Сар бүрийн мэдээлэл
2009 оны 5-р сар
2012-01-23
 “Хамтран Зохицуулах Зөвлөлийн Хурал боллоо”
     “Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв” төслийн хоёрдахь үе шат (2007-2012 он)-ны гуравдахь удаагийн Хамтран Зохицуулах Зөвлөлийн хурал нь 5-р сарын 29-ний өдөр тус төв дээр зохион байгуулагдлаа. Энэ хурлын үеэр төслийн ахиц дэвшил , биелэлтийн талаар холбогдох байгууллагуудтай (Монгол Улсын Их Сургууль, Сангийн яам, Хүнс Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэлийн яам, Японы Элчин Сайдын Яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага -Жайка ) хамтран санал, бодлоо солилцох байдлаар явагдлаа.
     Хурлыг нээж, Монгол Улсын Их Сургуулийн захирал үг хэлсний дараа хүрэлцэн ирсэн холбогдох хүмүүсийг товч танилцууллаа. Дараа нь төвийн 2008 оны үйл ажиллагааны тайлан болон 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм.
    2008 оны тайлангаас харахад төвийн Бизнес, Япон хэл, Компьютерийн сургалт, хоёр орны хамтын ойлголцлыг идэвхжүүлэн бэхжүүлэх үйл ажиллагаа, номын сангийн үйл ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжсэн байна.
2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд сургалтын төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлснээр сургалт бүрийн орлого, зарлагыг тэнцвэртэйгээр барьж байхад анхаарч ажиллахаар болоод байна. Түүнчлэн бизнесийн сургалтын тухайд үндсэн багш бэлтгэх, загвар байгууллагыг хөгжүүлэх, Жайкагаас хэрэгжүүлж буй хоёр шатат зээлийн төсөлтэй хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн Газар болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг үйл ажиллагааг төлөвлөж байна. Япон хэлний сургалтын хувьд шинээр сургалт зохион байгуулах, сургалтуудынхаа чанарыг сайжруулах, япон хэлний боловсролын симпозиум, япон хэлний боловсрол судалгааны багийн цугларалтыг байнга зохион байгуулах, мөн орон нутгийн хөгжлийг дэмжин, япон хэлний радио хичээлийг шинээр явуулах ба “Боловсрол суваг” телевизтэй хамтран телевизийн япон хэлний хичээлийг зохион явуулж эхэлснээ мэдэгдлээ. Номын сангийн үйл ажиллагааны хүрээнд тоног төхөөрөмжөө сайжруулж, цаашид үйлчлүүлэгчдэд чиглэсэн үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ өдрийн Хамтран Зохицуулах Зөвлөлийн хурлын оролцогчдоос төвийн менежментийн тал дээр хэд хэдэн авууштай санал гарч байсан бөгөөд бид аль болох хэрэгжих боломжтой саналуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг хичээх болно.
                                                                                (Захирал Накамүра Мицүо)

 Монголын Соробан Сампины Анхдугаар Олимпиад

     2009 оны 5-р сарын 9-ний өдөр Монголын Соробан Сампингийн Нийгэмлэг, Япон улсаас Монголд суугаа Элчин Сайдын Яамтай хамтран Японы соробан сампин заалгаж байгаа дунд сургуулийн сурагчдын дунд Монголын Соробан Сампингийн Анхдугаар Олимпиадыг зохион байгууллаа. Монгол-Японы төв дээр зохиогдсон тус олимпиадад 54-р дунд сургууль, Наран дунд сургуулийн нийт 30 сурагч оролцон өрсөлдсөн юм.
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Монгол-Япон Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, “ Монгорү Цүүшин” сонин, “Сурагч” сонин, NTV телевиз зэрэг газрууд ивээн тэтгэгчээр оролцлоо.
