Сар бүрийн мэдээлэл
2009 оны 3-р сар
2012-01-23
 “Японоор хэн сайн ярих вэ” 14 дэх удаагийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө
      Япон Улсын Элчин Сайдын Яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвөөс жил бүр хамтран зохион байгуулдаг “Японоор хэн сайн ярих вэ” 14 дэх удаагийн уралдаан 3-р сарын 28-ны өдөр Монгол-Японы Төв дээр болж өнгөрлөө.
      Уралдаанд их дээд сургуулийн оюутнууд болон ажил эрхлэгчид зэрэг нийт 89 хүн эхний шатны шалгаруулалтанд /бичгийн болон зохион бичлэгийн шалгалт/ оролцож, 2-р шатанд 10 хүн шалгаран үлдсэн юм. Шалгарсан 10 оролцогч маань тус төвийн их танхимыг битүү дүүргэсэн нийт 160 гаруй хүний өмнө өөрсдийн уран чадварыг гайхуулан бишрүүлж чадлаа. Энэ жилийн зохион бичлэгийн сэдэв нь “Хайран юм” хэмээх сэдэвтэй. Одоо, дэлхий нийтийн үг болж хүмүүсийг уриалан дуудаж буй энэхүү үг нь өргөн хүрээг хамарсан сэдэв болсон ба оролцогчид өөр өөрсдийн сэтгэмжээр бичсэн зохион бичлэгээрээ оролцсон нь, бие биенээсээ ялгарахуйц өвөрмөц өнгө аястай сонсогдож байлаа.
      Монголчуудын эрт дээр үеэс баримталж ирсэн аливаа юмыг хайрлан гамнаж хэрэглэх “хайран юм” хэмээх үзэл баримтлал, сэтгэл, одоогийн энэхүү нийгэм болон хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд зайлшгүй хэрэгтэй байгааг илэрхийлж, хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлан гамная хэмээн уриалсан агуулга бүхий зохион бичлэгээс гадна, сурах ёстой зүйлээ цаг тухайд нь сурч мэдэхгүй бол тэрхүү урсан одож буй цаг хугацаа болон мөнгө тань “хайран юм биш үү” хэмээн оюутан залуучууддаа сануулж бичсэн зохион бичлэг, мөн өдөр бүр хайр гамгүйгээр урсгаж байгаа цэвэр ус маань “хайран юм биш үү” зэрэг агуулгатай, сонин содон өнгө аястай зохион бичлэгүүд олон байлаа.
      Шалгаруулалтын үеэр оролцогчид 5-6 минутанд өөрсдийн бичсэн зохион бичлэгээ танилцуулж, дараа нь 4 шүүгчийн асуултанд хариулж өрсөлдсөн бөгөөд 1-р байранд ШУТИС-ийн ХБС-ийн Япон хэлний тэнхимийн 4-р курсын оюутан Б.Янжинлхам, 2-р байранд МУИС-ийн ГХСС-ийн Япон хэлний ангийн 4-р курсын оюутан Ц.Буянжаргал, 3-р байранд МУИС-ийн ГХСС-ийн Япон хэлний ангийн 2-р курсын оюутан О.Ариунгоо нар тус тус шалгарлаа.
      1-р байранд шалгарсан оролцогчийг Япон сангаас Япон улсад аялах эрхээр шагнасан бөгөөд бусад бүх оролцогчиддоо дурсгалын зүйлсийг гардуулсан юм.
      Үзэл бодлоо өөрийн үгээр илэрхийлэх нь зохион бичлэгийн хамгийн чухал зүйлийн нэг хэмээн би боддог. Хэдий уран тансаг үг хэрэглэж, хүнд хэцүү үг хэллэгээр бичсэн ч тэр нь өөрийн чин сэтгэлийн үг биш байвал үзэгч сонсогчдийн сэтгэл зүрхэнд хүрч чадахгүй гэдэг нь ойлгомжтой билээ. Сурч эзэмшсэн япон хэлээ бүрэн ашиглаж, өөрийн илэрхийлэхийг хүссэн зүйлээ бүрэн дүүрэн гаргаж ирэхийг чармайж буй оролцогч л үзэгч сонсогчийн сэтгэлийг хөдөлгөж чадах нь дамжиггүй юм.
