Сар бүрийн мэдээлэл
2009 оны 10-р сар
2012-01-23
“Хүний нөөцийн удирдлага” ахисан түвшний сургалтын багшийн сэтгэгдлээс
Монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.Бизнесийн сургалтын “Хүний нөөцийн удирдлага” хичээлийн багш миний бие 10-р сарын 12-оос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ахисан түвшний сургалтын талаар товч танилцуулж байна.
Ахисан түвшний сургалт нь бизнес сургалтын төгсөгчдөд зориулсан илүү практик шинжтэй сургалт юм. “Хүн”-тэй холбоотой салбар нь өргөн хүрээтэй, гүнзгий агуулгатай бөгөөд компаний ажиллагсадын нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтээр зогсохгүй хүний нөөцийг үнэлэх, шагнаж урамшуулах, хүний нөөцийн хөгжил, түүнчлэн байгууллагын уур амьсгалын өөрчлөлт хүртэл орно. Хамгийн чухал нь дээрхи бүгд өөр хоорондоо хамааралтай бөгөөд хүний нөөцийн бүтэц зохион байгуулалтыг бүхэлд нь сайтар ойлгосны үндсэн дээр өөрийн компанид тохирсон хэв загварыг (хүний нөөцийн тогтолцоо) бий болгохгүй бол компани бусдаас ялгарч чадахгүйн зэрэгцээ компаний ажиллагсдад тулгарч буй аливаа асуудлууд шийдвэрлэгдэхгүй байсаар байх болно.
Энэхүү зохион байгуулалтын үндэс суурь нь менежментийн үзэл баримтлал юм.
Бизнесийн үндсэн сургалтаар зохион байгуулалтын талаар анхан шатны мэдлэгийг авах төдийд л 5 хоног дуусдаг тул ахисан түвшний сургалтаар оролцогчид менежментийн үзэл баримтлалдаа тулгуурлан өөрийн компанид тохирсон хүний нөөцийн тогтолцоог бүрдүүлэх дасгал ажилласан юм. Сургалтанд хүний нөөцийн тогтолцоо нь хэдийнээ бүрдсэн байгууллагаас гадна компанидаа хүний нөөцийн тогтолцоог дөнгөж шинээр хийж эхлэх гэж буй байгууллага ч цөөнгүй байлаа. Энэ удаагийн сургалт компаний удирдах албан тушаалтнуудад зориулсан байсан хэдий ч захирлууд хүний нөөцийн мэргэжилтний хамт оролцож, хүний нөөцийн стратегийн талаархи “зөвөлгөөн” зохион явуулж, бусад компаний удирдлагуудтай санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.
Компаний удирдах албан тушаалтнууд, үйлдвэрлэл эрхлэгчид өдөр бүр завгүй байдгаас компанид нэн шаардлагатай байдаг хүний нөөцийн тогтолцоог бий болгох тал дээр хангалтгүй ажилладаг нь харагддаг. Иймээс тус сургалтаар дан ганц шинэ мэдээллийг олж авах бус, өөрийн компанидаа хэрэгжүүлж болохуйц оновчтой арга барилуудыг боловсруулж, хүний нөөцийн тогтолцоогоо бүрдүүлэн бий болгоцгоолоо.
Би Монгол оронд 2 дахь удаагаа ирж байгаа бөгөөд Монголын удирдах албан тушаалтнуудын шургуу дайчин чанараас үргэлж эрч хүч авч байлаа.
Сургалтын үеэр бид хоорондоо санал бодлоо солилцохын хамтаар шинэ зүйлсэд суралцаж, хамтдаа өсөн дэвжиж байсан нь компани дахь ажиллагсад удирдлагын харьцаатай ижил мэт санагдаж байлаа.
