Сар бүрийн мэдээлэл
2009 оны 1-р сар
2012-01-23
2009 оны 1-р сар

        "Бизнес төлөвлөгөө боловсруулах сургалт"
        “Ханз сурах тийм хэцүү юу?”

 "Бизнес төлөвлөгөө боловсруулах сургалт"
      Миний бие 1 сарын 7-ноос 23-ны хооронд Улаанбаатар хотноо Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв дээр Бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтын багшаар томилогдон ажиллаа. Энэхүү сургалт нь үйлдвэрлэл эрхлэгчид, жирийн иргэд, бизнес курс төгсөгчдөд зориулсан 3 хэлбэрээр явагдлаа. Мөн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банкны урт хугацааны зээлтэй холбогдуулан банкны зээлийн мэргэжилтэн нарт зориулсан семинарыг зохион байгууллаа.

      Би урьд нь Орос гээд хуучин социалист системийн орнууд, зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай боловч ийнхүү Монголд анх удаагаа томилогдон ажиллахаар ирлээ. Нийслэл Улаанбаатар хотод хүн ам ихээр төвлөрч, эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа гэж сонсож байсан хэдий ч энд тэндгүй сүндэрлэх барилга байгууламж, өглөө оройны замын түгжрэл зэргийг огтхон ч төсөөлж байгаагүй билээ. 2 сая 600 гаруй хүн амтай улсын нийслэл гэхээргүй хурдацтай хөгжиж байгаа дүр зургийг олж харсан юм.

      Түүнчлэн Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн ажилтан нар өглөө бүр цугларан, үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа зочдод хандан хэлэх мэндчилгээний үг хэллэгийн дасгал хийж, улмаар тухайн өдрийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг нягтлан шалгаж байгаа байдал, Япон маягаар үйл ажиллагаагаа явуулж байгаа зэрэг нь үнэхээр шинэлэг санагдлаа. Японы жижиг дунд үйлдвэрүүд өглөө бүр иймэрхүү цугларалтыг хийдэг авч, энэ нь ихэнх газар хэлбэр төдий зүйл болж, тэр ч байтугай зарим газар огт хийдэггүй болсон. Дээрх газрууд Монгол-Японы төвийнхнөөс энэ талаар суралцах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

      Сургалтанд үйлдвэрлэл эрхлэгчид болон банкны ажилчид бүгдээрээ маш хичээнгүй, чин сэтгэлээсээ оролцож байсан юм. Хичээлийг анхааралтай сонсохын зэрэгцээ хэрэгтэй зүйлээ хичээнгүйлэн тэмдэглэн авч, асуулт асуух тэр дүр зураг нь Япончуудын дунд мартагдах шахсан хичээл зүтгэл хийгээд дайчин шургуу чанар ямар ч үед чухал байдгийг сануулж өгсөн юм. Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд тус дөхөм болохуйц бодит арга төлөвлөгөөг Япон, зүүн Азийн орнуудын жишээн дээр үндэслэн тайлбарлан танилцууллаа. Цаашид сургалтанд оролцсон байгууллагууд эдгээр арга барил, төлөвлөгөөг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

      Хахир хүйтэн өвлийн өдрүүд үргэлжилсээр. Төвийн хаалганы дэргэдэх хүйтэн, халуун хэмжигч хасах 20 хэмийг заана. Хүйтэн хэмээгддэг Орост амьдарч байсан хэдий ч үнэхээр жиндэж байлаа. Дараа боломж олдвол дулаан хавар ч юм уу дэлгэр зун наадмын үеэр Монгол оронд дахин айлчлан ирье гэж бодож байна.

      Ингээд сургалт зохион явуулахад тусалж дэмжиж, хамтран ажилласан хүн бүрт энэ завшааныг ашиглан, талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол улс улам бүр хөгжин дэвшихийн ерөөлийг өргөе.
(“Жайка”-гийн богино хугацааны мэргэжилтэн багш Хаяши Такао)

