Дорноговь аймагт төрж өссөн. МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэж, МУИС-ийн япон хэл судлалын тэнхимд япон хэлний багшаар ажиллаж байв. Ажиллаж байх хугацаандаа Токиогийн гадаад хэлний их сургуульд Япон улсын тэтгэлэгээр суралцсан. Эх орондоо буцаж ирээд МУИС-даа ажиллаж байгаад, 1991 онд дахин Япон улсад очиж Жайкагийн сургалтын төвд ажилласан, тэнд Японы залуучуудын болон ахмад сайн дурын гишүүдэд монгол хэл зааж байв. 2017 онд Япон дахь Жайкагийн ажлаа дуусгаад, Монголдоо буцан ирсэн.
Бүтээл: “Япон-Монгол хэлний үндсэн үгийн толь бичиг“ 1998
“Монгол хүнд зориулсан япон хэлний сурах бичиг “ 1998
“Монгол хэлний өвөрмөц хэллэгийн толь“ 2012
Орчуулга:
Шийна Макото “Цагаан морь”1995
Шийна Макото“Далай, тэнгэр, шүрийн дуулал” 1994
Кайко Такэши “Шалдан ноён”1999
Кайко Такэши “Балмагдал” 1999 гэх мэт.
Япон хэлтэй танилцсан нь
- Наранцэцэг багш аа (цаашид Наран багш) та яг хэдийд япон хэлтэй танилцав даа ?
МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид сурч байхдаа анх япон хэл сурч эхэлсэн. Их сургуулийн 3-р курсэд байх үед манай ангиас 10-н оюутныг Хэлбичгийн факультетийн декан дуудлаа. Декан бидэнд, одоо та нар зарим нь хятад хэл, зарим нь япон хэл үзэх болно, япон хэл үзье гэсэн оюутнууд гараа өргөөрэй гэв. Тэгээд миний найз Долгор бид хоёр, бүгд зургаан оюутан гар өргөсөн юм. Энэ бол Монголын япон хэлний сургалтын эхлэл байлаа. 1975 оны 1 сарын сүүлээр бил үү, 2 сард билүү, өвлийн амралт дууссаны дараахан л юмдаг. Тэр үед япон багш байгаагүй юм. Я. Шаарийбуу, Г. Жамбалсүрэн гэж хоёр сайхан багш минь зааж байлаа. Өдгөө хоёр багш минь хоёул ертөнцийн мөнх бусыг үзүүлж дээ. “Япон хэлний унших бичиг” байсан байхаа, Шаарийбуу багшид маань нэг ном байсан юм, бид япон хэл мэдэхгүй ч тэр их сонирхолтой ном байсан санагддаг юм. Аматэрасү оомиками (нарны дагина) -н домог зэргийг ярьж өгдөг байлаа (инээв). Шаарийбуу багш дэлхийн II-р дайны үеэр Өвөр Монголд байсан бөгөөд Японы Квантуны армийн их сургуульд сурч байсан гэдэг. Багш маань бидэнд ханз хэрхэн бичих, яаж дуудахыг зэргийг заадаг байлаа. Одоо бодоход тухайн цэргийн сургуулийнх нь л заах арга байсан болов уу. Багш маань уншаад л явчихна, бид бичих гэж сандарнаа, үе үе бидэнд янз бүрийн сонин сайхан юм ярьж өгнө, тэр нь их сонирхолтой байж билээ. Ийм маягаар Монгол дахь япон хэлний боловсролын түүх эхэлж байсан юм. Тухайн үед япон хэлний ном, сурах бичиг байгаагүй, харин Япон улсын ЭСЯ-наас бид зургаад нэг нэг “Зөв Япон хэл” гэдэг сурах бичиг бэлэглэж билээ. Багшийн зааж байсан ханз үсгүүдийг бүгдийг сурахгүй бол болохгүй байлаа. Хүнд, хөнгөн бүх л ханз хамт байдаг, одооных шиг анхан, дунд, дээд шат гэсэн цэгц байсангүй. Ямар ч байсан л бүх ханзыг хичээн цээжилдэг байв. Одоо ч гэсэн ханзыг нэг их зоволгүйхэн уншчихдаг маань тэгж хичээллэж байсны ач гэж боддог. Тэр үедээ бол цээжлэхээс өөр ямар ч сонголт байгаагүй л дээ.