     Мөн Японы сампингийн холбоо, Оосакагийн сампингийн нийгэмлэг, Оосакагийн худалдаа үйлдвэрлэлийн итгэмжлэгдсэн банк, “Камэкаса“ сампингийн компани “Эко-трейд“ болон “Жуулчин“ компани зэрэг байгууллагууд хамтран ажилласан юм.
Олимпиадад Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кидокоро, ЖАЙКА-ийн Төлөөлөгчийн Газрын дарга Ишида, Монголын Соробан Сампингийн холбооны тэргүүн Төмөрбаатар, зөвлөх багш Төвшинтөгс, Соёл-Эрдэм дээд сургуулийн багш Ямада нар оролцсон.
     Ямада багш одоогоор 54-р дунд сургууль, Наран дунд сургууль болон Соёл-Эрдэм дээд сургууль гэсэн гурван газарт сампингийн сургалт зохион байгуулж байна. Элчин сайд Кидокоро олимпиадад оролцогчдод бага сургуульд байхдаа сампин сурч байсан тухайгаа ярьж өгсөн юм. Ишида дарга олипиадад оролцож байгаа сурагчдад амжилт хүслээ.
     Олимпиадыг нээж, Ямада багш оролцогч хүүхдүүдийн хамт сампингийн дуу дууллаа. Олимпиадын өмнөх өдөр тэмцээнд хэрэглэх сампингууд Японоос ирсэн ажээ. Хүүхдүүд энэ сампинг гартаа барин дуугаа дуулцгааж байлаа.
Тус олимпиад нь уншиж тооцоолох, ойлгон тооцоолох, төлөвлөгөө гарган тооцоолох гэсэн гурван үе шатаар явагдсан юм. Шат тус бүр ойролцоогоор 20 минут үргэлжилсэн. Хүүхдүүд япон хэл дээр уншиж өгсөн тоог бодоцгоон, хүч чадлаа дайчлан идэвхтэй оролцож байсан.
     Эцсийн дүн гарахад 54-р дунд сургуулийн сурагчид эхний гурван байрыг эзэлсэн юм. Энхномуун 43 оноо авч нэгдүгээр байранд орсон. Хоёрдугаар байрт Дэлгэрмаа, гуравдугаар байрт Чингүүн нар тус тус 29, 28 оноо авч, нэг онооны зөрөөтэйгөөр тэмцээнийг өндөрлөсөн юм.
Тэргүүн байр эзэлсэн 54-р дунд сургуулийн сурагчид “ Наканиши багш маань биднийг сайн удирдан зөвлөсний ачаар бид амжилт гаргалаа ” хэмээн бахархан ярьж байлаа. Тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдэд Дэмбэрэлийн Япон-Монгол толь бичгийг бэлэглэж, цаашид сампингаа ч япон хэлний мэдлэгээ ч улам дээшлүүлэхийг хүсэн ерөөсөн юм.
     Анхдугаар олимпиадад оролцсон явдал нь хүүхдүүдийн хувьд хэзээ ч мартахааргүй насан туршийн дурсамж болох нь дамжиггүй.
Японы сампин нь 400 гаруй жилийн өмнө үүссэн түүхтэй бөгөөд бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулснаар 3, 4-р ангийн сурагчид хичээнгүйлэн суралцсаар байна.
( Ерөнхий ахлах ажилтан Х.Гармаабазар )

 ~40-р нээлттэй семинарын тоймоос~
 
     Сайн байцгаана уу? Монгол-Японы Төв нь байгуулагдсан цагаасаа хойш хоёр орны харилцааг өргөжүүлэн дэмжих үйл ажиллагааны хүрээнд “Нээлттэй Семинар”-ийг тогтмол зохион байгуулж ирсэн билээ. Өнгөрсөн 5-р сарын 23-ны өдөр 40-р нээлттэй семинарыг “ Иргэд өөрсдийн хүсэл зорилгоор нэгдэн хүрээлэн буй орчны үзэмж /ландшафт/-ээ хамгаалах, арчлан тордох нь, Өгий нуурын экосистемийг хамгаалах төсөл” сэдвээр зохион байгууллаа. Нээлттэй семинарт Монгол улсад ажиллаж буй япон, монгол мэргэжилтнүүдийг багшаар урьж, иргэдийн мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах явдлыг зорилгоо болгодог бөгөөд энэ удаагийн нээлттэй семинарын илтгэгчээр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА”-ийн “Өгий нуурын экосистемийг хамгаалах төсөл”-ийн зохицуулагч, мэргэжилтэн Сато Шинго гуай оролцсон юм. Ингээд энэ удаагийн нээлттэй семинарын товч танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.