Энэхүү уралдаанд 18-54 насны, япон хэлээр уран яруу ярихыг хүссэн хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд энэ удаагийн уралдааныг үзэж сонирхсон үзэгч зочид та бүхнийг ирэх жилийн уралдаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Та бүхний өмнө манай хаалга үргэлж нээлттэй байх болно.

Япон хэлний курсын ажилтан Э.Эрдэнэцэцэг

Back to Top
 Шинэ ажилтны сэтгэгдэл “Амьдралын минь нэгэн шинэ үе“
      Хүний амьдрал гэдэг урт юм шиг атлаа дэндүү богино мэт санагдана. Үүрд л энэ хэвээрээ байх юм шиг санаж байсан арван жилийн ширээ, анд нөхдөөсөө холдон, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, оюутан болох нь болж, ажил хөдөлмөр хийх нь хийж, бүгд өөр өөрийн амьдралын харгуй өөд тэмүүлэн салан одоцгоох.
      Бусдын адил оюутан үе минь хөгжилтэй, жаргалтай хэзээ ч мартагдахааргүй өнгөрлөө. Нүд ирмэхийн зуур оюутан цаг минь ард хоцорч, өөрийн ирээдүй, хүсэл мөрөөдлийн талаар нухацтайгаар бодож эхэлсэн юм.
Амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээн, би ч гэсэн ажил, амьдралын гараагаа эхлэх цаг боллоо. Анх удаа хариуцлага хүлээн, ажил хийнэ гэдэг нэг талаараа сүрдмээр ч юм шиг санагдаж байлаа. Өнөөдрөөс ажил эхлэнэ гэж бодохоор, баярлан догдлохын зэрэгцээ басхүү зүрх догдлон эмээнэ.
      Япон улстай ямар нэгэн сэжмээр холбогдсон хүмүүс их бага хэмжээгээр Монгол-Японы Төвийн талаар сонсож мэдсэн байдаг. Түүнчлэн Японы талаар мэдээлэл хэрэгтэй болсон үед хамгийн түрүүнд Япон төвийг зорин ирдэг гэж бодож байна.
      Ингээд хүмүүст мэдээллийг түгээж, олон сонирхолтой үйл ажиллагаа, сургалтуудыг зохион явуулдаг ажилтны нэг боллоо гэж бодохоор хийж бүтээх хүсэл эрмэлзэл ихээр төрж байна. Хэдийгээр би мэдэхгүй чадахгүй зүйл ихтэй, мэдлэг туршлагаар дулимаг нэгэн боловч бүх хүчээ дайчлан хичээн ажиллах болно.
      Төвийн үйл ажиллагааны талаар хоёр өдрийн танилцуулах хичээлд хамрагдсанаар оюутан байхдаа зөвхөн номын сангаар үйлчлүүлдэг байсан би, төв ямар өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг болохыг ойлгосон юм. Мөн төвөөс тогтмол зохион байгуулдаг сургалт,семинарын талаар, цаашлаад төвийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны зорилго, цаашдын зорилт гээд олон зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон билээ.
      Олон нийтэд хэдийнээ танил болсон байгууллагын нэгэн гишүүн нь боллоо, хичээж ажиллахгүй бол гэж өөртөө хэлж байлаа. Улс эх орныхоо хөгжлийн төлөө залуус бидний хийж бүтээх эрин үе эхэлсэн.
      Ингээд залуустаа хандан хэлэхэд, нэг алхмаар урагш хөгжсөн улс орныг бүтээн байгуулахын тулд залуус бидний оролцоо маш их, бага гэлтгүй өөрийн хийж чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулцгаая, бүгдийг өнөөдрөөс эхэлцгээе, цаг хугацаа гэдэг биднийг хүлээхгүй гэж хэлье.