Back to Top
 “Ханз сурах тийм хэцүү юу?”
      Япон хэл өгүүлбэрийн бүтцийн хувьд Монгол хэлтэй нэн төстэй. Тиймээс аль аль нь алтай язгуурын хэлний бүлэгт багтдаг. Япон хэлийг анхлан суралцаж байгаа монголчууд бусад гадны хүмүүсийг бодвол харьцангуй хурдан сурдаг бөгөөд сурахад ч амархан байлаа гэж ярьж байх нь бий. Гэвч тэдгээр хүмүүст тохиолддог нэг том бэрхшээл бол мэдээж ханз сурах асуудал байдаг.
Ханз буюу дүрс үсэг нь Хятадаас үүсэлтэй бөгөөд Япон, Солонгос зэрэг Азийн ихэнх улс орон ханз үсгийг зээлдэж, бичиг үсгийн соёлдоо авч хэрэглэсэн байдаг. Тиймээс тэдгээр улс орны хүмүүсийн хувьд ханз үсгийг сурах нь тийм ч хэцүү биш ажээ.
      Харин монголчуудын хувьд япон хэлийг сурахад хамгийн том бэрхшээл бол мэдээж ханз үсэг сурах явдал гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.
Ингэхэд бидний хувьд сурахад бэрхшээлтэй ороо хангал морь шиг толгойд орж тийм амархан тогтоогддоггүй ханз үсэг гэж ер нь юу вэ, сурахад тийм хэцүү зүйл үү гэдэг талаар бодож үзье.
Ханз нь нэгт дүрснээс үүссэн ханз, хоёрт дохио зангаанаас үүссэн ханз, гурав нийлмэл ханз, дөрөвт утгын түлхүүр дуудлагын тэмдэгтээс үүссэн ханз гэсэн үндсэн дөрвөн төрөлд хуваагддаг. Үүнээс эхний төрөлд нь байгаль ертөнцийн юмс үзэгдлийг харагдаж байгаа хэлбэр дүрс төрхөөр нь цаасан дээр буулгасан ханзнууд буюу нар, сар, од, уул, мод зэрэг үгийг илэрхийлсэн ханзнууд ордог бол хоёрдугаар хэсэгт нь дохио зангаа буюу нэг, хоёр, тав гэх мэтийн тоо ширхэгийг илэрхийлсэн ханзнууд ордог. Энэ хоёр төрлийн хувьд зурлагын тоо цөөн, цээжилж тогтооход хялбар байдаг тул ханз эхлэн сурч байгаа хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг агаад ер нь ханз сурахад ихэд амархан юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байна. Гэвч энэ хоёр төрөл нь япон хэлний өдөр тутамд хэрэглэгддэг 1945 ханзны нэг хувьд нь ч хүрдэггүй.
      Харин үлдсэн хоёр төрлийн хувьд өдөр тутамд хэрэглэгддэг ханзны үлдсэн хувийг эзэлдэг бөгөөд хийсвэр утга санааг илэрхийлдэг, зурлагын тоо олон, бичихэд төвөгтэй ханзны нийлэмжүүдээс бүтсэн байдаг тул бичихэд хэцүү, тэр бүр амархан тогтоогдохгүй байдаг талтай. Тиймээс эхлээд сурахад амархан санагдаж байсан ханз яваа яваандаа учир нь олдохгүй төвөгтэй олон ханзнуудын нийлэмж болсноор тогтооход улам бүр хэцүү санагдаж зүрхшээсээр ханз чинь хэцүү юм байна, япон хэл сурахад хэцүү юм байна хэмээн явцын дундаас шантарч сурахаа болих тохиолдол олонтаа гарах нь бий. Гэхдээ, анх харахад энэ хоёр төрөлд багтах ханз нь хэцүү мэт санагдаж болох ч учрыг нь сайн олчихвол тийм ч хэцүү бишээ гэдгийг цөөхөн хэдхэн жишээн дээр тулгуурлан тайлбарлахыг оролдоё.
      Гурав дахь төрөл буюу нийлмэл ханз гэдэг нь тус тусдаа биеэ даасан утга бүхий хоёр ханз нийлж нэг утга санааг илэрхийлдэг ханзнуудыг хэлдэг. Доорх жишээнээс харвал:
      Эхний ханз нь мод гэсэн утга санааг илэрхийлсэн хоёр ханз нийлж ой мод, ой шугуй гэсэн утгатай биеэ даасан нэг ханзыг үүсгэж байна. Харин хоёр дахь жишээг харвал гурван ширхэг мод гэсэн ханз нийлж ширэнгэн ой гэсэн утгатай ханз болж байна. Гурав дахь нь найм ба сэлэм гэсэн утгатай хоёр ханз нийлээд сэлмээр хэсэг хэсэг болгох буюу хуваах гэсэн утгатай ханзыг үүсгэж байна. Харин дөрөв дэх ханзны хувьд хүн, зогсох гэсэн утгатай ханзнууд нийлээд тухайн хүний зэрэг дэв, байр суурь гэсэн утгатай ханзнуудыг тус тус үүсгэж байна. Иймээс энэхүү гурав дахь төрөлд багтаж байгаа ханзнуудыг тогтоохын тулд ханз тус бүрийнх нь утга санааг сайн мэдэж байх хэрэгтэй бөгөөд бүрэлдэхүүнд нь орж байгаа ханзны утгуудыг нь мэдэж байгаа тохиолдолд тухайн ханзны ерөнхий утгыг нь тааварлан мэдэж болно гэсэн үг юм.
      Дөрөвдүгээр төрөлд багтах ханзнуудын хувьд хамгийн ярвигтай боловч учрыг нь сайн ойлгож чадвал цээжилж тогтооход тийм ч хэцүү биш ажээ. Жишээ нь дараах ханзнууд нь тус төрөлд багтах ханзнуудын жишээ юм.
Сайн ажиглавал баруун талын ханз нь бүгд ижилхэн зурлагатай, ижилхэн дуудлагатай ханзнууд байна. Энэ нь тухайн ханзны дуудлагыг илэрхийлэх гол түлхүүр болдог ханз юм. Зүүн гар талын эхэнд байгаа нь чулуу, хоол, гар, эд эрхтэн, усыг илэрхийлж байгаа түлхүүр ханзнууд тус тус орсон байна. Доод талд нь үндсэн ханзыг нь утгын хамт тавьсан байна. Чулуу гэсэн түлхүүртэй, хоо гэсэн дуудлагатай, чулуу шидэгч гэсэн утгатай ханз, идэх гэсэн түлхүүртэй, хоо гэдэг дуудлагатай идэхээ болих буюу залхах гэдэг утгатай ханз, гар гэсэн түлхүүртэй, хоо гэдэг дуудлагатай тэврэх гэсэн утгатай ханз, эд эрхтэн гэсэн түлхүүр ханзтай, мөн адил хоо гэсэн дуудлагатай хэвлий гэдэс гэсэн утгатай ханз, ус гэсэн утгатай түлхүүр бүхий хоо гэсэн дуудлагатай усны хөөс гэсэн утгатай ханзнууд тус тус өгөгдсөн байна. Үүнээс үзвэл дөрөв дэх хэсэгт багтах ханзнуудыг тогтоохын тулд түлхүүрүүдийн утгыг нь сайн мэдэж байвал ерөнхийдөө ямар утга агуулгатай ханз вэ гэдгийг нь хялбархан мэдэж болох бөгөөд мөн дээрх таван ханзанд бүгдэнд нь давтагдаж орсон дуудлага илэрхийлсэн ханзыг ямар утгатайг нь мэдэж байвал дээрх бүх ханзнууд нэг ижил дуудлагатай юм байна гэдгийг мэдэж болдог байна.
Эцэст нь өгүүлэхэд ханзны учир шалтгаан , мөн чанарыг нь мэдэхгүйгээр мухар сохроор тогтоох гэж оролдох нь дургүй ламд дарж байж, сахил хүртээхтэй агаар нэг бөгөөд учрыг нь нэг олж чадвал сурч болохгүй хүнд хэцүү зүйл биш гэдгийг мэдэж болно.
(Япон хэлний сургалтын албаны ажилтан Т.Сансартуяа)