      Монгол орон 1990 оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхүү 20 орчим жилд нийгмийн тогтолцоо, хүмүүсийн нийгэмд хандах хандлага өөрчлөгдөж ирлээ. Улаанбаатар хотын хүн ам хурдацтай өсөн нэмэгдсэнээр, хот тохижилтын асуудал, байгалийн нөөцийг замбараагүй ашиглан байгаль орчны доройтолд хүргэж, бэлчээрийн даацийг хэтрүүлсэнээр бэлчээрийн талхлагдалт зэрэг асуудлууд гарч, уламжлалт амьдралын хэв маяг алдагдаж байна. Мөн дэлхийн цаг агаарын дулаарал, уур амьсгалд хүчтэй нөлөөлж дулаарал, хуурайшилт ихсэж, бага багаар цөлжилт явагдаж, он удаан жилээр өвлөж авсан үзэсгэлэнт байгалийн үзэмж төрх, соёл аюулд учраад байна.
      Японд дайны дараах бүтээн байгуулалтаас эдийн засгийн хурдацтай өсөлтийн үеийн хооронд эдийн засгийн үр ашгийг нэн тэргүүнд тавьж, хүрээлэн буй орчны үзэмж, төрхийг үл ойшоож иржээ. Үүний улмаас Японы өнцөг булан бүрт байгалийн унаган төрх, уламжлалыг анхааралгүй бүтээн байгуулалтыг эхлүүлж, уламжлалт хотын хэв маяг, байгалийн онцлог төрх, орон нутгийн уламжлал, соёл алдагдахад хүрчээ. Энэ байдлыг өөрчлөхөөр 1980 оноос зарим орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй хамтран хүрээлэн буй орчны үзэмж /ландшафт/-ээ сэргээх хөдөлгөөн өрнүүлж эхлэн, 1990 оны үед “Үзэсгэлэнт улс бий болгох” гэсэн зорилгоор улсын хэмжээний бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны үзэмж, төрхөд ихэд анхаарч, 2004 онд “Ландшафтын тухай хууль” батлагдсанаар орон нутаг бүрт иргэд хүсэл зорилгоороо нэгдэн ландшафтаа хамгаалах, арчлах тордох ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
    “Ландшафт” гэдэг нь зөвхөн хүний хүдэнд харагдаж байгаа байдал, хотын төрх төдийгүй, түүнийг бүрдүүлж буй олон ухагдахуунуудыг багтаадаг. Бидний харж байгаа байгаль, өдөр бүр харсаар нүдэнд дасал болсон хотын төрх, уулын орой дээрээс алсад харагдах байгалийн үзэмж зэрэг олон төрлийн төрх байдлын нийлэмж нь он удаан жилийн түүхийг туулж, улирал бүр, цаг тутамд хувьсан өөрчлөгдөж байдаг билээ. Мөн ав адилхан газрын хүн ч гэсэн энэ үзэмжийг өөр өөрийнхөөрөө харж мэдэрдэг. Япон хэлэнд энэ мэт орон зайн олон янзын хэлбэр, цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөх төрх байдлыг “үзэмж, төрх” гээд хүн хүний сэтгэгдэл, ертөнцийг үзэх үзлийг “харах” гэсэн утгыг багтаасан “ландшафт” гэдэг үг хэрэглэх болсон юм.
