Үйл явдал
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-02-09

МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. 


1 сарын 29-өөс 2 сарын 9-ний өдрүүдэд албан байгууллагын захирал болон менежерүүдэд зориулсан бизнесийн үндсэн сургалтын “Хүний нөөцийн удирдлага” хичээл амжилттай болж өндөрлөлөө. Хичээлийг Хирабаяши Масаки багш удирдан явууллаа. Энэ хичээлийн жилээс Монголд анх удаа ирж хичээл зааж байгаа Хирабаяши багшийн хувьд IT салбарын аварга гэгддэг IBM корпорацийн Япон дахь салбарт олон жил хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаад одоогоор Японы 3 их сургуульд багшилж байгаа хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн багш юм. Тиймээс энэ удаагийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт нь онолын хажуугаар практикт тулгуурласан хэлбэрээр явагдсанаараа онцлогтой байлаа.

Бусад үед компани дээрээ ажил горилогчдоос ажлын ярилцлага авдаг, ажилчдадаа зааж зөвлөж, шаардлага тавьдаг захирал, менежерүүд маань энэ хичээлийн явцад өөрсдөө ажил горилогчийн байр суурин дээрээс болон гүйцэтгэх түвшний ажилтны дүрд орж, ярилцлага өрнүүлсэн дасгал ажил хийсэн юм. Энэ дасгал нь энгийн үед харагддаггүй асуудлууд болон өнөөг хүртэл шийдэхэд хүндрэлтэй байсан асуудлаа шийдвэрлэх арга замыг олж харж чадсан дасгал болсон юм. Үүнээс гадна ярилцагчаа хэрхэн сонсох вэ, ажилтнаа хэрхэн сургах вэ, хэрхэн урамшуулах вэ зэрэг хүний нөөцийн менежер, захирлуудад өдөр тутам тулгардаг асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой хичээл болж өндөрлөлөө.

Мөн менежерийн ангийн хичээлийн нэгэн хэсгийг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, "Жинзай Жапан" ХХК-ийн захирал Д.Дашмаа удирдан явууллаа. Дотоодын компанийн хүний нөөцийн тогтолцооны жишээ, алдаа онооны талаарх уг хичээл нь Япон багшийн хичээлд дурдагдаагүй, суралцагчдад илүү ойр байснаараа онцлогтой байлаа. 
Менежерийн ангийн хувьд уг хичээлээр үндсэн сургалтаа өндөрлүүлж байгаа бол СЕО ангийн хичээл 2 сарын 26-аас “Санхүүгийн удирдлага” хичээлээр үргэлжилнэ. Хагас жилийн турш хичээлдээ шамдан суралцсан менежерийн ангийнхандаа баярлалаа. СЕО ангийнхандаа үлдсэн хичээлд нь өндөр амжилт хүсье.

Та бүхэн манай төвийн бизнесийн үндсэн сургалтын талаар болон бусад сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.