- Ингэхэд Наран багш декандаа дуудагдаад хятад хэл, япон хэлний япон хэлийг нь сонгочихоод үүнийг сурснаар юу хийх бол, цаашид яах бол гэх ч юм уу ирээдүйгээ яаж төсөөлж байсан бэ?
Юу ч төсөөлж бодоогүй байхаа. Мэдээж Япон улс хаана байдаг тухай ч юм уу, эсвэл цагаан сар мараар, аавынхаа үеийнхний “Халх голд байлдаанд оролцож явсан” “баатарлаг“ яриа зэргийг бол сонсож л байсан. Тэр үед Япон улсын тухай мэдээлэл хомсхон байсан. Тухайн үед Монгол социалист орон байсан болохоор капиталист Японоос огт өөр шүү дээ. Гэхдээ л япон хэлний ертөнц рүү яваад орчихсон байдаг би, яагаад юм бол? (инээв). Ёстой л хувь тавилан юм байх даа. 1972 онд Монгол Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосон. Тэгээд сонирхсон юм болов уу. Япон хэлийг сонсоо ч үгүй, үзэж хараа ч үгүй байж ....
Хүмүүстэй уулзаад л...
- Наран багш засгийн газрын тэтгэлэгээр Япон улсад сурсан байх аа ?
Тийм ээ. Судлаачаар суралцахаар явсан. 1977 онд МУИС-иа төгсөөд, тэндээ япон хэлний багшаар ажилласан юм. 1982-1984 онд Японд суралцаж ирээд үргэлжлүүлэн сургуульдаа япон хэлээ заасан. Одоо ч дотно нөхөрлөсөөр байгаа миний багш, эрхэм анд Койбүчи Шинъичи багштайгаа МУИС-д зочин профессороор ажиллахаар ирсэн үед нь анх танилцаж байлаа. Койбүчи багш бид нар нэг жил хамт ажилласан. Тэр үеэс хойш холбоотой байна. Ер нь тэр үед Япон сангаас багш нар ирдэг байсан юм. Эхлээд Токиогийн Гадаад хэлний их сургуулийн Хасүми Харүо, Васэда их сургуулийн Ёшида Жүнъичи, Осакагийн гадаад хэлний их сургуулийн Арай Шинъичи, Онүки Масао, Хашимото Масарү гэх зэрэг олон багш ирж байв. Үнэхээр сайхан багш нараар хичээл заалгаж байлаа. Долгор бид хоёр, 2 жил хагас япон хэл үзсэн. Тэгээд их сургуулийн багш болсон хэрэг, одоо бодоход яаж зааж байсан юм бол гэж бодогддог (инээв). Их л хичээж байж дээ. Ёшида багш, Хашимото багш, Арай багш, Цүчияа багш гээд олон сайхан багш нар Долгор бид хоёрт ихийг зааж, биднийг багш болгосон гэж боддог. Яаж заахаа ч сайн мэдэхгүй, ном, сурах бичиг ч ховор хомс байсан болохоор хичээж зүтгэхээс өөр арга байгаагүй байх.
Шийна Макото гуай гэж Монголыг сонирхдог нэг зохиолч бий. Шийна Макото гуай, Койбүчи багшийн сайн танил юм. Шийна Макото гуайгаас “Далай, тэнгэр, шүрийн дуулал” хэмээх Окинавагийн тухай баримтат уран сайхны киногоо би монголчуудад үзүүлмээр байна, орчуулж өгнө үү” гэсэн санал хүлээж авсан. Би тэр киног орчуулсан. Түүнээс хойш Шийна зохиолч удалгүй Монголд очиж кино хийнэ гэж шийдээд “Цагаан морь” гэдэг киног бүтээсэн юм. 1990-ээд оны дунд үеийн талаар Японд бол “Шийна, Монгол” гэж хэлэхэд шууд л “Цагаан морь” кино санаанд буудаг байсан байх. Шийна гуайтай танилцсан минь миний хувьд их аз завшаан байсан.