Ландшафтаа хамгаалах, арчлан тордох гэдэг нь тухайн орчныхоо өнгө төрхийг олон талаас нь олж харснаар өнөөг хүртэл анзаарч байгаагүй онцлог, үзэмжит талуудыг нээн, түүнийгээ хамгаалж, сайжруулах үйл ажиллагааг хэлнэ.
Ийнхүү ландшафтаа хамгаалж, арчлан тордох ажлыг Японы өнцөг булан бүрт эхлүүлж, орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагууд, иргэд нэгдэн улмаар энэ нь бүс нутгийн хэмжээний ажил болон өргөжиж байна. Энэ удаагийн семинараар орон нутагт тулгарч буй асуудлууд, цаашид хийх ажлын талаар мөн иргэд өөрсдийн амьдарч буй орчноо хайрлан хамгаалж, арчлан тордохын тулд хэрхэх талаар Өгий нуурын төслөөр дамжуулан бодож үзэцгээе.
(Илтгэгч: Сато Шинго)
( Бэлтгэсэн: Ахлах ажилтан Х.Уламбаяр )

 Телевизээр суралцах япон хэлний хичээл
 
     Монгол-Японы Төв, “Боловсрол суваг” телевизийн “Эрдмийн цаг” нэвтрүүлэг хамтран, 2009 оны 5-р сарын 19-нөөс эхлэн “Хөгжилтэй япон хэл” хэмээх телевизийн цуврал хичээлийг эрхлэн гаргаж эхэллээ.
    “Боловсрол суваг” телевиз нь 2007 онд байгуулагдан, өдөр тутмын шинэ мэдээ мэдээлэл, боловсрол танин мэдэхүй, эрүүл мэнд, сурган хүмүүжүүлэх чиглэл зэрэг олон төрлийн нэвтрүүлгийг эрхлэн явуулдаг бөгөөд өдөрт 24 цагийн нэвтрүүлэгийг орон даяар дамжуулан хүргэдэг ажээ. Тус телевиз нь 1 сая 300 мянга гаруй үзэгчтэй бөгөөд судалгаагаар орон нутгийн үзэгчдийн 75%, Улаанбаатар хотын үзэгчдийн 45% нь боловсрол танин мэдэхүйн нэвтрүүлгийг үздэг хэмээжээ.
    Телевизийн хичээлийн гол зорилго маань, япон хэл сонирхон суралцахыг зорьж буй олон мянган телевиз үзэгчддээ зориулан анхан шатны харилцан яриа, мэндчилгээ, өөрийгөө танилцуулах зэргийг зааж сургахад чиглэсэн юм. Тус хичээлийг Жайка-ийн залуу сайн дурын гишүүн, япон багш сонирхолтой, хөгжилтэй, танхимын сургалтын хэлбэрээр заан явуулах бөгөөд хичээлийн гол дүрийн баатрууд нь гадаад хэлний сургалттай “Сакүра” дунд сургуулийн япон хэлний ангийн сурагчид юм.
      Япон багшийн зөв цэвэр дуудлага, үзэгчиддээ дүрмийн тайлбарыг дэлгэцэн дээр монгол хэлээр ойлгомжтойгоор гарган үзүүлдэг нь тус хичээлийн онцлог гэж хэлж болно. Мөн хичээлийн төгсгөлд Япон орны талаарх танин мэдэхүйд зориулан, Японы соёл боловсрол, ахуй амьдрал, өнөөгийн техник технологийн дэвшил, өвөрмөц онцлогыг харуулсан богино хэмжээний бичлэгийг гарган сонирхуулдаг.
      Тус хичээлийг долоо хоногийн Мягмар-Баасан гарагуудад, 17 цагаас “Боловсрол суваг” телевизийн “Эрдмийн цаг” нэвтрүүлгээр нэвтрүүлэх тул телевиз үзэгч та бүхэн шимтэн сууж япон хэлээ сонирхон суралцацгаана уу.
