Монгол-Японы төвийн бизнесийн сургалтын энэ оны отгон сургалт болох “Үйлдвэрлэлийн удирдлага” ахисан түвшний сургалтыг 12 сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтыг Малайз, Тайланд, Хятад, Вьетнам, Индонез улсуудад Үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөн ажиллахын зэрэгцээ Панасоник корпорацид үйлдвэрлэлийн сургагч багшаар ажиллаж буй Такаяасү Мицүхарү багш удирдан явуулсан юм.
Тус сургалтаар үйлдвэрийн процесс, дамжлагын удирдлага, үйлдвэрийн зохион байгуулалт зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн удирдах төдийгүй удирдагч багшийн зүгээс ажлыг хэрхэн зүй зохистой удирдан явуулах менежментийн арга барилаасаа түлхүү хуваалцлаа. Энэхүү агуулгаас товчхон дурдахад, тухайн ажилтан өөрийн хийж гүйцэтгэж буй ажлын нүдэнд харагдаж гарт баригдахгүй цаад учир шалтгааныг таньж мэдсэнээрээ ажилдаа илүү өөриймсөг бөгөөд гүйцэтгэл сайтай ажилладаг. Энэ учир шалтгааныг таньж ойлгуулах нь удирдах ажилтны чухал чадвар бөгөөд үүрэг юм. Иймээс зөвхөн нүдний өмнө байх өдөр тутмын ажлаа хийж гүйцэтгэхээс гадна, үүнээс илүүтэйгээр ажилтнаа зөв чиглүүлж, өсөж хөгжүүлэх нь чухал гэх ойлголтыг суралцагч нар маань ойлгож авсан болов уу.
Түүнчлэн Японы үйлдвэрлэлийн удирдлагын цөм болох төлөвлөлт, стандартчилал, тогтмол сайжруулалт, 5S хөдөлгөөний талаар суралцагчидтайгаа санал бодлоо хуваалцан, дасгал ажлуудаар дамжуулан ойлголтоо гүнзгийрүүлэх арга хэлбэрээр хичээлээ явууллаа.
Сургагч багшийн ахин дахин сануулж байсанчлан, танхимд суугаад суралцаад дуусах бус, сонсож мэдсэн зүйлээсээ нэгийг ч атугай ажилдаа хэрэгжүүлж эхлэн, түүнийхээ алдаа оноогоо дүгнэн, засаж сайжруулах, улмаар тогтмолжуулж явах нь сургалтаас гарах хамгийн чухал үр дүн юм.
Тиймээс нийт сургалтад хамрагдсан захирал, менежерүүддээ сурсан зүйлсээ хэрэгжүүлж, бага багаар ахиц гарган, тасралтгүй урагш тэмүүлэхийг хичээнгүйлэн хүсье.
Манай төвийн сургалтад энэ оны турш хамрагдсан нийт суралцагчдадаа ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг нийт ажилтнуудынхаа өмнөөс хүсэн ерөөе!