Сар бүрийн мэдээлэл
НОМ УНШИХ АРГА.
2020-09-15

Уншаад ойлгохгүй байх 2 шалтгаан.
Токиогийн их сургуулийн оюутны "Унших арга"

- 1 уншаад л цээжилчихнэ гэсэн бодлоо орхицгооё!
Токиогийн их сургуулийн оюутан: Нишиока Иссэй

Токиогийн их сургуулийг эртнээс л унших чадварыг чухалчилдаг сургууль гэж ярьсаар ирсэн. Элсэлтийн шалгалтыг нь харахад л энэ яриа үнэн болох нь шууд харагдана.

Англи хэлний шалгалт гэхэд л 1000 гаруй үгтэй эхийн утга санааг нь 100 үгэнд багтаан япон хэл рүү буулгах дасгалтай. Маш урт тайлбартай математикийн бодлого. Эхийг хураангуйлах асуулттай японы түүх, дэлхийн түүх, биологи. График болон асуулт дундаас ойлгосныгоо хариулан бичих газарзүй, хими зэрэг бүх элсэлтийн шалгалтын хичээлүүд нь унших чадварыг шаардах дасгалуудтай. Уншиж ойлгох чадвар эзэмшсэн хүн бол урьдчилж бэлдээгүй сэдэв байсан ч асуултаас нь хариултыг нь олох боломжтой асуултууд ч байдаг.

Тиймээс Токиогийн их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэж байгаа сурагчид бүгд уншиж ойлгох чадвараа сайжруулах тал дээрээ анхаардаг.

Тэд сурах бичгээ элэгдтэл нь хэд хэдэн удаа уншдаг. Доорх зураг дээрх ном бол Токиогийн их сургуулийн урьдчилсан шалгалтад 1-р байранд орсон сурагчийн сурах бичиг юм. Олон төрлийн шалгалтад бэлдэх материал уншиж мэдлэгээ тэлэх гэхээсээ илүү хамгийн итгэж болох "Сурах бичиг" -ээ хэд дахин уншиж бэлдэх нь зүйтэй.

Зураг 1 Элэгдтэл нь уншсан дэлхийн түүх хичээлийн сурах бичиг

Тэгвэл "Уншиж ойлгох чадвар" гэдэг нь юу вэ?

Эргэн тойрныхоо Токиогийн их сургуулийн оюутнуудаас асууж үзвэл 2 төрлийн чадварт хуваагддаг гэсэн дүгнэлтэд хүрч болно. Тэр нь "Унших чадвар", "Тайлах чадвар". Унших чадвар нь эхийг уншаад гол санаа, пойнт нь хаанаа байгааг олох. Тайлах чадвар нь уншсан эхийн гол утгыг нь ойлгож, хураангуйлах чадвар.

Номыг гүйцэд ойлгоход энэ 2 чадвар хоёулаа шаардлагатай.

Энэ чадвараа сайжруулах энгийн арга байдаг. Энэ нь "Бэлтгэл". Токиогийн их сургуулийн оюутнуудын ихэнх нь энэ аргыг эзэмшсэн байдаг. Жишээ нь япон хэлний асуултад хариулах үедээ шууд урт эхээ уншиж эхлэхгүй. Тухайн эхэд хамааралтай асуултууд, сонгох хариултууд, урт өгүүлбэрийн дараах тодорхойлох өгүүлбэр, гарчиг зэрэг боломжтой бүхнээс мэдээлэл цуглуулсныхаа дараа эхээ уншиж эхэлнэ гэсэн үг юм.

 

Эхлээд таамаглалтай болох.

Ном, шалгалтад бэлдэх материал зэргийг уншиж, ажиллаж эхлэхийн өмнө номын хавтас дээрх, арын хуудасны мэдээлэл, гарчиг зэргийг харж "Аан, иймэрхүү агуулгатай ном юм байна даа." гэсэн таамаглал төсөөллийг өөртөө бий болгох хэрэгтэй. Уншиж эхлээд агуулга нь таамаглалтай чинь таарч байна уу, эсвэл арай өөр байна уу гэдгийг нь бодонгоо уншаад явна гэсэн үг.

Тиймээс Токиогийн их сургуулийн оюутнуудын унших хурд өндөр байдаг. Энэ нь Токиогийн их сургуулийн оюутнууд төрөлхийн гоц ухаантай гэхээсээ илүү иймэрхүү агуулгатай ном болов уу, ийм утгатай асуулт болов уу гэсэн тодорхой хэмжээний таамаглалтайгаар дасгалыг хийж эхэлдэг тул унших хурд нь харьцангуй хурдан байдаг гэсэн үг.