(Япон хэлний сургалтын тасгийн туслах ажилтан Н.Дэлгэрмаа)

 ~Та ч гэсэн туршаад үз~
 
     Сүүлийн 2-3 жилийн дотор бид бүгдийн урьд нь нэрийг нь огт дуулж байгаагүй “Шувууны ханиад”, “Сарс”, “Гар, ам, хөлний өвчин” гэх мэтийн халдварт өвчнүүд ихээр гарах болсныг хэн хүнгүй мэдэж байгаа билээ. Өнөөдөр дэлхий даяар түгшүүрийн харанга дэлдээд байгаа өвчин бол яах аргагүй “Н1N1” вирус буюу “Гахайн ханиад” юм.
      Сүүлийн үед эдгээр халдварт өвчний талаар сонин хэвлэл, радио телевизээр сэрэмжлүүлэг мэдээ, өвчний шинж, тархалт гээд бишгүй л мэдээллийг бид авч байгаа.
Гэсэн хэдий ч тэр болгон урьдчилан сэргийлж чаддаггүй нь нууц бишээ. Ер нь байгууллагууд чухам халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрхэн авдаг юм бол. Олон нийтийн байгууллагууд гэгдэх үзвэр үйлчилгээний газрууд үзвэр хоорондын цагийг уртасгах гэх мэтээр аль болох хүмүүсийг бөөгнөрүүлэхгүй байх арга хэмжээ авах болсон гэх.
Урьдчилан сэргийлцгээе гэж улиг болтлоо ярих атлаа бодитоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж ховорхон.
      Ингээд бид бүхний хийж байгаа ажлаас өчүүхэн ч гэсэн санаа аваасай хэмээн бодсоны улмаас ийнхүү бичиж байна.
Япон төв нь япон хэл, бизнес, компьютерийн сургалт явуулахаас гадна номын сангаар үйлчилдэг гэдгийг Улаанбаатарчуудын ихэнх нь мэднэ. Үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа энэхүү “H1N1” вирус илэрсэн гэсэн хамгийн анхны мэдээллээс эхлэн, шуурхай арга хэмжээ аван, өнөөдрийг хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсаар ирсэн билээ. Зөвхөн энэ удаагийн халдварт өвчин төдийгүй бид аль болох ханиад томуу ихэссэн үед ч гэсэн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг.
Магадгүй та яаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг юм бол гэж бодож байгаа байх.
    Танд марль, хлорамины уусмал, уусмалаа хийгээд шүршиж болохуйц хуванцар сав байхад л хангалттай.
Та хүний гар хүрдэг хаалганы бариул зэргийг марлиар ороон, хлорамины уусмалаараа гаднаас нь сайтар шүршин нэвчүүлээд үзээрэй. Энэ аргыг тогтмол хийхэд илүү үр дүнтэй.
    Ийнхүү бид өглөө бүр ажил эхлэхээс өмнө төвийн бүх хаалга болон бүх өрөө тасалгаа, ариун цэврийг өрөөний бариулыг хлораминтай марлиар ороож, сургалтын тоног төхөөрөмжийг бактери устгагч уусмалаар арчдаг.
Мөн чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх буюу өрөө тасалгаанд агаарын солилцоог хийх зэргээр урьдчилан сэргийлж байна.
    Эдгээр хялбар аргуудыг өөрийн байгууллага, гэр орондоо хэрэгжүүлэхэд танд бэрхшээл огтхон ч гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
Өөрийн төдийгүй өрөөлийн эрүүл энхийн төлөө анхаарал тавьцгаая.
Тиймээ, Өвчингүй бол жаргал Өргүй бол баян.
(Үйлчилгээний ажилтан Д. Лхагва, Г. Удвалцэцэг )