Монгол-Японы төвөөс Хүнс Комплекс ХХК-ийн хүсэлтийн дагуу 2024 оны 9 сарын 25-нд Үйлдвэрлэлийн удирдлага сургалтыг Монгол-Япон төвийн үндэсний сургагч багш Н.Батчулуун, 10 сарын 1-ээс 3-нд Стратегийн менежмент сургалтыг МУИС-ийн менежментийн тэнхимийн дэд профессор, Монгол-Японы төвийн ерөнхий менежер Н.Батдэлгэр нар тус тус удирдан явууллаа.
Үйлдвэрлэлийн удирдлага сургалтаар дэлхийд алдартай Тоёота компанийн визуал удирдлагын зарчим, үйлдвэрлэлийн систем, 7 үргүй зардал зэрэг менежментийн аргачлалын талаар заасан юм. Мөн Тоёота компанийн энэхүү менежментийн аргачлалыг Монголын компаниуд хэрэгжүүлсэн тухай бодит жишээнүүдийг багш маань өөрийн туршлага дээрээ тулгуурлан ярилаа. Мөн сургалтын үеэр үйлдвэрлэлийн процессын дамжлагыг сайжруулж, бүтээмжээ дээшлүүлэх талаар дасгал ажил хийснээр сургалтаар сурсан мэдлэгээ бататгаж чадсан болов уу.
Стратегийн менежмент сургалтын хувьд компанийн удирдах ажилтан болон менежерүүд стратеги боловсруулахад нэгдсэн ойлголттой болох зорилготойгоор нийт 9 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар байгууллагынхаа дунд хугацааны зорилго зорилтыг BSC-ийн өнцөг буюу санхүү, хэрэглэгч, бизнес процесс, хүний нөөц гэсэн 4 өнцгөөс тодорхойлон, бизнесийн гадаад болон дотоод орчны шинжилгээ(SW)-г багаараа хийлээ. Түүн дээрээ үндэслэн Cross-SWOT шинжилгээг хийж, дунд хугацааны зорилгодоо хүрэхийн тулд хэрэгжүүлэх стратегийг богино хугацаанд боловсруулсан юм. Мөн стратегит хүрсэн эсэхийг хэмжих гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт (KPI)-ийг эхний байдлаар тодорхойллоо. Цаашид удирдлагын багаараа тус сургалтаар хийсэн зүйл дээр дүгнэлт хийж сайжруулаад бизнестээ хэрэгжүүлээд явна гэдэгт найдаж байна.
Хүнс комплекс ХХК нь 1992 онд байгуулагдсан бөгөөд махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр нийт 150 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.Та бидний мэдэх Зочин чанамал хиам, Таван тансаг зайдас, Супер салями-утлагат хиам, Алтан нутаг-зүсмэл хиамыг үйлдвэрлэдэг билээ.
УЧРАЛ БҮРТ АМТ НЭМНЭ гэсэн уриатай Хүнс комплекс ХХК-ийн хамт олондоо Монгол-Японы төвтэй үргэлж хамтран ажилладагт талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсье.