Сар бүрийн мэдээлэл
2010 оны 2-р сар
2012-01-23
 “Үндэсний зөвлөх бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа”

        Монгол дахь үндэсний зөвлөхүүдийн зөвлөх ур чадварыг дээшлүүлэхийг зорьж, улмаар тэдний мэдлэг чадвараар дамжуулан, монголын эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор Үндэсний зөвлөх бэлтгэх сургалтыг анх удаагаа зохион байгууллаа. Тус хөтөлбөрийг Монгол-Японы Төв, МУИС-ийн ЭЗС, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн газар, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газартай тус тус хамтран зохион байгуулж, нийт төгсөгчдөд дээрх 4 байгууллагын нэр бүхий гэрчилгээг олгосон. Тус сургалтанд оролцогчдын тоог 40 хүнээр хязгаарласан байсан хэдий ч сургалтанд хамрагдахыг хүссэн хүний тоо 87-д хүрч байсан юм.
Монгол-Японы төвөөс амжилттай суралцсан төгсөгчдөд сургалтын төлбөрийг буцаан олгох (эхний шилдэг суралцагчид 100 хувь, удаах 2, 3-р байрт орсон суралцагчдад тус бүр 50 хувийг буцаан олголоо) болон шилдэг илтгэлийн шагнал зэрэг тусгай шагналыг олголоо.
Хэзээ: 2010 оны 1-р сарын 7-ноос 2-р сарын 5 хүртэл нийт 10 өдөр
Хаана: Монгол-ЯпоныТөвийн Семинарийн танхим, МУИС-ийн хичээлийн танхим
Сургалтын агуулга:
Монголын Жижиг, Дунд Аж Үйлдвэрүүдэд авч буй арга хэмжээ................. ЗГХАЖДҮГ
Менежментийн зөвлөгөөний хамрах хүрээ.................................................. Монгол-Японы төв
Байгууллагын стратегитэй холбоотой зөвлөгөө.......................................... ЕСБХБ-ны Монгол дахь төлөөлөгчийн газар
Санхүүгийн стратегитэй холбоотой зөвлөгөө.............................................. МУИС
Байгууллага, хүний нөөцийн стратегитэй холбоотой зөвлөгөө.................. Монгол-Японы төв
Бизнес процесс дахин инженерчлэл............................................................ Монгол-Японы төв
Маркетингийн стратегитэй холбоотой зөвлөгөө......................................... ЕСБХБ-ны Монгол дахь төлөөлөгчийн газар
Өртөг, удирдлагын стратегитэй холбоотой зөвлөгөө................................. МУИС

        Энэ удаагийн сургалтын зорилго нь менежментийн болон ганцаарчилсан зөвлөгөөний хамрах хүрээ болон арга хэрэгслийг ашиглах чадварыг олгоход оршсон юм. Үүний тулд сургалтаа дан ганц лекцээр бус бодит жишээн дээр тулгуурлан заах, багаар ажиллах болон багийн илтгэлийг хослуулсан сургалтын хэлбэрүүдийг сонгон авч явууллаа. 2010 оны 5-р сараас Үндэсний зөвлөх бэлтгэх сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, мөн 10-р сараас эхний болон 2 дахь удаагийн сургалтын төгсөгчдөд зориулсан ахисан төвшний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
(Бизнес сургалт хариуцсан мэргэжилтэн Кавагүчи Шиничироо)

 “Япон хэлний боловсролыг хөгжүүлэх судалгааны багийн 20 дахь уулзалтын талаарх” оролцогчийн сэтгэгдэл