Кайко Такэши гуайн тухайд...
Койбүчи багшийн гэрт нь очиход шиг, санаж байна, багш маань “Монголд их элэгтэй нэгэн их хүн бий” гэж ярьсан юм. Тэр хүн бол Кайко Такэши гуай байсан юм. Тэрээр үнэхээр гайхалтай сайхан хүн байсан юм. Нэг удаа Кайко гуай “Чингис хааны онгоныг хайж үзээч” гэж хэлжээ. Энэ бол Чингис хааны онгоныг хайх Монгол, Японы хамтарсан “Гурван гол” төслийн тухай яриа байсан юм. Тэгээд нэг хүн, лав Койбүчи багш л байх, “ Кайко багш минь тэр бүтэхгүй, олдохгүй байх ” гэхэд. Кайко гуай “Олдох, олдохгүйдээ биш, хамгийн гол нь тэр их хүний шарилыг хайна гэдэг утга учиртай, ач холбогдолтой ажил юм шүү. Хэрэв олдохгүй бол орчин үеийн шинжлэх ухаан технологи XIII-р зууны мэргэн ухаан, оюун билгийг гүйцэхгүй байгаагаа харуулна ” гэж хэлсэн гэдэг.
Кайко гуай Монголд маш хайртай, Монголын соёл түүхийг их ч мэддэг хүн байсан юм. Монголын түүх, соёлыг үнэхээр их үнэлж, чухалчилдаг байж дээ гэж одоо бодогддог. Номынхоо оршилд “Монголын нүүдэлчдийн соёл бол илүү дутуу юмгүй, хүсэл шуналгүй, цэвэр ариун соёл юм.” гэж тэмдэглэсэн байдаг. Монголчууд хэдийгээр пирамид, цайз хэрэм, хөшөө дурсгал бүтээж үлдээгээгүй ч байгаль дэлхий, газар доорх баялаг, амьдрах ухаан, амьд бүхнийг хайрлах сэтгэл, үлгэр туульс, түүх домог энэ бүгдийг хойч үе бидэндээ уламжлан үлдээснийг Кайко гуай сайн мэдэж байжээ. Чингис хаан ч өөрөө онго, бунхан, орд харш бариулалгүй, эгэл даруухан газар шороондоо шингэсэн байх. Чингис хааны онгоныг хайх төсөл дуусахын өмнөхөн Кайко гуай таалал төгссөн ч угаасаа олдохгүй гэдгийг мэдэж байсан юм болов уу. Гэхдээ “Их хааны онгоныг хайх л хамгийн гол нь” гэж бодож байсан байх. Койбүчи багш Кайко гуайтай хамт Архангай аймагт загасчлахаар явахад Кайко багш их энгийн, яг л нутгийн ахмадууд шиг байсан гэж хэлж байж билээ (инээв).
**Чингис хааны онгоныг хайх “Гурван гол төсөл”. Чингис хааны мэндэлсэн болон оршоосон газрыг Хэрлэн, Онон, Туул гурван голын сав газар гэж үздэг тул ийн нэрлэжээ.
Кайко Такэши гуайн бүтээлийн орчуулга
Наран багш Кайко гуайн номыг монгол хэл рүү буулгасан талаараа ярихгүй юу ?
