Сар бүрийн мэдээлэл
2009 оны 7-р сар
2012-01-23
 “Мэндчилгээ”
   Сайн байцгаана уу.
   Миний бие 7-р сарын 8-нд Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн захирлаар томилогдон ирсэн билээ.
Арлын оронд Сумо бөхийн дэвжээнээ алдар нэр, ид хаваа гайхуулж яваа хоёр их аварга, өргөн уудам тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, тал хээр бөмбийн цайрах танан цагаан гэрүүд гээд Япончуудын хувьд Монгол орон хэдийнээ танил болжээ. Ингээд би анх удаа 7-р сарын 8-ны өдөр талын Монголын газар шороон дээр хөл тавьсан юм.
   Тус төв нь Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (Жайка) болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын оролцоотойгоор төслийг эхлүүлсэн бөгөөд дараахь 3 зорилтыг өмнөө тавин, үйл ажиллагаагаа явуулж байна.
   Нэгдүгээрт: Зах зээлийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хүний нөөцийг хөгжүүлэх, хоёрдугаарт: Япон хэлний боловсролын бааз суурь болж, Япон хэлийг түгээн дэлгэрүүлэх, гуравдугаарт: Монгол, Япон хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх явдал юм. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ямар ч насны хүн үйлчлүүлэх бүрэн боломжтой төвийн номын санг ажиллуулж байна.
2002 оны 3-р сард Япон улсын буцалтгүй тусламжаар байгуулагдаж байсан тус төвийн үйлчлүүлэгчдийн тоо 7 сарын 3-ны өдөр 1 саяд хүрсэн юм. Ийнхүү Япон төвийн үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
   Би өнгөрсөн 5-р сарын сүүл хүртэл, Японы Жайка-Хиёго Олон Улсын төвийн захирлаар ажиллаж байсан юм. Хиёго Олон Улсын төв нь гадаадын дадлагажигч болоод орон нутгийн хүмүүсийн харилцааны гүүр болж, улмаар танилцан нөхөрлөж, бие биесээсээ сурч боловсрох тэрхүү таатай нөхцлийг бүрдүүлэхийг чармайн ажилладаг байгууллага билээ.
Үүний адил Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь олон мянган үйлчлүүлэгчтэй төв болж, мөн Япон, Монгол хоёр орны найрамдалт харилцаа улам бүр өргөжин тэлэхийн ерөөл дэвшүүлье.
   Та бүхнийг цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
(Захирал Морикава Хидэо)

 “Тал нутгийн марафон 2009 “- Олон улсын марафон гүйлтийн тэмцээн болж өнгөрлөө.

   7-р сарын 26-ны ням гарагт Нийслэлийн аялал жуулчлалын газраас Япон улсын элчин сайдын яам, Монгол-Японы төв, Япон иргэдийн нийгэмлэг, Монголын Хөнгөн Атлетикийн холбоотой хамтран “Тал нутгийн марафон 2009” -Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг 13 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин Болдог хэмээх газар зохиогдсон бөгөөд уг тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад дотоодын тамирчид болон сонирхогчид оролцлоо.
Дээрх үйл ажиллагааны зорилго нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр Улаанбаатар хотод олон улсын шинжтэй тэмцээнүүдийг зохион байгуулж, хотоо сурталчлахын зэрэгцээ Монгол-Японы найрамдалт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн юм.
7-р сарын 26-ны өдрийн өглөө Сүхбаатарын талбай дээр нээлтийн ажиллагаа явагдан тэндээсээ төв замыг хааж, тамирчид улсын цирк рүү үзүүлэх гүйлт хийсэн юм.
   Ингээд автобусандаа суун, 2 цаг гаруй явсны эцэст тэмцээн болох Цонжин Болдог хэмээх цогцолборт хүрсэн билээ.
Дэлхийн талыг морин туурайгаар довтолгон эзэлсэн суут богд Чингис хааны аварга том хөшөө тэнд сүндэрлэн харагдах нь бахадмаар. Энэ тэмцээнд манай улсын хөнгөн атлетикийн шилдэг тамирчид оролцсон бөгөөд гадаадын орны тухайлбал, Япон, Орос, Германы тамирчид оролцсон билээ. Оролцогчдын дотор ахмад настай хүмүүс нэлээдгүй байсан юм. Хамгийн бяцхан оролцогч нь 8 сартай Энэрлэн охин байсан юм.
   Манай төвөөс нийт 8 хүн энэхүү тэмцээнд оролцлоо. Анх удаа оролцож байгаа миний бие 3 км-ийн зайд уралдсан юм. Харин монгол гадаад гэлтгүй өндөр настай хэрнээ холын зайд уралдаж байгаа хүмүүсийг хараад би өөрөөсөө ичих шиг болсон шүү. Тэмцээний холын зай буюу хагас марафоны ангилалд түрүүлсэн эрэгтэй эмэгтэй тамирчдад хурдан удмын унага бэлэглэлээ. Үйл ажиллагаа өндөрлөсний дараа шагналт байр эзэлсэн тамирчид болон гадны жуулчид хамт хөдөө талд хорхог идэцгээн, хоорондоо танилцан, тал нутагт нэгэн мартагдахааргүй өдрийг өнгөрүүлсэн билээ.
(Номын сангийн ажилтан Д.Уламцэнгэл )