Back to Top
 "Тэргэнцэртэй иргэд нэг өдрийн цаасан нугалбарын хичээлд хамрагдлаа."
      Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооноос зохион байгуулж буй “Саадгүй орчин” аяллын багийнхан Монгол Япон төв дээр айлчилж байсан билээ. Тэр өдөр манай төв дээр их хөл хөдөлгөөнтэй олон хүн цугларсан. Монголд 2000 гаруй тэргэнцэртэй иргэд байдаг гэсэн сүүлийн үеийн судалгаа байдаг. Гэтэл тэдгээр иргэдэд зориулсан тусгай зам тун ч цөөхөн байдаг.
      Аянаар эхлэл болгон тэргэнцэртэй иргэд манай төвийн цаасан нугалбарын сургалтанд суусан юм. Энэхүү сургалтанд тэргэнцэртэй 9 эмэгтэй оролцсон бөгөөд энэ удаагийн хичээлийн зорилго өмнөх хичээлүүдийнхээс бага зэрэг ялгаатай байсан юм. Энэ удаагийн хичээлээр интернэт, түүний давуу талыг танилцуулах биш , Японы соёлын нэгээхэн хэсгийг танилцуулах явдал байсан юм.

      Хичээлийн үеэр тэдгээр бүсгүйчүүд ихэд идэвхитэй оролцож байсан бөгөөд зарим нь бүр Японы алдарт цаасан шувууг чадварлаг нугалж байгаа нь харагдсан. Цаасан шувууг мянгантаа нугалвал өвчин зовлон эдгэрдэг хэмээн Япончууд үздэг. Цаашдаа энэ нандин хүсэл шингээсэн цаасан нугалбаруудыг олон хүмүүст зааж сурган, хаана ч нэгнээ ялган үздэггүй, тэрш эрхтэй нийгмийг цогцлоох юмсан .

/ Монгол Япон төвийн ажилтан Д.Уламцэнгэл /