Сар бүрийн мэдээлэл
2010 оны 04-р сар
2012-01-23
“Хүний амь нас, хийгээд амьдралын үнэ цэнийн талаар мэдэж авцгаая”- Хинохара багшийн лекцээс
“Хинохара гэдэг нь нарны гэрэл туяаран тусах тал хэмээх утгатай. Миний явсан газар үргэлж цэлмэг байдаг.”
99 насыг зооглож байгаа гэхэд итгэмгүй чанга, цовоо нэгэн дуу хоолой Монгол-Японы төвийн их танхимд цуурайтан байлаа.
5-р сарын 4-ний өдөр Токиогийн Сэйрогийн олон улсын эмнэлгийн дарга, нэртэй их эмч Хинохара Шигэаки багш “Шавь” сургуулийн 4-р ангийн сурагчид болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн оюутан нарт “Хүний амины эрхэм мөн чанар” хэмээх лекцийг уншлаа. Монголд анх удаа зохион байгуулж буй уг семинарыг “Japan Auto Garage” компаний захирал Тулга хөтлөн явуулсан юм.
“Та бүхэн хүний амь хаана оршин байдгийг мэдэх үү. Зүрх бүх биед цусыг дамжуулан шахах үүргийг гүйцэтгэдэг. Зүрх зогсох юм бол бид амьдарч чадахгүй хэдий ч зүрх хэмээгч нь үнэндээ амь нас биш. Амь гэдэг хүний нүдэнд үзэгдэхгүй, бид түүнийг барьж ч мэдэрч чадахгүй.“
Хинохара багш цааш ийн ярилаа.
“Ингэхэд та нар хэний төлөө хоол идэж байгаа юм бэ? Хэний төлөө унтаж, тоглож байна вэ? Тиймээ, зөвхөн өөрийнхөө төлөө. Хүүхдүүд цагаа өөрсдийнхөө төлөө зориулдаг. Харин насанд хүрч, том хүн болохоороо хэн нэгний төлөө цагаа зарцуулах болдог. Тэр л бусдын төлөө амь биеэ зориулж байгаа хэрэг юм аа.”
Тэрбээр, оролцогч хүүхэд багачуудаас басхүү асуулаа.
“Та нар том болохоороо ямар мэргэжилтэй хүн болъё гэж бодож байна? За чи? Чи? хэмээхэд, хүүхдүүд дор бүрнээ “Багш болно.”, “Эмч болноо” хэмээн цовоо, сэргэлэн дуугаар хариулцгаах.
“Би Японд нийт 137 дунд сургуульд очин, лекц уншиж, хүүхэд багачуудаас ирээдүйд та нар ямар хүн болох вэ? гэж асуухад, ихэнхи хүүхдүүд хариулж чадаагүй. Та нарыг ингэж шууд, итгэлтэй хариулна гэж бодсонгүй. Та нар үнэхээр мундаг хүүхдүүд байна.
“Амьдарна гэдэг амиа зориулна гэсэн үг. 110 насыг зооглоод, дахин Монголд ирнээ.” Ийнхүү хэлсээр, семинар маань өндөрлөлөө.
Түүний дараа, “Шавь” сургуулиас нэртэй их эмч, өвгөн багшид дурсгалын бичиг гардуулсан бол багш маань мөн өөрийн гарын бэлгээ сургуулийн хамт олонд өгсөн юм.
Дунд сургуулийн сурагчдад зориулсан хэсэг дуусан, их сургуулийн оюутнуудын асуулт, хариултын цаг эхэллээ.
Багш анагаах ухааны оюутнуудад ийнхүү ярив.
“Би 26 настайдаа анагаах ухааны сургууль төгсөж, 70 жил эмчийн мэргэжлээрээ ажиллаж байна. Өвчний улмаас 1 жил сургуулиасаа чөлөө авсан юмдаг.Тэр үедээ хөгжим сонирхдог боллоо. Зохиолчид ч тийм байдаг болов уу. Урт наслаж байж гэмээн нь сайн эмч болно. Сайн эмч болохын тулд нэг алдаагаа дахин давтахгүй байх явдал их чухал. Түүгээр ч барахгүй өөрийн алдааг залуу үеийнхэндээ хэлж, ярьж, сануулж байх хэрэгтэй.”
“Компьютерийн томографи, соронзон долгионы зураг болон дуран авиа хөгжиж буй өнөө үед асууж оношилгүйгээр эхнээсээ л шинжилгээний багаж, хэрэгслэлд найдах нь их болжээ. Шинжилгээ авахаасаа өмнө өвчтнөөс өвчнийх нь талаар сайн тодруулж асуух шаардлагатай. Аль болох өвчтөндөө илэн далангүй ярих боломжийг олгох хэрэгтэй. Дадлага хийгээд л байвал, чагнуураар чагнах төдийд л зүрхний өвчний 70 хувийг нь оношлож чаддаг болдог юм даа.”