Гэхдээ урьдчилан таамаглахад бэрх номын төрөл бас байна аа. Нэг жишээ нь гэвэл сурах бичиг. Хавтаснаас нь "Дэлхийн түүх" гэснээс өөр мэдээлэл авч чадахгүй. Гарчгийг нь уншсан ч гэсэн анх удаа үзэж байгаа бол ямар агуулгатайг нь төсөөлөхөд хэцүү.

Ийм тохиолдолд хэд хэдэн удаа унших хэрэгтэй болно. Тиймээс дээрх зураг шиг элэгдтэл уншсан байх нь. Сурах бичгийг 1 удаа уншаад бүгдийг нь ойлгох гэж оролдолгүй эхний удаад сайн ойлгохгүй байсан ч гүйлгээд бүгдийг нь унших хэрэгтэй. 2 дахь удаагаа унших бэлтгэл нь болно гэсэн үг.

Та "Эббингхаусын мартах муруй" гэж мэдэх үү. Хүн ямарваа шинэ мэдээллийг хир хугацаанд мартаж байна вэ гэдгийг харуулсан муруй юм. Энэ муруйгаас харвал хүн 1 удаа л үзсэн хичээл, мэдээллийн 74%-80%-ийг 1 өдрийн дараа гэхэд мартдаг байх нь. Гэхдээ 2, 3 дахь удаагийн уншилтаар мэдээлэл тархинд илүү удаан тогтдог.

Тэгэхээр дээрх оюутны олон удаа давтан унших арга нь зүгээр нэг хичээл давтах арга гэхээсээ илүү судалгаагаар батлагдсан найдвартай арга юм.

Ихэнх хүмүүс ном, өгүүллийг 1 удаа уншаад цээжлэх тогтоох гэж оролддог. Тархийг усны сав адил шинэ мэдлэг мэдээллийг нэмж хийх аргаар ажилладаг гэж бодох нь элбэг. Гэхдээ энэ бол том эндүүрэл юм шүү. Үнэндээ тархи гэдэг бол маш олон нүхтэй сав юм. Дээрээс нь хэчнээн мэдлэг мэдээлэл хийсэн ч тэр нүхээр нь нэвчин гарсаар байдаг. Хүн бол байгалиасаа мартдаг амьтан учраас тэр л дээ.

 

Толгойдоо спонж/шингээгч/-той болох.

Тэр цоорхой савандаа ус үлдээх 1 арга байдаг нь толгойдоо спонжтой болох юм. Өрөөр хэлбэл ном, сурах бичгийн агуулгыг ерөнхийд нь сайн ойлгосон байхад нарийн, жижиг мэдээллийг нь санахад, ойлгоход илүү амар болдог гэсэн үг. Дэлхийн түүхийн хичээлээр жишээ болгоод хэлбэл ерөнхий он цагийн дараалал, үйл явдлыг мэдэж байвал, дараа мартагдсан нарийн тодорхой мэдээллийг дахин сэргээхэд амархан байна гэсэн үг. Тэгэхээр хэд хэдэн удаа унших нь тэр спонжийг бий болгох юм.

 Мөн спонжийг өгүүлэл дэх түлхүүр үг олж тогтоох замаар бүр л амархан бүтээж болно.

Жишээ нь доорх эхийн түлхүүр үгийг нь олох гээд үзье.

 

"Гүйгээрэй, Мелос!" зохиолд Мелос хаанд хандан "Хүнийг сэжиглэх гэдэг бол хамгийн муухай зүйл." гэж уурладаг. Гэхдээ бодит амьдрал дээр хүнийг сэжиглэхгүй байх илүү хэцүү юм. Хүн нөгөө этгээдийнхээ зүрх сэтгэлийг мэдэж чадахгүй. Нөгөө этгээд нь хэдий би ингэж бодож байна гэж хэлсэн ч чухам тэр нь үнэн үү, худал уу гэдгийг мэдэхгүй.

