдөгөөрөө ихээхэн үр дүнтэй гэгддэг.
    Тус семинарт Монгол улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны их сургуулийн дэд захирал Амарсайхан болон бусад холбогдох хүмүүс оролцож, Монголын эмчилгээний өнөөгийн байдлыг танилцууллаа.
Үүний дараа Японы Жүдогийн бариа засалчдын холбооны Нэгоро, Готанда, Насү нар хуванцар сав зэрэг гарын доорх зүйлсийг ашиглан, чиг барих эмчилгээний аргыг заалаа. Хамгийн сүүлд нь гурвалжилсан даавууг ашиглан, бүх оролцогчид маань тэрхүү аргыг хийж туршиж үзсэн юм.Эл өдөр энэхүү семинарт ойролцоогоор 120 хүн оролцож, Япон төвийн семинарын танхим дүүрэн хүнтэй байлаа. Оролцогчдоос авсан асуулгад “Семинарын цагийг уртасган, дахин зохион байгуулахыг хүсэж байна”, “Уг семинарыг энгийн иргэдэд зориулан явуулж өгнө үү”, зэргээр санал хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байлаа. Төслийн зорилго нь Монголд жүдогийн бариа заслын аргыг хөгжүүлэх явдал юм. Зохион байгуулагчид нь энэ удаагийн семинарыг зохион байгуулснаар төслийн хэрэгжилтэнд шинэлэг санааг оруулах нь чухал гэдгийг мэдэрсэн болов уу.
(Захирал Морикава Хидэо)

Монголын манлай үйлдвэр болох уул уурхайн баяжуулах Эрдэнэт Үйлдвэрт үзүүлж буй дэмжлэг

Монголын хамгийн том аж ахуйн нэгж болох Эрдэнэт үйлдвэр дээр 2010 оны 9-р сараас эхлэн, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төв, Монгол Улсын Их Сургууль, Эрдэнэт үйлдвэрийн хамтарсан тус үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хөгжингүй орны төвшинд хүргэх зорилготой “2011 оны бизнес төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг эхлүүллээ.
        
    Эрдэнэт үйлдвэрийн тухай

Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр нь 1978 онд байгуулагдсан бөгөөд дүрмийн сангийн 51%-ийг Монгол Улсын засгийн газар, 49%-ийг ОХУ-ын засгийн газар эзэмшдэг.
Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530,0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3,0 орчим мянган тонн молибидены баяжмал үйлдвэрлэдэг дэлхийн хэмжээнд томоохонд тооцогддог үйлдвэр юм.

2. Хамтын ажиллагааны агуулга

    2010 оны 7-р сард Эрдэнэт үйлдвэрийн санхүү, эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн хэсгийн менежментийг хөгжингүй орны төвшинд хүргэх зорилгоор 3 талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн дагуу 2010 оны 9-р сараас Монгол-Японы Төв болон Монгол Улсын Их сургуулийн хамтарсан баг Монголын хамгийн том аж ахуйн нэгж болох Эрдэнэт үйлдвэрийн 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх төслийг эхлүүлсэн юм.
    Төсөл нь үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах болон түүнтэй холбогдсон сургалт гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба Монгол-Японы төв болон Монгол Улсын Их сургуулийн хамтарсан баг мөн Эрдэнэт үйлдвэрийн төслийн багийг бүрдүүлж, төслийн багийнхны нягт хамтын ажиллагааны үндсэн дээр 2010 оны 9-р сараас 2010 оны 12-р сар хүртэл 4-р сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Үйл ажиллагааны төлөвлөгөөг өртгийн удирдлага, мөнгөн урсгалын удирдлага, санхүүгийн удирдлага, стратеги төлөвлөлт гэсэн хэсгүүдээр ажил үүргээ хуваарилан боловсруулах ба үйл ажиллагааны төлөвлөгөөг илүү үр дүнтэй боловсруулахын тулд бизнес төлөвлөгөө боловсруулах төлөвлөлт гэсэн агуулгаар өртгийн удирдлага, хөрөнгө оруулалтын удирдлага зэрэг салбарын сургалтуудыг ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын мэргэжилтэн Кавагүчи Шиничиро Эрдэнэт үйлдвэрийн 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны ажиллагсадад зориулж зохион байгуулна.

3. Хүлээгдэж буй үр дүн

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэнээр Монгол улсын ДНБ-ий 12,3%, нийт экспортын 43%-ийг бүтээн бий болгож буй Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүн улам сайжрах болно гэж үзэж байна.
 (Ерөнхий ахлах ажилтан С. Ган-Эрдэнэ)

“Япон хэлний боловсролын 4-р симпозиум”-ын талаарх тайлан

    Өнгөрсөн 10-р сарын 16, 17-ны өдрүүдэд Монгол-Японы төв дээр Монголын япон хэлний багш нарын холбооноос зохион байгуулсан “Япон хэлний боловсролын 4-р симпозиум” өргөн хүрээнд болж өнгөрлөө. Симпозиумын хамтран зохион байгуулагч байгууллагаар Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, дэмжигч байгууллагаар Тоокёогийн Олон Улсын Их Сургууль, Оосакагийн Их Сургуулийн Олон Улсын Хэл Судлалын Төвүүд тус тус оролцсон бөгөөд япон хэлний багш нар, япон хэлийг сонирхон суралцаж буй оюутнууд зэрэг нийт 120 гаруй хүн оролцлоо.
    Уг симпозиум нь “Япон хэлний боловсролын салбарт ажиллаж буй багш нарын хоорондын мэдээллийн сүлжээг өргөжүүлэн тэлэх болон япон хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх”-ийг гол зорилгоо болгож ирсэн бөгөөд симпозиумын эхний өдөр буюу 10-р сарын 16-ны өдөр Тоокёогийн Олон Улсын Их Сургуулийн доктор профессор Окамото Норико багш “Япон хэлний боловсрол дахь “хамтдаа харилцан суралцах” боломж болон түүний үр нөлөө” гэсэн сэдвээр сонирхолтой лекцийг уншлаа. Окамото багш яриандаа “Хамтдаа харилцан суралцана гэдэг нь суралцагчид сурах үйлийн явцад харилцан бие биенээсээ байнга суралцаж байдаг ба харилцан суралцах явцдаа нийгмийн харилцааны хамгийн чухал зүйл болох хүмүүс хоорондын харилцааны үндсийг өөрийн болгож чаддаг. Өөрөөр хэлбэл үг хэлээр дамжуулан суралцагчид харилцан бие биенээ дэмжиж, суралцах арга барилаа олж авдаг. Харилцан суралцах гэсэн энэхүү категорид танин мэдэхүйн хүчин зүйлээс гадна нийгмийн харилцааны хүчин зүйл ч гэсэн чухал нөлөөтэй” гэсэн байдаг.
        
  
    Симпозиумын эхний өдрийн үдээс хойш “4 үзэгдэлт комик өгүүллэгийг ашиглан хичээлийг зохион явуулах болон түүнийг “хамтдаа харилцан суралцах арга барил” болон “суралцагч төвтэй сургалт”-ттай уялдуулан авч үзэх нь” хэмээх сэдвээр Тоокёогийн Олон Улсын Их Сургуулийн багш Үэда Акико, workshop буюу багаар харилцан ярилцах хэлбэрээр сонирхолтой лекцийг зохион байгуулсан нь симпозиумын нэгэн шинэлэг хэлбэр болж чадсан юм. Энэхүү лекцийн дараа тус төвийн япон хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн Фүжишима Юкиё “Япон хэлний төвшин тогтоох шинэчлэгдсэн шалгалтыг тухай тайлбар”-ыг хийснээр эхний өдрийн үйл ажиллагаа өндөрлөв.
    2 дахь өдрийн үдээс өмнө Оосакагийн Их Сургуулийн Олон Улсын Хэл Судлалын Төвийн доктор профессор Мажима Жюнко багш “Япон хэлний боловсрол дахь үнэлгээ, түүний стандарт” сэдвээр лекц уншлаа. Мөн өдрийн үдээс хойш бага дунд болон их дээд сургууль, хэлний төвүүдээр ангилж салбар чуулганыг зохион байгуулсан бөгөөд салбар чуулган тус бүрт 3 багш сургалтын талаарх тайлан илтгэлийг тавьж илүү ойр дөт сэдвээр хоорондоо санал бодлоо солилцлоо. Эцэст нь салбар чуулган тус бүрийн удирдагчдаас нийтэд нь нэгтгэн дүгнэсэн тайланг тавьсан бөгөөд зохион байгуулагч Монголын япон хэлний багш нарын холбооны хаалтын үгээр энэ удаагийн симпозиум өндөрлөсөн юм.
    Симпозиумын үеэр авсан анкетыг нэгтгэж үзэхэд “Хамтдаа харилцан суралцах гэсэн заах аргын шинэ арга барилын талаар мэдэж авлаа”, “Япон хэлний JF стандартын тухай тодорхой тайлбарыг өгсөн нь их хэрэг боллоо”, “Япон хэлийг үргэлжлүүлэн заах урам зориг орлоо” зэрэг олон олон талархлын үг, санал бодлоо бичсэн байсан юм.
    Энэ удаагийн симпозиум нь япон хэлний боловсролын салбарт хийгдэж буй судалгаа шинжилгээний тайлан, илтгэлээр дамжуулан харилцан санал бодол, мэдээллээ солилцсон өдрүүд болж өнгөрлөө хэмээн хэлэхэд таатай байна.
(Япон хэлний сургалт хариуцсан ажилтан Э.Эрдэнэцэцэг)

“Японд суралцах тухай мэдээллийн яармаг- 2010”

    10-р сарын 9-ны Бямба гарагт Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвөөс анх удаа “Японд суралцах мэдээллийн яармаг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөр Монголын Хүүхдийн Ордонд Японы Элчин Сайдын Яам болон Оюутныг дэмжих Японы байгууллага (ЖАССО)-гийн хамтарсан “Японд суралцах тухай семинар” зохион байгуулагдсан бөгөөд мэдээллийн яармаг, семинар нь хоорондоо харилцан уялдаатай Японд суралцах тухай цогц мэдээллийг өгөх зорилготой зохион байгуулагдсан үйл ажиллагаа юм.
       
    
    Энэ удаагийн мэдээллийн яармагт Японы Олон Улсын их сургууль, Токай их сургууль, Рицүмэйкан их сургууль, Хоккайдо их сургууль, Ямагүчи их сургууль гээд нийт 5 сургууль оролцон, тус бүр өөрсдийн сургуулийн танилцуулгыг хийж, ороцогчдод ганцаарчилсан зөвөлгөө өглөө. Тус төвөөс нь анх удаа зохион явуулсан уг үйл ажиллагаа нь бямба гарагийн 10 цагаас эхэлж, нийт 490 хүн оролцож, орой болтол Японд суралцах сонирхолтой хүмүүс олноор ирж, ганцаарчилсан зөвөлгөө авч байсан.
    Ихэнх оролцогчид японд суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байсны сацуу хэлний чадвар сайтай хүмүүс их байсан тул ганцаарчилсан зөвөлгөө өгөх хэсэгт тухайн сургуулийн төлөөлөгчтэй шууд харилцан ярьж, зөвөлгөө авч байгаа нь энд тэндгүй харагдаж байсан юм. Ийнхүү их сургуулиудын төлөөлөгч, японд суралцахыг хүсэгчдийн хувьд багагүй мэдээллийг хоорондоо солилцож чадсан өдөрлөг болж өндөрлөлөө.
    Мөн Хүүхдийн Ордонд явагдсан семинарын оролцогчдын тоог нэгтгэхэд, 2 үйл ажиллагаанд нийт 1100 гаруй хүн хамрагдсан нь Монголын хүүхэд, залуучуудын Японд суралцах хүсэл сонирхол хир их байгаагийн тод жишээ гэж хэлж болно.
2008 оны статистикийн судалгаанаас үзэхэд, Японд 1145 Монгол оюутан суралцаж байгаа нь нийт хүн амын тоотой харьцуулахад, ихээхэн өндөр үзүүлэлт бөгөөд японд суралцаж байгаа хүний тоогоороо дэлхийд 1-рт орж байна. Түүнчлэн Японы засгийн газраас 2008 онд “300 мянган оюутныг Японд суралцуулах хөтөлбөр”-ийг тайлагнаж, улмаар 2020 он хүртэл гадаад оюутны тоог одоогийн 120 мянгаас 300 мянга хүртэл нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.
    Цаашид Японд суралцах хүсэлтэй оюутнуудыг дэмжих үйл ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү байдлыг дэмжих зорилгоор тус төв нь ирэх жил ч мөн адил Японд суралцах мэдээллийн яармагийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа тул Японд суралцах хүсэлтэй хүн бүхнийг уг үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг урьж байна.
(Зохицуулагч Сато Шинго)

“Гадаад орны хүүхдүүдийг Япон оронтой танилцуулах хөтөлбөрт хамрагдсан сурагчдын дуу хоолой”