Ингээд багш урт наслахын нууц болоод эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зөвөлгөө өгсөн юм.
“Ямар ч хүн 30 настай байх үеийн биеийн жин, бэлхүүсний хэмжээгээ алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Улаан өнгөтэй хүнсний зүйл тэр бүр муугаар нөлөөлдөггүй ч өөх, тостой хоол, хоол хүнс ихээр хэрэглэснээр холострин ихсэж, улмаар зүрхний өвчин үүсэх гол шалтгаан болдог. За, тэгээд халууны шил, биеийн жин хэмжих багаж, даралтны аппарат энэ 3 айл өрх бүрт байхад их хэрэгтэй эд дээ, та нар өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч, өвчнөөс урьдчилан сэргийлье гэж байгаа бол заавал энэ 3-н багажтай болоорой.” хэмээв.
Мөн багш маань хавдартай өвчтөнд эхэндээ хавдрынх нь талаар хэлэлгүй, хэвлийн гялтан хальсны өрөвсөл хэмээн хэлсэн боловч, тэрхүү өвчтөн шалаад байхаар нь яах ч аргагүй болсноор, үнэнийг хэлсэн зэрэг, эмчээр ажиллаж байгаа энэ он жилүүдийн арвин их туршлагаасаа хуваалцлаа.
Семинарыг нээж, улсын их хурлын гишүүн Ганхуяг мэндчилгээ дэвшүүлэн, үг хэлсэн билээ.
Эрхэм гишүүний мэндчилгээний дараа, Японы нэртэй “Аuto center Mori” компаний ерөнхийлөгч Мори Такэши авто машины сэлбэгийн дахин ашиглалт нь байгаль, орчны асуудлыг шийдвэрлэхэд багагүй хувь нэмэр болдог тухай, мөн Монгол дахь өөрсдийн оролцооны талаар товч танилцуулсан юм. Хинохара багшийн семинарыг Мори ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан гэдгийг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Ингээд эцэст нь хэлэхэд, Япон төвийн захирал Морикава миний бие эрхэм хүндэт Хинохара багш танд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд цаашдынх нь ажил үйлст өндөр амжилтыг хүсэн, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье.
Жич: Хинохара багшийн бэлэглэсэн статистикийн номыг төвийн номын сандаа тавьсан болно.
Захирал Морикава Хидэо
“Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх оношилгоо зааварчилгааны хөтөлбөр”
Монгол-Японы төв нь 2009 оноос шинээр бизнес сургалтын нэгэн тулгуур багана болгон, загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх оношилгоо зааварчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус хөтөлбөрт нийт 9-н аж ахуйн нэгж хамрагдаад байна. Тус хөтөлбөрт Монгол-Японы Төвийн үндсэн сургалт болон бусад сургалтанд оролцож байсан аж ахуйн нэгжүүдээс сонгон шалгаруулалт хийдэг бөгөөд бизнес сургалтын ахисан төвшний үйл ажиллагаа болж байгаа юм.
2011 оны 1-р сарын сүүлчээр Монгол дахь ЖАЙКА-ийн төлөөлөгчийн газар, Монгол Улсын Их Сургууль, EBRD хөтөлбөрийн төлөөлөгчийн газар, Монголын Сангийн Яам, Монголын жижиг дунд үйлдвэрийн газар, TSL (2 үе шатлалт зээл)-н хариуцагч нар, Каизэн холбоо, Монголын Менежмент-Консалтантын холбоо, бизнес сургалтын төгсөгчид, бусад хамтран ажилладаг байгууллагуудыг урьж оролцуулж, хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжийн оношилгоо зааварчилгаанаас гарсан амжилт, ололтоос танилцуулах семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн тэр үеэр, загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн тогтолцоо болоод хөгжүүлэх арга барил, үр дүнг бодит жишээнүүдийг эмхэтгэн, төлбөртэйгээр хүргэхээр зорьж байна.
Бодит жишээнүүдийн эмхэтгэлийг Монгол, Япон хоёр хэл дээр гарган, хамтран ажилладаг байгууллагуудад хүргэх болно.
2011 онд загвар аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх хөтөлбөрийг улам өргөжүүлэн, Монголын дунд хэмжээний аж ахуй нэгжээс эхлүүлээд томоохон үйлдэрүүдийг ч хамруулахыг бодолцож байна.
Энэ нь Монгол-Японы төвийн санхүүгийн чадамжинд нөлөөлж, улмаар төвийн бие даан үйл ажиллагаагаа явуулахад багагүй хувь нэмэр оруулах болно.
(Бизнес сургалт хариуцсан мэргэжилтэн Кавагүчи Шиничиро)