Хүний амьдрал гэдэг урт юм шиг атлаа дэндүү богино мэт санагдана.
(Төвийн шинэ ажилтан Б.Бэлгүн)

Back to Top
 ~Амсхийх агшин~ Японд ч шинэ салбар гэгдэж буй “Био-бизнес” гэж юу вэ?
      Өдрөөс өдөрт даяаршиж буй нийгэмд “Олон улсын Био-бизнес” хэмээн үүссэн салбар чухам юуг судлан шинжилдэг юм бол? Энэхүү таны асуултанд бага ч гэсэн нэмэр болох болов уу хэмээн дараах мэдээллийг хүргэж байна.
Био-бизнесийн “Био” гэдэг нь хүнс болон хэрэглэгддэг тариалангийн ургамал, мал, гэрийн тэжээвэр амьтан, далайн бүтээгдэхүүн гэх мэт “Амьд бие”-тийг хэлдэг ажээ.
Энэхүү амьд хүнстэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компанийг Био-бизнес гэх ба тэрхүү үйлдвэр, компанийн үйл ажиллагааны талаар судалдаг нь Био-бизнес судлал юм.
Даяаршилт явагдахын зэрэгцээ, олон улс орон хил хязгаар дамнасан экспорт, импорт хийх болсон одоо үед хүнсний асуудал ч бас хил хязгаарыг даван, олон улсын хүрээнд судлагдах боллоо.
Ингэж “Хүнсний бизнесийг” олон улсын хүрээнд судлахыг“Олон улсын Био-бизнес судлал” гэдэг байна. Био-бизнесийг хүнсний “Үйлдвэрлэлт”, “Боловсруулалт”, “Гүйлгээ, Тээвэрлэлт”-ийн бизнес болон, эдгээр салбарын хөгжлийн салшгүй хэсэг болох технологи, түүхий эд-материал, мэдээлэл, үйлчилгээ зэргийг нийлүүлдэг “Хүнстэй холбоотой үйлдвэрлэл” гэж 4 ангилж болно.

“Био-бизнес судлал” нь дараах 3 салбарын талаар судалдаг. Үүнд:
• “Менежмент-маркетинг”: Менежментийн стратеги ба санхүү, удирдлагын менежмент гэсэн менежменттэй холбоотой мэргэжлийн мэдлэг ур чадвар, мөн тээвэрлэлт, гүйлгээ, зах зээлийн судалгаа, брэнд бүтээх гэсэн маркетингийн талаарх мэдлэг ур чадварын талаарх судалгаа
• “Менежментийн мэдээлэл”: Програмчлал ба мэдээллийн задлан шинжилгээ, мэдээллийн өгөгдлийн сан байгуулах гэх мэт менежментийн мэдээлэл боловсруулалтын талаарх судалгаа
• “Байгалийн баялаг, хүрээлэн буй орчны бизнес”: Байгаль орчны хамгаалал, хөдөө аж ахуйн цаг уур гэсэн байгалийн баялаг, хүрээлэн буй орчин ба хүнс хөдөө аж ахуйн боловсрол, хөрсний үйлдвэрлэх чадамжийн үнэлгээ гэсэн хүрээлэн буй орчны бизнесийн технологийн талаарх судалгаанууд ордог байна.
Өөрөөр хэлбэл, “Олон улсын Био-бизнес судлал” нь дэлхийн хүн амын өсөлттэй зэрэгцэн олон улсын хэмжээнд яригдах болсон хүнсний асуудал болон хүрээлэн буй орчин хамгаалах асуудлын талаар нэгтгэсэн судалгаа явуулдаг юм. Тэр талаас нь харвал, өнөөгийн монголын судлаачдын сонирхолыг татахуйц салбар судлалын нэг байх болов уу гэж бодож байна.
(Төвийн шинэ ажилтан Ч.Орхон)