 “Дадлага хийсэн сэтгэгдэл”

   Бид 6-р сарын 15-наас 7-р сарын 24 хүртэл нийт 45 хоног Монгол-Японы төв дээр дадлага хийсэн юм.
Ингээд ээлжээр Япон хэлний тасаг, номын сан, хүлээн авах дээр тус тус 2, 2 долоо хоног ажилласан билээ. Япон хэлний тасаг дээр дадлага хийх хугацаандаа Japan Topics хэмээх Японы талаарх танилцуулга DVD бичлэгийн багахан хэсгээс орчуулга хийж үзсэнс маань багагүй туршлага болсон. Хүлээн авах дээр ажилласнаар үйлчлүүлэгчидтэй харьцах соёлд суралцлаа. Номын санд ажилласан нь номын сангийн үйлчлүүлэгч бидний хувьд бусдад үйлчилж үзснээр, тэдний ажлыг ойлгож мэдэхэд ихээхэн дөхөм болсон. Бид үйлчлүүлдэг байхдаа цүнхнээсээ юм авах гэхээр авахуулдаггүй байхад нь жаахан сэтгэл дундуур байх үе гардаг байлаа. Хүүхдүүд байн байн хүрч ирээд, цүнхнээсээ юм авъя гээд байх нь үнэхээр төвөгтэй санагдсан юм. Үйлчлүүлэгчиддээ хандаж хэлэхэд цүнхнээсээ хэрэгтэй зүйлсээ бүрэн авч, соёлтой үйлчлүүлж байгаарай гэж хэлье.
   Монгол-Японы төвийн хамт олны цаг ягштал барьдаг, дотоод зохион байгуулалт сайтай, бүтээлч хөдөлмөрч, харьцааны соёлтой байдал нь их таалагдсан. Үнэндээ энэ сайхан олонтой хамт ажиллаад л баймаар санагдсан шүү.
Эхэн үедээ “6-н долоо хоног” гэдэг мөд дуусахгүй их урт хугацаа мэт санагдаж байлаа. Гэтэл өнөөдөр нэг л мэдэхэд дуусах болчихжээ. Анх хурдан дуусгах юмсан гэж бодож байсан бол, одоо ингээд дуусна гэж бодохоор жаахан харамсалтай ч юм шиг санагдаж байна.
   Хийж бүтээх зорилготой бүтээлч, нийтэч хамт олны дунд өнгөрөөсөн сар гаруйн хугацаа дэндүү хурдан өнгөрсөн мэт. Дадлагын хугацаандаа Монгол-Японы төвийнхнийхөө ачаар олон зүйлийг сурч мэдэж, амьдралынхаа нэгэн аз жаргалтай мөчүүдээ өнгөрөөлөө. Япон хэл сурч байгаа ч Япон маягийн ажлын талаар практик мэдлэг, туршлага огт байхгүй бид хоёрт энэ удаагийн дадлага ихийг сургалаа.
   Та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье.
(МУИС, МХСС, МЯС-ийн 3-р курсын оюутан Баасансүрэн, Энхцэцэг)