Сар бүрийн мэдээлэл
2009 оны 11-р сар
2012-01-23
“Бизнесийн компьютерийн сургалтын цагийн багшийн сэтгэгдлээс”
Анх орж ирсэн өдрөөс эхэлж, төвийн хүлээн авахын ажилтнаас эхлээд удирдлага хүртэл бүгд найрсаг дотно хандаж байсан ба хүн бүр өөрсдийн хариуцсан ажилдаа хариуцлагатай ханддаг нь илт мэдрэгдэж байлаа. Шат шатандаа харилцан уялдаатай, хоорондоо нягт холбоотой ажилладгаас аливаа тулгамдсан асуудал, тулгарсан бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэж чаддаг санагдсан. Энэ бүхний цаана чадварлаг баг, хамт олон, удирдлагын зөв менежмент байгаа нь ойлгомжтой. Суралцагчид төдийгүй багш, ажилчдын хувьд ажиллах суралцах таатай орчин хамгаас чухал. Монгол-Японы төв нь энэ орчинг бүрдүүлсэн нь ажиллаж, суралцаж буй хүмүүсийн хандлагаас харагдаж байдаг.
Та бүхний цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.
(Компьютерийн сургалтын цагийн багш Д.Эрдэнэбат)
“Бизнесийн компьютерийн сургалтын цагийн багшийн сэтгэгдлээс”
Монгол-Японы төвд цагийн багшаар орж, соёлч боловсон үйлчилгээ, чанартай сургалттай, чадварлаг хамт олонтой ажиллаж байгаадаа баяртай байна.Төвийн зүгээс багш, суралцагчдад таатай орчинг бүрдүүлж өгснөөс гадна сургалтын материаллаг бааз сууриар бүрэн хангагдсан байдаг нь сургалтын давуу тал гэж бодож байна.
Хичээл заах явцад бэрхшээл гараагүй ч зарим тохиолдолд суралцагчдын компьютерийг ашиглах түвшин харилцан адилгүй байгаагаас шалтгаалан, сургалтыг саармаг болгох тал ажиглагдсан.Тухайлбал: Зааж байгаа хичээлийг ерөнхийд нь мэддэг 2-3 хүн байхад зарим үед тэдгээр хүмүүс нь хичээлийн дундуур болон дадлага хийх явцад интернэтээр аялаж, бусдын анхаарлыг сарниулах тохиолдол цөөнгүй гарч байсан юм.
Иймд цаашид суралцагчийн компьютерийн мэдлэгийн түвшинг нарын тодорхойлж, нэг групп болгох буюу түвшинд нь тохирсон хөтөлбөрийг боловсруулан сургалтаа явуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
(Компьютерийн сургалтын цагийн багшТ. Булганмаа)
“Хилийн чанад дахь Япон хэлний багш нарын 3 дахь удаагийн сургалт”-нд оролцсон сэтгэгдэл
10-р сарын 29-ний өдрөөс 11-р сарын 10-ны хооронд Япон улсад зохиогдсон “Хилийн чанад дахь Япон хэлний багш нарын 3 дахь удаагийн сургалт”-нд оролцоод ирлээ. Дэлхийн 10 орны нийт 13 багш нар оролцсон юм.
Энэ удаагийн Япон хэлний сургалтаар олон зүйлийг сурч мэдлээ.
Заах арга зүй: Япон хэлний багшийн хувьд Япон хэлний мэдлэг чадвар болон заах аргын үр дүнтэй аргачиллаас сурч мэдлээ. Жишээ нь: Хичээлийн явц, үсэг заах арга, харилцан яриа заах арга, дүрэм заах арга, гарын доорх материалыг хичээлд үзүүлэн таниулах материал болгон хэрэглэх, төрөл бүрийн сонирхолтой сургалтын идэвхтэй аргуудаас суралцан, хичээлийн бэлтгэлийн явцад ашиглахуйц янз бүрийн ашигтай Web site-уудыг заалгуулж мэдлээ. Мөн түүнчлэн дээрх үзэж судалсан хичээлүүдэд гарын авлага болохуйц материалуудыг цуглуулж,бэлтгэж авлаа.