Мөн таны өөрийн хэмжүүр, нөгөө этгээдийн хэмжүүр нь өөр байх үе ч байна. "Хүн байх эрхгүй" зохиолын гол дүр нь "Нэг ёсондоо үл мэднэ. Хажуугийн хүний зовлонгийн мөн чанар, хэр хэмжээг нь төсөөлж үл мэднэ." гэж өөртэйгээ ярилцах хэсэг гардаг. Таны аз жаргал гэж мэдэрч байгаа зүйл нөгөө хүнд адил аз жаргалыг мэдрүүлэхгүй байх нь бий. Нөгөө хүнийхээ юу бодож, яаж мэдэрч байгааг та бүгдийг нь ойлгох боломжгүй гэсэн үг. Ийм байхад "Хүнийг сэжиглэхгүй байна." гэдэг нь аль хир боломжтой зүйл вэ.

 

За, түлхүүр үгээ олсон уу?

Түлхүүр үг гэдэг нь хэлбэр язгуураа өөрчлөн дахин давтагдан гарч байгаа, эхийн гол санааг илэрхийлэх үг юм. Энэ эхийн хувьд хэд хэдэн удаа давтагдан гарч ирсэн "сэжиглэх", "бодол", "боломжгүй" гэсэн 3 үг байна.

"Сэжиглэх" бол эхийн эхнээс авахуулаад хэд хэдэн удаа гарч байна. "Бодол" гэдэг үг эхэд 1 л удаа гарч байгаа ч сэтгэл гэдэг утгаар бас авч болно. "Боломжгүй" нь ойлгохгүй, хэцүү зэрэг үгтэй зэрэгцэн хэд хэдэн удаа гарч байна.

Ингэж зөв түлхүүр үгүүдийг олж чадвал "Хүний юу бодож байгааг мэдэхгүй тул сэжиглэхгүй байх хэцүү." гэсэн эхийн дамжуулах гэсэн санааг 1 өгүүлбэрт багтаан хэлж болно. Хэрвээ та унших чадвар маань муу байна гэж бодож байгаа бол дээрхийн адил эхийн гол түлхүүр үгүүдийг олох замаар гол утгыг олж уншдаг болох хэрэгтэй гэж зөвлөе. Дасгал болгож эхийг 10 гаруй удаа давтаад уншвал түлхүүр үгийг ядах юмгүй олдог болох болов уу.

 

Хураангуйлах чадвар хамгийн чухал.

Дараа нь "Тайлах чадвар". Өөрөөр хэлбэл эхийг хураангуйлах чадвар. Энэ нь "Унших чадвар"-аас ялгаатай нь урьдчилж “бэлдсэн ч” хураангуйлж чадахгүй байх магадлалтай. Суурь болон нэмэлт мэдлэг, мэдээлэл хэрэг болох болно.

"Өөрийн үгээр илэрхийлж чадахгүй бол хэчнээн уншсан байсан ч нэмэргүй." гэж Токиогийн их сургуулийн багшаасаа сонсож байлаа. "Тэгээд ямархуу ном байна?" гэж асуугдах үедээ өөрийн үгээр тайлбарлаж чадахгүй бол тэр номыг, сэдвийг ойлгоогүйтэй ижил гэсэн үг л дээ. Токиогийн их сургуульд уншсан номын товчлол бичдэг хичээл, оюутнууд хоорондын номын товчлолын талаар хэлэлцдэг семинарууд зэрэг бий.

Эхийг унших гэдэг нь "Унших чадвар"-аараа эхийн гол агуулга, түлхүүр үгийг нь олж, "Тайлах чадвар"-аар утгыг нь сайн ойлгож өөрийн үгээр хураангуйлж толгойдоо хадгалахыг хэлнэ. Хураангуйлж чадаж байна уу гэдэг нь тэр эхийг ойлгосон уу гэсэн асуултын хариулт нь юм.

Товчилж бичих асуултууд ихэнх Японы их сургуулийн элсэлтийн шалгалтад ирдэг. Бизнесменүүдэд ч  гэсэн төслийн хураангуй дүгнэлт (Summary) бичих, танилцуулга хийх зэрэг энэ чадварыг шаардах ажил нэлээдгүй гарч ирдэг. Тэгвэл дараах эхийг уншаад, хураангуйлах гээд үзье.

 

Бид өдөр бүр ямар нэгэн байдлаар бусдад үнэлэгдэж байдаг. Харин бусдын хийсэн үнэлгээ болгоныг бодож, анхаарч амьдрах нь тэнэг хэрэг.

Францын үндэсний баатар Жанна Д'аркийг тухайн үед хар домын шидтэн хэмээн түүдэг гал дээр шатаасан. Гэвч 500 жил өнгөрхөд үндэсний баатар гэж цоллох болсон байдаг. Үнэлэмж нь өөрчлөгдсөн хэрэг. Бүр алдарт У.Шекспир хүртэл зохиолдоо түүнийг харааж зүхэн бичсэн байдаг. Мэдээж Англи тухайн үед Францтай дайсагнасан харьцаатай байсан болохоор тэр.