Кайко гуайн “Балмагдал”, “Шалдан ноён” зохиолуудыг би Японд байхдаа 1998 онд орчуулж байсан. (Монголд 1999 онд хэвлэгдсэн). “Балмагдал” 1957 онд, “Шалдан ноён” 1958 онд хэвлэгдсэн. “Шалдан ноён” зохиол нь Японы утга зохиолын Акүтагавагийн шагналыг хүртэж байсан. Кайко гуайг өөд болсны дараахан, Койбүчи багш маань “Кайко багшийн бүтээлүүд тун гайхалтай шүү. Ганц нэг зохиолыг нь монгол хэл рүү орчуулмаар байна” гэж ярьж билээ, тэгээд би орчуулахаар болсон юм.
~Койбүчи багштан танд санал болгосон байх нь ээ, Кайко гуайн олон зохиол дундаас яагаад “Балмагдал”, “Шалдан ноён” хоёрыг сонгох болсон юм бол ?~
Койбүчи багш “Балмагдал” болон “Шалдан ноён” хоёр бол хожим хойно ч хүмүүсийн мартаж болохгүй мэдэж байх ёстой зохиол гэж хэлж байсан юм. 1950-иад оны Япон, 1990-ээд оны Монголд ижил төстэй зүйл их байгаа юм шиг санагддаг. Энэ цаг үеүдэд, энэ хоёр улсын аль алинд нь өөр боловч нийгмийн байдал ээдрээтэй байсан. Хожим хойно ч ийм үйл явдал болохгүй гэсэн газаргүй. Тийм учраас хэдийд ч, ямар ч цаг үед заавал унших ёстой номын нэг юм гэж боддог . Монгол улс 1990-ээд онд социалист нийгмээс капиталист нийгэм, зах зээлийн эдийн засаг руу шилжиж үнэхээр их өөрчлөлт шинэчлэлт хийсэн, одоо ч тийм байна. Одоо хэр нь Монголд баян, ядуугийн ялгаа гэх мэт олон асуудал байна.
Энэ номын орчуулга үнэхээр хэцүү байсан шүү. Би урьд нь үлгэр, богино өгүүллэг гэх мэтийн орчуулга хийдэг байсан, саяны ярьсан Шийна гуайн “ Далай, тэнгэр, шүрийн дуулал” гэх Окинава нутгийн аялгаар бичсэн бүтээлийг ч орчуулсан, түүнийг хийхэд нутгийн аялгууг орчин цагийн япон хэл дээр буулгаж өгч тусалсан учраас орчуулахад арай амар байсан. Харин Кайко гуайн япон хэлний үгийн сонголт зэрэг бол тийм ч амархан байгаагүй. Японы уламжлалт зан заншил, хоол хүнс зэрэг сайн мэдэхгүй юм их гардаг байсан. Тухайлбал загасны нэр. 「するめ」 гэх япон үгийг орчуулалгүй шууд нэрээр нь “сүрүмэ” гээд бичих жишээтэй. Мэдээж тэр үеийн миний орчуулгын туршлага нимгэн байсан. Энэ зохиолыг дахин хэвлүүлэх болбол засчихмаар юм бас бий. (инээв).
Кайко гуайн дурсгалын музей нээгдэхэд амжиж хэвлүүлсэндээ баяртай байсан.
Орчуулж байхдаа, ойлгохгүй юм гарвал Койбүчи багш руу утасдаж асуудаг байв. “Энэ үг, өгүүлбэрийн илэрхийлж байгаа цаад утга санааг ойлгохгүй байна” гээд багштай ярьж зөвлөдөг байв. Багш маань энэ номыг орчуулахад маш их тусалсан. Зохиолч болгоны бичих илэрхийлэх арга, өнгө аяс нь өөр шүү дээ. Кайко гуай утга төгөлдөр сайхан үг хэллэг хэрэглэж бичдэг хүний нэг. Тиймээс ч зохиолынх нь гаргаж байгаа санаа гүн гүнзгий, утга төгөлдөр байдаг. Азаар Кайко гуайн дурсгалын музей нээгдэхээс өмнө амжиж “Балмагдал”, “Шалдан ноён” хоёроо орчуулж дуусаад, хэвлэж гаргасандаа баяртай байсан.
