Сар бүрийн мэдээлэл
2009 оны 4-р сар
2012-01-23
 “Япон хэлтэй хөтчийн ур чадварыг хөгжүүлэх практик сургалт” амжилттай дууслаа

      Монгол-Японы төвөөс жил бүр зохион байгуулдаг “Япон хэлтэй хөтчийн ур чадварыг хөгжүүлэх” практик сургалт 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтын зорилго нь мэргэжлийн хөтөч тайлбарлагчдыг бэлтгэж, Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр болохуйц хүний нөөцийг бэлтгэхэд оршино. Хичээлийг Япон, Монгол багш нар ээлжлэн япон хэл дээр заадаг. Мөн тодорхой хэмжээний хөтчийн туршлагатай хүмүүсийг хамруулахыг хичээдэг нь энэ сургалтын бас нэгэн онцлог болно.
Энэ жилийн сургалт 4-р сарын 13-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт 40 хүн бүртгүүлснээс 29 хүнийг шалгаруулж, сургалтад хамрууллаа.
Сургалт эхэлсэн эхний өдрүүдэд хүүхдүүд бие биенээ сайн танихгүй болоод ч тэр үү, нэг л нам гүмхэн болж өнгөрсөн юм. Харин эхний дадлага хичээл буюу эхний долоо хоногийн бямба гарагийн дадлагаар хоорондоо танилцаж, түүнээс хойш анги танхим нилээд чимээ шуугиантай, цайны завсарлагаанаар ч бие биетэйгээ хөөрөлдөх болсон юм.
    Эхний дадлага бол музейн үзмэр тайлбарлах дадлага байсан юм. Суралцагсад багш нарыын заасан зүйлсийг өөрсдийн мэдлэг оюунтай хослуулан музей дэх үзмэрүүдийг нэг бүрчлэн тайлбарлахыг хичээж, багш нар ч хүүхдүүдийн тайлбараас их зүйл сурч авч байна гэж байсан. Дараагийн дадлага “13-р зуун” цогцолбор дээр явагдсан. Яг 13-р зууны хэв маяг, аж амьдралыг бодитоор үзүүлэхийг зорьсон уг цогцолбор сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байсан юм. Монголын түүхийн хуудаснаа тодоос тод бичигдэн үлдсэн 13-р зууны үеийн түүх мөн тэр үеийн соёлтой танилцахад, маш их дөхөм болсон хэмээцгээж байв. Бид зөвхөн монголын түүх соёлтой танилцаад зогсохгүй, зоог барих, зоогийн ширээний соёл хэмээх хичээлүүдийнхээ дадлагыг ч амжуулаад авсан.
    2 долоо хоног харвасан сум мэт өнгөрч, нэг л мэдэхэд шалгалтын өдөр болсон байлаа. Уламжлалт ёсоор оролцогчдоос бичгийн болон ярилцлагын шалгалтыг авч, хангалттай үнэлгээ авсан оролцогчдод гэрчилгээг гардуулан өгсөн.
Манай улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах салбар бол уул уурхай, аялал жуулчлал хэмээн яригдсаар ирсэн. Иймд монголын залуус бид өөрсдөө монголынхоо газар зүй, хөрсний онцлог, түүхт газруудаа сайн мэдэх хэрэгтэй болов уу. Яагаад гэвэл “хөтөч” гэдэг зөвхөн монголд жуулчлахаар ирж буй хүмүүст бус монголын газар шороон доорхи баялгийг судлахаар ирж буй хүмүүст ч бас хөтөч нь болж өгөх учиртай.
Ингээд “Япон хэлтэй хөтчийн ур чадварыг хөгжүүлэх” практик сургалтын 4-дэх удаагийн төгсөчиддөө цаашдын ажил амьдрал, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
(Бизнесийн сургалт хариуцсан ажилтан Б.Саруул)


 "Япон хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх курс"
 Төгсөгчийн сэтгэгдэл
      Өнөөдөр цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