Японы түүх соёлын талаар: Японы түүх соёлтой холбогдох Эдо Сэнкэй-н цайны ёслол, Камакүра дахь Тэракоягийн үйл ажиллагааны нэг болох уран уншлага, япон лам нарын зоог барих ёс жаягийн талаар сурч мэдлээ. Үүгээр дамжуулан япон хэлний багшийн хувиар мэдэж байвал зохих мэдлэг боловсролоо дээшлүүлж чадлаа.
Сургууль болон нийгэм: Сайтама хотын Токива дунд сургуульд очиж, багш сурагчидтай харилцан ярилцаж, сургуулийн нэг өдрийн амьдрал болон тухайн хотын орчинтой танилцлаа. Дэлхийн хүүхдүүдийн Япон хэлний интернэтийн сүлжээ буюу HGN-р дамжуулан хөтөлбөрт хамрагдсан бусад орны багш нартай холбогдон хамтарч ажиллаж, зөвлөлдөх боломжтой боллоо. Бид бүхэн хэдийгээр өөр өөр улс оронд ажиллаж амьдарч байгаа ч зааж буй хичээл, зорилго, тохиолдож буй бэрхшээл адил учраас хамтран ажиллаж зөвлөлдөж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, сайжруулах боломжтой боллоо.
Энэ сургалтанд оролцсоноор Японы түүх соёлын талаар шинэ мэдлэгийг олж авсан. Урьд өмнө сурагчдын тавьсан асуултанд бусдын яриа, уншсан ном, үзсэн видео бичлэг зэргээс олж авсан мэдлэгийнхээ хүрээнд зааж тайлбарлаж өгдөг байсан бол одоо энэ сургалтанд хамрагдсанаар өөртөө итгэлтэйгээр зааж чадахуйц боллоо. Мөн түүнчлэн япон хүмүүсийн харилцааны соёл, ажилд хандах хандлага, аливаа зүйлийг урдаас төлөвлөж хийдэг сэтгэлгээ, цаг баримтлах, өөрийн улс орны түүх соёлыг эрхэмлэх сэтгэл зүй нь үнэхээр гайхалтай байлаа. Энэ нь өнөө үеийн монголчууд бидэнд дутагдаж буй чанар юм. Юуны өмнө энэ сайн чанаруудыг өөртөө бий болгож, цаашид япон хэл заангаа сурагчиддаа ч ийм сэтгэлгээ чадварыг төлөвшүүлж өгөхийг хүсч байна. Өнөөгийн монголчуудын сэтгэлгээг бага ч болов өөрчлөхийг хүсч байна. Дунд сургуулийн багш нарт чиглэсэн ийм сургалт урд нь байгаагүй бөгөөд “Хакүходо” хүүхдийн боловсролыг дэмжин хэрэгжүүлэх нийгэмлэгээс зохион явуулж буй энэ сургалт нь хилийн чанадад япон хэл зааж буй япон хэлний багш бидний хувьд япон улсыг таньж мэдэх, япон хэлний мэдлэг чадвар, заах аргыг дээшлүүлэхэд үнэхээр тус дэм болох бид бүхний хүсэн хүлээж байсан сургалт байлаа. Ийм боломжийг олгож өгсөн Японы “Хакүходо” хүүхдийн боловсролыг дэмжин хэрэгжүүлэх нийгэмлэгийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна. Сургалтаар сурч мэдсэн зүйлээ хичээлдээ хэрэглэж, цаашид улам хичээж хүүхдүүдэд япон хэлний сайн сайхныг мэдрүүлж өгөхийг хичээх болно.
(“Монгени” цогцолбор сургуулийн япон хэлний багш Т.Оюунгэрэл)