Орчуулгын үед тулгарах бэрхшээл
Би ер нь ямар ч орчуулга байсан япон хэлийг яг тэр хэвээр нь монгол руу үгчлэн буулгаж болохгүй гэж боддог юм. Кайко гуай юу хэлж, ямар утга санааг илэрхийлэх гэсэн юм бол, түүнийг нь монгол хүнд яаж илэрхийлбэл ойлгомжтой байх вэ гэж бодох ёстой. Ингэж л бодож орчуулсан .
Би ч бас орчуулгын ном зохиол уншдаг, үнэнийг хэлэхэд заримдаа “Энэ юу хэлэх гээд байгаа юм бол” гэмээр үг өгүүлбэртэй таардаг. Энэ ярилцлагад орох гээд би өөрийнхөө орчуулсан “Балмагдал”, “Шалдан ноён” хоёроо дахин уншиж үзлээ л дээ. Аз болоход ойлгомжгүй, утга учир нь мэдэгдэхгүй үг өгүүлбэр нь гайгүй байхаар ашгүй дээ л гэж бодлоо (инээв). Нэг их хатуу хүтүү үг хэллэггүй, утгачлах гэж оролдсон байна лээ. Сая харин дахин уншиж, эргэн харсан нь боллоо. Орчуулга хэцүү боловч сонирхолтой ажил юм шүү.Жишээлэхэд Монголын ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн багштаны орчуулсан, монгол хүн болгон мэддэг “Алтан загасны үлгэр” гэх алдарт зохиол бол орос хэлнээс монгол хэл рүү орчуулсан зохиол юм. Үнэхээрийн гайхалтай орчуулга. Бүр эх зохиолоосоо давсан сайн орчуулгатай гэж боддог шүү. Монгол хүн нэг уншаад цээжилчихмээр тийм сайхан. Тэгж орчуулдаг бол мөн сайхан аа, гэлээ ч бид яаж тэр их хүний эгнэгт хүрэх билээ. Ц.Дамдинсүрэн багштан монгол хэлний бол оргил нь байсан, орос хэл нь ч мэдээжийн хэрэг. Монгол хэл нь төгс байсан нь ойлгомжтой. Тийм байгаагүй бол тийм түвшний орчуулга гарахгүй байхаа. Тухайлбал гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулга хийхэд монгол хэлээ сайн мэдэхгүй бол үгчилсэн, модон мохоо орчуулга болно. Тиймдээ ч орчуулга бол хэцүү ажил. Зөвхөн гадаад хэл мэддэг хүн орчуулга хийж чадахгүй. Сүүлийн үед Японд төрж өсөөд, япончуудтай адил, бүр япон хүнээс ч илүү хэлийг нь мэддэг хүүхэд олон болж байна. Ийм хүүхдүүд маань монгол хэл рүү орчуулж чадах уу гэвэл үгүй юм аа. Тэгэхээр би азаар монгол хэлний ангид суралцаж, монгол хэл, уран зохиолын хичээл үзсэн учраас орчуулга хийе гэж бодсон байх.
Зөвхөн англи ч юм уу, япон ч юм уу гадаад хэл мэддэг хүн монгол хэлний орчуулга хийнэ гэвэл бэрхшээлтэй.
Монгол хүн болгон монгол хэлээ сайн мэднэ, чадна. Гэлээ гээд бүгд монгол хэл зааж, ном бичдэг үү гэвэл бас үгүй шүү дээ. Үүнтэй л ижил юмуу даа. Орчуулагч хүн гэдэг бол өөрийн төрөлх хэлийг л сайн мэдэж байх хэрэгтэй гэж бодож байна. Үнэхээр авьяас, чадвартай хүн бол чадалгүй яахав. Ер нь бол монгол хэлээ л сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Ц.Дамдинсүрэн багштан бол авьяас чадвартай, монгол хэлний жинхэнэ орой нь байсан болохоор тийм сайхан орчуулдаг байсан. Үнэхээр биширмээр. Монгол хэл маш баялаг учраас оросоос ч, японоос ч орчуулахад тухайн үгэнд дүйх монгол үг 5, 6 янзаар гарч ирнэ шүү наад зах нь. Тэр дундаас хамгийн тохиромжтой, таарамжтай үгийг шилж сонгох гэдэг хэцүү хэрэг. Толгойд үг орж ирэхгүй, толиноос хайгаад ч байхгүй, яг таг таарсан үг олдохгүй үе ч байдаг. Би бас толь бичиг хийж байсан. Толь бичигт барагцаалсан, ойролцоо утга л байдаг. Яг өөрт сэтгэлд бүрэн нийцсэн үг сонгоход цаг хугацаа хэрэгтэй болдог. Дахин дахин уншиж, засаж бичихээс өөр аргагүй.
