Монгол Японы төвийн Бизнесийн Үндсэн сургалтын 26 дахь элсэлтийн менежерийн анги нь салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 30 гаруй суралцагчтай бөгөөд танхимын сургалтын зэрэгцээ хамтран суралцаж буй ангийн хамт олныхоо ажил, ажлын орчинтой танилцаж туршлага судлах зорилгоор Говь ХК болон Грийн Гэйт Интернэйшнл ХХК-тай танилцсан байна.
40 гаруй жилийн турш чанартай, биед эвтэйхэн, загварлаг, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр ирсэн Монголын ууган үйлдвэр Говь ХК-ийн үйлдвэртэй танилцан, түүхий ноолуур хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх 70-140 шат дамжлагын процессыг нүдээр харж, 2024 оноос компанийн өнгө төрх, стратеги, уриа үгээ өөрчлөн шинэчилж 2030 он гэхэд ноолуурын зах зээлд дэлхийд тэргүүлэх зорилго тавин ажиллаж байгаа тухай сонсоход таатай байлаа.
Харин Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийн хувьд Монос группын охин компани бөгөөд харьцангуй залуу ажилтнуудтай, залуусын ажиллах таатай орчин, залуусыг дэмжих нийгмийн халамжийн бодлого зэргээрээ олон компанид үлгэр дууриалал болохуйц компани байлаа.
МЯТ-ийн Бизнесийн Үндсэн сургалтад сууснаар япон маягийн менежментэд суурилсан менежментийн цогц мэдлэг эзэмшихээс гадна нэг ангид зэрэгцэн суралцаж буй ангийн хамт олныхоо бизнес, ажлын орчинтой танилцан нэг нэгнээсээ суралцах цаашлаад нетворкоо тэлэх зэрэг үнэ цэнтэй боломжийг олгодог нь уг сургалтын давуу тал юм.