        2010 оны 2-р сарын 23-нд Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв дээр Монголын Япон хэлний багш нарын холбооноос санаачлан зохион байгуулдаг “Япон хэлний боловсролыг хөгжүүлэх судалгааны багийн 20 дахь уулзалт” амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалтанд тус төв нь хамтран зохион байгуулагчаар оролцдог бөгөөд нийтдээ 16 хүн оролцож, санал бодлоо солилцлоо.
    Тус уулзалтын гол зорилго нь “Монгол дахь Япон хэлний судалгааны ажлыг гүнзгийрүүлэх, япон хэлний багш нарын хоорондын мэдээллийн сүлжээг эрчимжүүлэх, япон хэлний боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах” явдал юм.
    Уулзалтын эхэн хэсэгт МУИС-ийн япон хэлний багш Хирү Юкари сурагчдын чадвар онцлогийг тусгасан хичээл-Ярианы хичээл дээрх “Жүжиг” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Энэхүү илтгэлийн агуулга нь тус их сургуулийн япон хэлний 2-р курсын оюутнууд ярианы хичээл дээрээ бүлэгт хуваагдан, “Нугасны муухай дэгдээхэй”, “Тогоруу ач хариулсан нь”, “Хэн хамгийн ахмад нь вэ?”, “Үнсгэлжин” зэрэг монгол, япон болон дэлхийн бусад улс орны алдартай үлгэр домгуудаас өөрсдийнхөө дуртай, сонирхолтойг нь сонгон авч жүжиг тавьсан тухай байлаа.
“Жүжиг тоглох санал тавьбал оюутнууд маань хэрхэн хүлээж авах бол. Идэвх зүтгэлтэй оролцох болов уу. Ямар үр дүн гарах бол” гээд цөөнгүй зүйлд сэтгэл нь зовж байсан боловч сэтгэл шулуудан, хийгээд үзэхээр шийдсэнээ илтгэгч багш бидэнд ярьсан юм. Гэтэл санаанд оромгүй зүйл болж, оюутнууд багшийн саналыг баяртайгаар хүлээн авч, анхны өдрөөс л эхлэн идэвхитэй оролцож эхэлсэн байна. Үнэнийг хэлэхэд, манай япон хэл сурч байгаа оюутнуудын хувьд сурч буй хэлээ хэрэглэж үзэх нөхцөл боломжоор дутмаг байдаг нь нууц биш. Ийнхүү жүжигчилсэн тоглолт хийх болсон нь оюутнуудын хувьд ёстой загатнасан газар нь маажсантай адил зүйл болсон нь ойлгомжтой. Жүжиг болох өдөр хүртлээ сурагчид зурж, зорж, сийлж, урлах зэргээр жүжигт хэрэгтэй бүх зүйлсээ өөрсдийн гараар хийж, багшаасаа зөвлөгөө аван, алдаагаа засах зэргээр бүгд идэвхийлэн оролцсон нь чухамхүү сурагч, оюутнууд үүнтэй ижил бүтээлч амьд хичээлийг хүсэн хүлээж байгаа нь багшийн ярианаас мэдрэгдэж байсан юм. Энэ нь ажилласан жил цөөн, багшийн дадлага туршлага хомсхон над шиг хүний хувьд маш сургамж болсныг нуух юун. Хэзээ нэгэн цагт би ч гэсэн хичээл дээрээ энэ аргыг хэрэглэж үзнэ дээ хэмээн бодож суулаа.
    Уулзалтын 2-р хагаст багш нар баг болон хуваагдаж сонгож авсан сэдвийнхээ хүрээнд хэлэлцүүлэг явуулсан юм. Миний оролцсон багийн тухайд “Монголын их дээд сургуулиудын япон хэлний сургалтын хөтөлбөр дэхь тулгамдсан асуудлууд” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг маань өрнөлөө. Олон янзын сургуулиас ирж оролцож байгаа багш нар тус сэдвийн хүрээнд өөрсдийнхөө сургуулийн хичээлийн хөтөлбөрийн агуулга болон мөн тэдэнд тохиолддог олон янзын бэрхшээлийн талаар ярьж, санал бодлоо солилцлоо. Өөрийн ажиллаж буй газраасаа өөр сургуулиудын нөхцөл байдлын талаар тэр бүр мэдэхгүй би болон бусад багш нарын хувьд ч гэсэн багагүй мэдээллүүдийг авч чадсан гэдэгт итгэж байна. Мөн нөгөө талаар тус уулзалтанд оролцсон нийт 16 багшийн ердөө гурав нь л монгол багш байсан нь тун харамсалтай санагдаж байсан бөгөөд монгол багш нар аль болох түлхүү оролцож, япон багш нартай танилцаж, санал бодлоо солилцон, мэдлэг мэдээлэл олж авч байвал цааш цаашдын ажил үйлсэд нь нэн хэрэгтэй болохыг мэдэрсэн юм.
(Япон хэлний тасгийн ажилтан Т. Сансартуяа)