Сургалтанд хамрагдсан нийт аж ахуй нэгж байгууллагын цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
(Хүний нөөцийн удирдлагын мэргэжилтэн Ямазаки Кёоко )
“3 дахь удаагийн япон хэлний боловсролын симпозиум”
Өнгөрсөн 10-р сарын 16-аас 17-ны өдрүүдэд Монгол-Японы Төв дээр тус төв болон Коотэй Их сургууль, Ообирин Их Сургуулийн дэмжлэгтэйгээр Монголын япон хэлний багш нарын холбооноос зохион байгуулсан “3 дахь удаагийн япон хэлний боловсролын симпозиум” өргөн хүрээнд болж өнгөрлөө. Тус симпозиумд бага дунд, их дээд сургууль болон япон хэлний сургалтын төвүүдийн багш нар болон япон хэлийг сонирхон судалж буй их дээд сургуулийн оюутнууд зэрэг нийт 120 гаруй хүн оролцлоо.Уг симпозиум нь “Япон хэлний боловсролын салбарт ажиллаж буй багш нарын хоорондын мэдээллийн сүлжээг өргөжүүлэн тэлэх болон япон хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх” явдлыг гол зорилгоо болгосон бөгөөд симпозиумын эхний өдөр буюу 10-р сарын 16-ны өдөр Коотэй Их Сургуулийн эрдэмтэн профессор Цүчия Чихиро багш “Сургалтын орчинг бүрдүүлэх нь-Япон хэлний өндөр мэдлэгтэй жинхэнэ боловсон хүчинг бэлтгэх үйлийг гол зорилгоо болгохуй” сэдвээр сонирхолтой лекцийг уншлаа.
Цүчия багш илтгэлдээ “Суралцах орчин гэдэг нь дан ганц сургууль төдийхнөөр хязгаарлагдахгүй бөгөөд үүнд сургуулийн найзууд, ажлын хамт олон, зурагт радио, тэр ч байтугай интэрнэт хүртэл багтдаг болоод байна. Төрийн бодлого, улс төр эдийн засгийн тогтворгүй байдал хүртэл залуусын суралцах орчинд ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг. Эдгээр олон хүчин зүйлсийн дотор суралцагчид оршдог. Суралцагч, сургалтын орчин хоёр харилцан бие биетэйгээ уялдаж бие биедээ нөлөөлж байж, сая хэл сурах үйл явц бүрэлддэг хэмээн өгүүлсэн юм.
Симпозиумын 2 дахь өдрийн үдээс өмнө япон хэлний сурах бичгийг хэрхэн чадварлагаар ашиглах тухай лекцийг Ообирин Их Сургуулиас бага дунд сургуулийн багш сурагчдад зориулан бэлтгэн гаргасан “Монголын салхи” хэмээх гарын авлага, сурах бичгийг ашиглан workshop буюу группээр харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулсан нь симпозиумын нэгэн шинэлэг хэлбэр болж чадсан юм. Мөн 2 дахь өдрийн үдээс хойш бага дунд болон их дээд сургууль, хэлний төвүүдээр нь ангилж, салбар чуулганыг зохион байгуулсан бөгөөд салбар чуулган тус бүрт 3 багш хичээлийн дадлага болон илтгэлийг тавьж, илүү ойр дөт сэдвээр хоорондоо санал бодлоо солилцлоо. Эцэст нь салбар чуулган тус бүрийн удирдагчдаас нийтэд нь нэгтгэн дүгнэсэн тайлан илтгэлийг тавьсан бөгөөд зохион байгуулагч Монголын Япон Хэлний Багш нарын холбооноос симпозиумыг дүгнэсэн хаалтын үгээр энэ удаагийн симпозиум өндөрлөсөн юм.
Симпозиумын үеэр авсан санал асуулгын дүнг нэгтгэж үзэхэд, “Урьд нь эргэлздэг байсан зүйлээ сайн мэдэж, өөрийн болгож авч чадлаа”, “Япон хэлний бусад багш нартай хамтран, хичээлийн төлөвлөгөө боловсруулж, санал бодлоо солилцлоо”, “Бусад багш нарын санал бодлоос сонсож, их зүйлийг мэдэж авлаа”, “Бодитой, сонирхолтой сэдэв, лекцүүд ихтэй сайн чуулган болж өнгөрлөө”, “Сурах бичиг ашигласан практик хичээл нь их үр дүнтэй боллоо” зэрэг олон, олон талархлын үг, санал бодлоо бичсэн байлаа.
Энэ удаагийн симпозиум нь япон хэл болон япон хэлний боловсролын талаарх судалгаа шинжилгээ, дадлага хичээлийн тайлан илтгэл хосолсон харилцан мэдээлэл, санал бодлоо солилцож, цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэхэд боломж бололцоог нээж өгсөн үр дүн бүхий үйл ажиллагаа болж өнгөрлөө хэмээн хэлэхэд таатай байна.