Эсрэгээрээ Нацист Германы А.Гитлер Дэлхийн 2-р дайныг эхлүүлэхээсээ өмнө "Түүхэн дэх шилдэг улс төрч" гэж нэрлэгдэж байлаа. 6 саяд хүрч байсан ажилгүйчүүдийн тоог маш ихээр багасгаж, дэлхийн хэмжээнд 2-т орох том эдийн засагтай улс болгосон гоц ухаантай улс төрч юм. Гэвч одоо энэ хүний нэр дэлхийн хэмжээнд ад үзэгдэх болж.

Бусдын өөрт нь тавих үнэлгээ үнэлэмжид анхаарал хэт тавих хүмүүс их бий. Гэхдээ тэр үнэлгээ нь цаг үе болон үнэлж буй хүнээс хамаараад өөрчлөгддөг гэдгийг мэдэж, анхаарлаа хэт тавих хэрэггүй юм.

Эхлээд дээрхтэй адил түлхүүр үгээ олцгооё. Эхэд давтагдсан байдал болон эхийн гол санааг агуулсан үгнүүд гэвэл "Үнэлгээ", "Өөрчлөлт", "Анхаарал тавих" зэрэг байна.

Хураангуйллыг энэ үгнүүд дээрээ үндэслээд босговол дараах байдлаар гаргаж болно.

"Хүн угаас бусдын үнэлэмж дунд амьдардаг. Бидний дунд тэр үнэлэмжийг хэт анхааран үзэх хүмүүс бий. Гэвч бусдын тэр үнэлгээ нь өөрчлөгддөг тул анхаарал тавих шаардлагагүй."

Хураангуйлахдаа эхээс оруулан бичих биш өөрийн толгойдоо эргэцүүлэн бодоод өөрийн үгээр буулгаж бичих ёстой байдаг. Асуултын эхийг уншаад ойлгоход амар байсан ч мэргэжлийн үг хэллэг, томьёо, өмнө нь харж байгаагүй үг байх тохиолдол гарч ирнэ. Энэ үед өөрөө судалж мэдлэгийн хүрээгээ тэлэх л үлдэж байна даа.

Эцэст нь дээрх агуулгыг хураангуйлбал:

Эхийг уншаад ойлгохгүй байгаа бол 2 төрлийн асуудал байна гэсэн үг.

1. "Унших чадвар" эзэмшээгүй, түлхүүр үгээ олж чадахгүй байх. Энэ тохиолдолд юун түрүүнд эхээс түлхүүр үгийг хайж эрэлхийлж уншиж сурах.

2. "Тайлах чадвар" эзэмшээгүй, түлхүүр үгээ мэдэж байгаа ч өөрийн үгээр хураангуйлж чадахгүй байх. Ердөө л уншсан эхээ хураангуйлах, товчлох дасгал хийх. Мөн эхтэй холбоотой мэдлэгээ дээшлүүлэх.

Ном уншаад ойлгохгүй байгаа бол дээрх асуудлын аль тулгараад байгааг олж таарсан арга хэмжээг авч өөрийгөө аль болох эртнээс дасгалжуулаарай.

 

Нишиока Иссэй: 1996 онд төрсөн.

Токиогийн их сургуулийн элсэлтийн шалгалтад 2 жил дараалан унасныхаа дараа өөрийн гэсэн цээжлэх арга, унших аргыг боловсруулан, хичээллэж 3 дахь шалгалтаараа Токиогийн их сургуулийн Бизнесийн сургуульд тэнцсэн.

Тэнцсэнийхээ дараа өөрийн туршлага дээр үндэслэн 『東大読書』 /Токиогийн их сургуулийн оюутны унших арга/ номоо хэвлүүлсэн бөгөөд 300,000 хувь зарагдсан бэстселлэр ном болжээ. Мөн энэ оны 3 сараас Ковид-19-ийн нөлөөгөөр сургууль нь амарсан сурагчидад зориулан 「スマホ学園」 youtube хуудас ажиллуулж байгаа юм байна.

 

Дээрх нийтлэлийг япон хэлээр нь уншихыг хүсвэл манай номын санд ирдэг 「週刊東洋経済」сэтгүүлийн 2019.10.12-ны дугаараас уншаарай.