    1. Японы Хүүхдийн боловсролыг дэмжих Хакүхо сангаас зохион байгуулсан    
“Гадаад орны хүүхдүүдийг Япон оронтой танилцуулах 3 дахь удаагийн хөтөлбөрт“ амжилттай оролцоод ирсэндээ баяртай байна.
9 сарын 11-ээс 20-ны өдрийг хүртэл Япон оронд зорчихдоо олон алдартай газруудаар явж танилцсан. Жишээ нь: Tokyo tower, Шинагавагийн усны амьтны хүрээлэн, Кэнчёожи сүм, Асакүса, Харажюкү, Акихабара гэх мэт .
    Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар цаг барих, элэгсэг дотно харилцаа, эмх цэгц, цэвэр цэмцгэр байдал зэргийг алхам тутамдаа мэдэрч ойлгож авсан. Хамгийн их таалагдсан зүйл бол хүүхдүүдийг биеэ даах чадварт сургахад чиглэгдсэн бодлогууд мөн түүнчлэн хүүхдүүдийн биеэ зөв авч явж байгаа байдал юм .
Би японд өөр улсын хүүхдүүдтэй байхдаа нэг дэлхий, нэг нар, нэг агаартай гэдгээ улам бүр ойлгож, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл ихэд төрсөн.
Иймээс өөрийн үзэж, харж, сонссон бүхнээ найз нөхөд, дүү нартаа хэлж тэдэнд танин мэдэхүйн цар хүрээг өргөжүүлэхийн төлөө хичээх болно.
(Монгени цогцолбор сургуулийн 10г ангийн сурагч Б.Хунцэцэг )

    2. Хакүхо хүүхдийн боловсролыг дэмжих сангийн шугамаар олон улсын хүүхдүүдтэй хамт Япон улсыг зориод ирсэндээ баяртай байна. Аравхан хоног явсан хэдий ч япон орны ёс заншил, түүх соёл, нийгэм, сургууль, хүмүүсийн харилцаа, гэх мэт зүйлсийн талаар ярилцан мэдлэгийнхээ хүрээг тэлж чадсан юм.
    Япон орон нь дэлхийн хэмжээнд дэвшилтэт технологоороо хөгжсөн агуу гайхамшигтай орон юм. Япон орны хүмүүс нь цаг бол алт гэсэн ойлголттой байдаг юм байна.
    Мөн түүнчлэн ямар ч хоггүй цэвэрхэн байдаг. Хүн бүр хогоо хогийн саванд хаях ёстой гэсэн зарчимтай. Хүн, машин нь гэрлэн дохиогоороо явдаг учир зөрчил болон замын түгжрэл гардаггүй Би япон улсыг бишрэн магтахын зэрэгцээ монгол улс болон сургуулиа үүний жишгээр байгаасай гэж хүсч байна. Жишээлбэл: Бид нар галт тэргэнд явж байгаад би цүнхээ мартсан. Гэнэт санаад буцаад очтол галт тэрэг байхгүй байсан. Хүнээс асуутал тэнд мартсан зүйлс хадгалдаг газар байгаа гэж хэлсэн. Тэгээд мартсан зүйл хадгалдаг газар очтол миний цүнх бүрэн бүтнээрээ байж байсан. Энэ бол маш том бахархууштай зүйл юм .
    Дараа нь бид нар Токо цогцолбор сургууль дээр очиход, маш цэвэрхэн сургууль өөдөөс угтсан. Японы сургуульд цэвэрлэгч гэдэг тусгай хүн байдаггүй. Учир нь өөрсдөө хоолоо идсэнийхээ дараа сургуулиа маш нягт нямбай цэвэрлэдэг ажээ.
Хүн хэзээ ч өөрийн хөлсөө дуслуулж хийсэн зүйлээ бохирдуулдаггүй. Тийм ч учраас үргэлж цэвэрхэн байдаг юм. Токо сургуулийн хүүхдүүд маш элэгсэг, найрсаг, хүнд сэтгэлээсээ ханддаг, бусдад тусалъя гэсэн сэтгэлгээтэй хүмүүс байдаг . Сурагчид формоо өдөр болгон ёс дүрмийнх нь дагуу өмсдөг бөгөөд төрсөн өдөр нь ч байсан хамаагүй формоо л өмсдөг . Энэ нь Японы хүүхдүүдийн сайн чанар юм. Тэд харилцаандаа “баярлалаа , уучлаарай“ гэсэн үгийг байнга хэрэглэдэг. Үүнээс харахад л харилцааны соёл яаж төлөвшсөн байгааг илтгэж байна.
    Өндөр боловсрол мэдлэгтэй Япон эмэгтэй хүмүүс хүүхэд гаргасныхаа дараа ажлаасаа гарч удаан хугацаагаар хүүхдээ асардаг нь багаас нь биеийг нь даалгаж хүмүүжилтэй харилцааны соёлтой болгож төлөвшүүлэхийн тулд байдаг юм байна гэж би бодож байна.
(Монгени цогцолбор сургуулийн 10г ангийн сурагч Б.Оюунбилэг)

    3. Япон улсын иргэд их соёлтой, цэвэрч нямбай, хүний төлөө, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байдаг. Япон эмэгтэйчүүд үр хүүхдээ сайн хүн болгох гэж ажлаасаа гаран гэрийн эзэгтэй болж хүүхдээ сайхан сэтгэлтэй, өгөөмөр, тусч хүн болгохын төлөө заан сургадаг .
    Би Японыг их гайхалтай орон гэж бодож байна. Яагаад гэвэл би Японд усны амьтадын үзүүлбэр үзэж байгаад 11000 ентэй түрийвчээ мартчихсан байсан. Японд хаясан гээсэн зүйлийг олсон хүн нь авчихдаггүй хаясан мартсан зүйл хадгалах газарт хадгалаад эзнийг нь ирэхээр буцааж өгдөг гэдэгийг багшаасаа сонсоод олдож магадгүй юм байна гэж тайвширсан. Комазава дээд сургуулийн Үсүй гэдэг сайхан сэтгэлтэй багш лавлахаас усны амьтны хүрээлэнгийн утсыг олж асууж өгтөл миний түрийвч байна гэсэн.Тэгээд хаясан түрийвчээ 2 хоногийн дараа очиж авсан. Хэрвээ би монголд байсан бол миний түрийвч хэзээ ч олдохгүй байх байсан. Манай Монголчууд ч бас ийм байдаг бол ямар сайхан бэ.
Япон Монгол бол хоёр өөр улс. Япон хүмүүс байгаль, дэлхий, агаараа бохирдуулж хүүхдүүдээ өвдүүлэхгүй байхын тулд хогоо ялган хаяж мөн хогоо газар хаядаггүй .
    Мөн япон хүүхдүүд боловсролтой болохын тулд хичээлдээ шамдан суралцаж, хичээл дээрээ ярих зэрэг аар саар зүйлийг гаргадаггүй. Мөн япончууд зөв хооллож, эрүүл мэнддээ анхаардаг учраас японы дундаж наслалт нь их өндөр байдаг. Манай улс ч гэсэн япон орон шиг хөгжингүй орон болно гэдэгт би итгэлтэй байна.
(Монгени цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Х.Тэргэл)

    4. Миний бие гурав дахь удаагийн “Гадаадын хүүхдүүдийг Япон оронтой танилцуулах“ хөтөлбөрт амжилттай оролцсондоо баяртай байна. Япон оронд очсоноор хүмүүс нь ухамсартай, тусч, эелдэг, харилцааны соёлтой байдгийг би мэдэж авсан. Япон орноос монголдоо авч хэрэгжүүлэх олон зүйл байна. Харилцааны соёл, мэндлэх, хүндлэх ёс гэх мэтчилэн.
Япончууд цагийг маш сайн баримталдаг, дүрэм журмыг маш сайн мөрддөг, бусдад саад болохгүй ажиллаж, амьдарч өөрийгөө зөв авч явдаг, хүнд төвөг уддаггүй, юмыг хийхээсээ өмнө бодож хийдэг мөн хийх ёстой зүйлээ гүйцэд хийдэг, ажил хөдөлмөрөө зөв хуваарилах гэх мэт олон зүйлийг ухаарч мэдэж авсан. 10 хоногийн хугацаанд бид олон орны хүүхдүүдтэй хамт байж найзалж, нөхөрлөж улс орныхоо тухай бас өөрсдийнхөө талаар ярилцаж, энэ хөтөлбөрт хамтдаа маш амжилттай оролцсон. Япончууд ганцхан бие гэдэг хувь хүн биш, бусдад анхаарал халамж тавьдаг. Манай монголчууд зөвхөн өөрийгөө л боддог том дутагдалтай. Бид энэ дутагдалуудаа засч чадвал япон орон шиг, японоос ч өндөр хөгжилтэй улс болж чадна. Иймээс бүгдээрээ хичээцгээе.
 (Монгени цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Х.Бат-Ерөөлт)