(Япон хэлний сургалт хариуцсан ажилтан Т.Сансартуяа)
“FAMD Японоор хэн сайн ярих вэ” уран илтгэлийн уралдаанаас
Энэ жил анх удаа Монгол улсад “FAMD Японоор хэн сайн ярих вэ” уран илтгэлийн уралдааныг “Аж үйлдвэрийн хөгжил ба бүтээгдэхүүний үйлдвэрлэл” гэсэн сэдвээр зохион явууллаа.Энэхүү “FAMD Японоор хэн сайн ярих вэ” уран илтгэлийн уралдааныг Азийн Удирдлагын Хөгжлийг Дэмжих Сан (FAMD) зохион байгуулж, Монгол дахь ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газар, Монголын Япон хэлний багш нарын холбооноос дэмжин, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв хэрэгжүүлэгч байгууллагаар тус тус ажилласан юм.
Азийн Удирдлагын Хөгжлийг Дэмжих Санг Японы электрон, цахилгаан барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8-н томоохон компани хувь нийлүүлж, байгуулсан бөгөөд үйл ажиллагааны зорилго нь Азийн орнуудын жижиг, дунд үйлдвэрлэлийн менежментийн удирдлага болон хүний нөөцийг дэмжих, улс орнуудын дэмжлэг туслалцаа, найрамдалт харилцааг өргөжүүлэх явдал юм. Ийнхүү тус сан нь Азийн аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар, 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ удаагийн уран илтгэлийн уралдааны онцлог нь сургуулиа төгсөөд, нийгэмд ажиллахын зэрэгцээ япон хэлээ үргэлжлүүлэн сурч буй хүмүүст оюутнуудтай адилхан хүчээ сорих боломжийг олгосон явдал байлаа. Мөн уралдааны сэдэв нилээн шинэлэг байсан нь оролцогчдод төдийгүй хөгжөөн дэмжигчдэд аж үйлдвэр, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар багагүй зүйлийг бодогдуулсан болов уу гэж бодож байна.
“FAMD Японоор хэн сайн ярих вэ” уран илтгэлийн уралдааны эхний шалгаруулалт болох бичгийн шалгалт (тест болон зохион бичлэг) нь 9 сарын 26-нд явагдаж, нийт 85 хүн оролцсон. Амжилттай оролцож, өндөр оноо авсан 10 хүн нь 10 сарын 10-ны бямба гарагт болсон уран илтгэлийн уралдаанд оролцсон билээ. Хөгжөөн дэмжихээр ирсэн 100 гаруй хүний өмнө оролцогчид маань аж үйлдвэрийн талаарх өөрийн санаа бодлоо чадварлагаар илэрхийлсэн нь үзэгчдийн талархлыг ихээхэн төрүүллээ. Шүүгчдийн зөвлөлийн дарга Фүжишима мэргэжилтэн 10-н илтгэгчийг уул уурхай, мал аж ахуй гэсэн өнөөгийн монголын аж үйлдвэрлэлийн гол гол салбарыг хөндөн, илтгэлээ тавьсан нь үнэхээр сайшаалтай боллоо хэмээн дүгнэсэн юм.
Ингээд уралдаанд амжилт гаргасан оролцогчдоо танилцуулъя.
- Тэргүүн байр: Д. Номиун (хувийн дугаар 6) Илтгэлийн нэр: “Монголын аж үйлдвэрийн төлөө миний хийж чадах зүйл”
- Дэд байр: Ц. Майдармаа (хувийн дугаар 1) Илтгэлийн нэр: “Аж үйлдвэрийн хөгжил ба улсын ирээдүй”,
- Дэд байр: П. Мөнхтуул (хувийн дугаар 4) Илтгэлийн нэр: “Монголд аж үйлдвэрийг хөгжүүлцгээе”
- Тусгай шагнал: Н. Энхжаргал (хувийн дугаар 2) Илтгэлийн нэр: “Хөгжлийн түлхүүр: Уул уурхайн ашигт малтмалыг бүтээгдэхүүн болгон өөрчлөх Монгол улс”
Шүүгчдийн гаргасан шийдвэр болон хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад өөрийн үгээр, хэлэх гэсэн санаагаа товч, тодорхой ойлгомжтойгоор илэрхийлсэн илтгэгчид бусдаас илүү өндөр оноо авсан байсан юм.
Эцэст нь уг уралдааныг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн нийт хүмүүстээ талархал илэрхийлье.
(Төвийн ажилтан Ж. Дулмаа)