Аман болон бичгийн орчуулга бол ялгаатай ажил. Орчуулагчийн хувьд орчуулсан номыг нь уншиж буй хүн “агуулга нь сонирхолтой байна уу, уншихад ойлгомжтой эсэх, найруулга, дүрслэл, илэрхийлж байгаа үг хэллэг нь зөв үү, буруу юу” гэх зэргээр харж байдаг. Бичгийн орчуулга бол үлддэг ажил юм. Тиймээс ч орчуулгын ажлыг сонирхолтой гэж боддог, бас олон хүн, дээр хэлсэнчилэн бодож санаж, хянаж шүүж уншдаг тул их хариуцлагатай. Алдаа мадагтай орчуулчихвал зохиолыг бичсэн зохиолчид нь харамсалтай. Зохиолч хэлэх гэсэн санаагаа бичсэн байгаа шүү дээ. Иймээс орчуулагч их хариуцлагатай байх хэрэгтэй.
Япон хэл суралцагч, орчуулагч болохоор зорьж байгаа залууст зориулж хэлэх таны үг ?
~Ингээд сүүлийн асуулт болгож Наран багшаас япон хэл сурч буй, орчуулагч болохоор зорьж байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ ?~
1980-аад онд намайг Японд суралцаж байхад автобус, цахилгаан галт тэргэнд япончууд бүгд ном, сонин уншиж явдаг байсан. Одоо бол гар утсаа хараад л явж байдаг болсон. Өмнөхтэй харьцуулахад ном уншихаа больсон байж магадгүй ч Японд маш их ном бий. Амазоноор захиалаад ч авч болно. Олон хүн, маш их ном уншдаг. Япон бол номын орон шүү дээ.
Япон номыг орчуулж, монгол хүүхэд, залуус, Монголын боловсрол, хүний хөгжилд хувь нэмэр болж, Японы соёлоос суралцахад орчуулга чухал хувь нэмэр оруулна. Орчуулагчид олон ном зохиол, кино орчуулж байж туршлага сууна. Бидэнд Японоос суралцах, үлгэр жишээ авах сайн юм олон бий. Монголчууд эртнээс нааш санскрит буюу энэтхэг хэлнээс орчуулсан ном зохиол уншсаар ирсэн . Тэдгээр нь яг монгол хүн бичсэн юм шиг зохиолууд байдаг. Үүнтэй адил олон япон ном, зохиолыг орчуулж байгаасай. Дээр хэлсэнчлэн орчуулах тусам чадваржиж туршлагатай болно. Зогсолтгүй л хийх хэрэгтэй. Энэ хамгийн чухал нь. Мэдээжээр япон хэлээ сайн сурч, монгол хэлээ бүр илүү сайн сурах нь чухал байх даа. Маш их унших хэрэгтэй бас. Монгол хэл рүү орчуулчихмаар япон ном олон бий дээ. Бүгдээрээ энэ сонирхолтой сайхан ажлыг хамтдаа бүтээвэл бүр сайхан шүү дээ.
2020 оны 6 сарын 4
(Ярилцлага авсан: Фүжино Норико /Монгол-Японы төвийн Япон сангийн зохицуулагч)
Монгол хэл рүү хөрвүүлсэн: Т.Болормаа