“Нэг минутын илтгэл”

    Төвийн захирлын санаачилгаар 6-р сараас эхлэн, дарга цэрэг гэлтгүй бүх ажилтан нар долоо хоног бүрийн баасан гарагт ээлж ээлжээр өглөөний цугларалтын дараа “Нэг минутын илтгэл” хийдэг болсноор, нилээдгүй хугацааг өнгөрлөө.
    Ийнхүү нэг минутанд бусдад шинэлэг мэдээлэл болох хийгээд сонирхолыг нь татахуйц яриаг бэлдэж, сонирхуулахыг хэн хүнгүй хичээцгээнэ.
Энэхүү илтгэлдээ ярьж буй хүн өөрийн амьдралын бодит жишээнүүдээс иш татсан байх нь олонтоо байсан бөгөөд илтгэгч бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг яриандаа тусгах ажээ. Жишээлбэл: Бусдад нэгийг ухааруулж, хоёрыг бодогдуулсан, сэтгэл догдлуулсан, бахархах сэтгэл төрүүлэхүйц, эсвээс гайхаш төрүүлэхүйц гэх мэт.
    Өнөөдрийг хүртэл нэг минутын илтгэл маань “Компьютер бидний амьдралд”,
“Сургамжит өгүүллэг” номын тухай, “Цэцгийн тайлал”, “Буриадын Итгэлт Хамба”, “Өглөөний цайны ач тус”, “Зөв, цэх суух арга”, “Би худлаа ярих дургүй” “Хожимдсон гэмшил”, “Монгол бичгийн гайхамшиг”, “Хайртай хүмүүстээ хэлэх үгс”, “Булган уулын тухай” гэх мэтийн сонирхолтой сэдвүүдээр явагдсан юм.
Долоо хоногийн ажлын хамгийн сүүлийн өдөр Баасан гарагт ийнхүү “Нэг минутын илтгэл”-г сонссноороо бид бүхэн эерэг энергийг авч, өдрийн турш эрч хүчээр дүүрэн, баяр хөөртэй байх үе цөөнгүй байдаг.
    Магадгүй та өөрийн байгууллага, хамт олон дундаа ажил, амьдралын тэнцвэрт байдлыг зөв зохистой байлгахад өчүүхэн ч гэсэн нөлөөлөхүйц жижиг гэлтгүй зүйлийг санаачилж, түүнийгээ хэрэгжүүлж болохгүй гэж үү. Танд амжилт хүсье.
(Мэдээлэл-Хамтын Ажиллагааны тасгийн ажилтан Б.Азбилэг )
 
“Монгол-Японы төвийн ээлжит 51-р нээлттэй семинар”


Төвийн ээлжит 51-р нээлттэй семинар 10-р сарын 23-ны бямба гарагт болж, 60 гаруй хүн оролцлоо. Энэ удаагийн семинарт “Ёс суртахуун болон иргэний боловсролын мөн чанар” гэсэн сэдвээр Монгол-Японы төвийн ажилтан, нийгмийн ухааны доктор Б.Оюунцэцэг илтгэл тавилаа.
        
  
    Семинараар Монголын 16 ЕБС-ийн 600 гаруй багш нараас авсан судалгаанд тулгуурлан, Монголын иргэний болон ёс суртахууны боловсролын өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээний талаар танилцууллаа.Мөн зүүн азийн голлох орнууд болох Япон, Солонгос, БНХАУ-ын иргэний болон ёс суртахууны боловсролын тогтолцоог танилцуулж, ёс суртахууны боловсролын заах аргын агуулга, арга барил монголд санаа авах зүйлийн талаар дүгнэлт хийж ярилаа. Семинарт оролцогчдод жишээ авсан орнуудын ёс суртахууны хичээлийн заах арга зүй зэрэг нь их таалагдсан бөгөөд үүнийг монголд хэрхэн хэрэгжүүлж болох эсэх талаар асуулт хариултын үеэр илтгэгчээс асуун хариулт авч байлаа. Мөн зөв сэдэв хөндөж, харьцуулсан судалгаа хийсэн нь таалагдсан бөгөөд үүнийгээ холбогдох газруудад уламжилж ажил хэрэг болгох талаар санал дэвшүүлсэн оролцогчид их байлаа.
(Мэдээлэл-Хамтын Ажиллагааны тасгийн ажилтан Т. Болормаа)