    Бид бүгдийн хамтдаа хичээллэсэн 6 сар хэдий урт хугацаа биш ч, бас тийм ч богинохон хугацаа биш байлаа. Энэхүү 6 сарын турш тусалж, дэмжиж байсан ангийн хамт олондоо баярлалаа. Япон хэлний заах арга барилд суралцсан энэ 6 сарын хугацаанд би маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Мэдээж та бүхэн ч бас надтай адил байгаа байх гэж бодож байна. Жилийн өмнөхтэй одоогийн байдлаа харьцуулан бодоход, тэр үед багш болох хүсэл маань тийм ч их байгаагүй байж. Бас япон хэлний заах аргын талаар ямар ч мэдлэггүй байлаа. Гэвч Сүзүки Канко багш маань надад багш болохыг зөвлөсөн юм. Сүзүки Канко багш маш сайхан сэтгэлтэй, үргэлж миний төлөө санаа тавьдаг байлаа. Тэгээд л багш шигээ сайн багш болж, Монголын хүүхэд багачуудад япон хэлийг чадварлагаар зааж, сургах юмсан гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, энэхүү курст орж суралцсан билээ. Курст явахаас өмнө хараахан багшилж эхлээгүй байсан болохоор, заах аргыг нь сайн мэдэж байвал өөр хэцүү зүйл байхгүй гэж бодож байсан минь андуурал байлаа. Бие даан, хичээл зааж эхэлсэн үеэс ямар хэцүү болохыг мэдэрч, ойлгож эхэлсэн юм. Тэр үед багш болохын тулд ямар арга барил, мэдлэг хэрэгтэй болох, багш хүн ямар байх ёстой зэргийг багагүй мэдэж, ойлгож авсан.
    Заах арга барилд суралцах энэ хугацаанд “хэцүү юм байна даа” гэж бодогдох үе гарч байсан ч шантарч, больё гэсэн бодол огтхон ч төрж байгаагүй юм. Энэ нь магадгүй багш болох их хүсэлтэй маань холбоотой байсан болов уу. Мөн үргэлж найрсагаар хандан, бидэнд ихийг зааж сургасан Фүжишима багш болон хамт суралцаж байсан та бүхний минь дэмжлэг их байсан гэдгийг хэлье. Одоо багшлаад 4 сар болж байна. Курсээр олж авсан мэдлэг маань хичээл заах үед их хэрэг болж байгаа. Үнэндээ багшлах явцад мэдэхгүй чадахгүй зүйл цөөнгүй гардаг гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна.
Монгол хэлэнд “ Алдаан дээрээ суралцах“ гэдэг үг байдгийн адил би өөрийн алдаагаа 2 дахь удаагаа давтахгүйг хичээн ажиллаж байна. Цаашид сурч мэдэх зүйл олон байгаа болохоор сурахын төлөө улам хичээх болно. Бүгдээрээ япон хэлний чадварлаг багш болохын төлөө хичээцгээе.
    Төгсгөлд нь, цаг зав гарган хүрэлцэн ирсэн Японы Элчин Сайдын Яамны Мэдээлэл,Соёл Боловсрол хариуцсан ажилтан Кояма, Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Онүки, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн захирал Накамүра, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн япон хэл хариуцсан мэргэжилтэн Фүжишима багш болон төвийн ажилтан та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
(Төгсөгч Жанбота)

 ~Амсхийх агшин~“Хамрын хийд”

      Дорноговь аймгийн Хамрын хийд нь үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм. Энэхүү газар нь Говийн хутагт Дулдуйтын Данзанравжаагийн (1803-56) төрсөн нутаг билээ.
Данзанравжаа нь олон суут бүтээл тууривсан бөгөөд тэрээр нийт 5 хийд, номын сан, хүүхдийн сургууль, “Гиваадин Равжаалин” нэртэй үзмэрийн сүмийг санаачлан барьжээ. Мөн тэрээр олон талын авъяастай хүн байсан бөгөөд түүний бүтээлүүдээс одоогоор мэдэгдэж байгаа 100 гаруй дуу /үүнээс нэлээд хэсэг нь уртын дуу/, яруу найраг 300 гаруй /үүний 150 орчим нь төвд хэл дээр/, 10 дэвтэр жүжгийн зохиол, шашны зан үйлийн олон арван бүтээл, мөн олон уран зургууд байдаг байна.
1856 онд Данзанравжаа 53 насандаа бусдад хорлогдон нас баржээ. Өдгөө түүний чандар Дорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах музейд нь хадгалагддаг.
Тэрбээр түүнийг дагах хойч үеийнхэнтэйгээ Шамбалын оронд уулзаж байхын тулд ийнхүү тус газрыг байгуулсан гэдэг бөгөөд тэрхүү газрыг зорин, олон хүн очицгоодог. Шамбалын оронд очсон хүн бүр газраас нэгэн цагаан чулууг сонгон авч, овог нэрээ шившин үлдээдэг. Ингэснээр тус газар ирснээ, дуулган бүртгүүлж байгаа хэрэг юм. Энэхүү шамбалын орон нь бидний хэлж заншснаар бол дэлхийн энергийн төв гэгддэг газар юм.
      Тэнд очсон хүмүүс газар хөлбөрөх нь хөлбөрч, хөл нүцгэн алхалж, өөр өөрийнхөөрөө энерги авах гэж оролдоцгооно. Би тэнд очоод, нутгийн хүнээс энерги авсны дараа гарын алга шар өнгөтэй болдог гэж сонссон боловч харамсалтай нь миний алга тийм болоогүй юм. Гэхдээ тэнд хамгийн сонирхолтой нь ойр орчимд утасны сүлжээ барихгүй атал зөвхөн Шамбалын оронд л утасны сүлжээ орж ирдэг юм билээ. Яагаад ганц шамбалын оронд л утасны сүлжээ орж ирдэг юм бол? Үнэндээ тэнд энерги гээд нүдэнд үзэгдэж, гарт баригдах юу ч байхгүй ч ганцхан тэнд сүлжээ барьж байсан нь гайхшрал төрүүлсэн билээ. Тэгээд би үнэхээр тэр газар нь энергийн төв мөн байна хэмээн бодож, хамаатан садан, найз нөхөд рүүгээ утасдаж, энерги дамжуулсан юм.
Хамрын хийдийн цаана Данзанравжаа шавь нартайгаа хамт бясалгал хийдэг байсан агуй бий. Данзанравжаагийн бясалгал хийдэг байсан агуй руу орж үзлээ. Өөрийн эрхгүй яагаад      Данзанравжаа гуай энэ их өргөн уужим газраас зөвхөн энэ газрыг сонгон, бясалгал хийх болсон юм бол? гэсэн бодол төрсөн юм. Тэрээр энэхүү дэлхийн энергийн төв болсон газарт бясалгал хийх нь хамгийн зохимжтой гэдгийг мэдэж байсан байж магадгүй.
Хамрын хийд нь үзэх харах зүйл ихтэй үнэхээр сонирхолтой газар. Гэвч харамсалтай нь жуулчдыг тав тухтай байлгах үйлчилгээ бараг байхгүй байсан.
      Хэрвээ илүү тав тухтай байхаар жуулчны бааз байгуулбал, тэнд очсон хүмүүс амттай хоол идэж, тухлан хонож, илүү их энерги авч чадах мэт санагдсан юм. Гэхдээ жуулчны цогцолбор газар байгуулахдаа, дан ганц эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс хандах бус онгон байгалиа сүйтгэхгүй тэр хэвээр нь авч үлдэх нь хамгийн чухал гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ онгон байгалийн сайхныг харуулж чадсан цогцолбор газрыг байгуулж чадвал нэг талаас нутгын ард иргэдийн аж амьдрал сайжирч, нөгөө талаас зорин ирсэн хүмүүс ч гэсэн байгалын сайхныг мэдэрч, байгалын энергээр өөрсдийгөө цэнэглэн, буцах болно гэж бодож байна.
( Төвийн ажилтан О.Очир-Эрдэнэ)