МЭДЭЭЛЭЛ
ОРЧУУЛАГЧТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА: Лхагвасүрэн Саруултөгс
2020-07-31

Орчуулагч: Лхагвасүрэн Саруултөгс

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 23-р сургуулийн 5-р ангид байхдаа анх Японд очиж байсан бөгөөд Коочи мужийн бага болон дунд cургуульд тус тус 3 сар суралцаж байсан. “Соёл Эрдэм” дээд сургуулийн оюутан байхдаа Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, Япон улсын Чиба их сургуульд шилжин суралцаж төгссөн бөгөөд мөн Монгол дахь Япон улсын Элчин сайдын яаманд ажиллаж байсан туршлагатай. Одоо “Некстком” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлын албыг хашихын зэрэгцээ Монгол-Япон хоёр улсыг холбох гүүр болон ажиллаж байна.

Орчуулсан ном:
“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” (Зохиолч:Мари Кондо)
“Шик хатагтайн зөвлөгөө” (Зохиолч: Женнифер Л.Скотт)
   

Япон хэлтэй танилцсан нь                
~Саруултөгс(цаашид Саруул гэх) та анх япон хэлтэй хэрхэн танилцсан тухайгаа ярихгүй юу~

Япон хэлийг анх нийслэлийн 23-р дунд сургуульд элсэн ороод сурч байлаа. 23-р сургууль 1990 онд “Орос сургууль”-иас “Гадаад хэлний сургууль” болж өөрчлөгдсөн байдаг. Намайг яг 2-р ангид орсон жил буюу 1991 онд сургууль дээр маань япон хэлний анги нээгдэж би анхны сурагч нь болж байлаа. Тэр үед япон хэл нь заавал сонгох хичээл биш байсан. Мөн би жаахан байсан болохоор ээж маань намайг япон хэлний ангид оруулах шийдвэрийг гаргасан байдаг юм. Тухайн үед англи хэл маш эрэлттэй байсан бөгөөд сургуульд маань англи хэлний хоёр анги нээгдсэн даруйдаа л хүүхэд нь дүүрч байлаа.

Ээжээсээ англи хэлийг биш, яагаад япон хэлийг сонгосныг нь асуухад “Ази тивдээ хөгжил дээгүүр орны соёлыг судалж мэдээсэй гэж хүссэндээ, цаашлаад (Орос, Америк биш) ази тивийнхээ хөгжилтэй хөл нийлүүлэн алхвал илүү дээр” гэж бодсон гэж билээ. Одоо бодоход япон хэл сурсан нь маш зөв алхам болсон гэж би боддог. Англи хэлийг бол өдөр тутамдаа хэрэглээний түвшинд амьдралын шаардлагаар сурчихна гэж ээж маань бодсон байх. Бусдаас арай жаахан түрүүлээд япон хэл болон Япон улстай холбогдох замыг сонгож чадсан маань маш зөв алхам болсон гэж боддог.

Манай сургуульд ЖАЙКА-гийн сайн дурын япон хэлний багш байснаас гадна, Японд сурах хөтөлбөрийг хариуцан ажилладаг япон багш бас байсан юм. ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн Мураками Ёшифүми багшаас маш их зүйлийг сурсан даа. Мураками багшийнхаа гэрт ангиараа их очиж тоглодог байж билээ. Найзуудаараа бөөндөө “бүгдээрээ багшийн гэрт очиж тоглоцгооё!” гээд л гэнэт гэр рүү нь яваад оччихдог байв. /инээв/ Багшид их хэцүү байдаг байсан байхдаа /инээв/. Багш нартаа загнуулахын хажуугаар, тэд нараасаа маш их зүйлийг суралцаж, цагийг үнэхээр үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөдөг байсан шүү.
 

Анх Японд очсоноос хойш өдгөөг хүртэл ....

Би 23-р сургуульд 2-р ангиасаа 10-р анги хүртлээ нийт 9 жил япон хэл үзсэн. 5-р анги хүртлээ хирагана-катакана үсгээ үзээд япон дуу заалгаж эхэлсэн. Харин 5-р ангид япон кино үздэг болоод 10-р анги хүртлээ “Нихонго Шохо” гэдэг сурах бичиг ашигласан. Багш нар маань ямар хичээл орохоо сайтар төлөвлөж боловсруулсны дараагаар хичээлээ заадаг байсан гэж боддог. Харин миний хувьд Японд очсоныхоо дараа буюу бодитоор нь Япон оронтой танилцсаны дараагаар япон хэл сурах урам зориг минь нэмэгдэж цаашид улам их хичээж суралцах хүсэл маань оргилсон юм .   

Манай сургуульд Японд суралцуулах хөтөлбөрийг хариуцан ажилладаг япон багш байсан гэж өмнө нь танд хэлсэн байх. Би тэр хөтөлбөрийн хамгийн анхны элсэгчийн нэг нь болж Монголоос ангийнхаа охинтой хоёулаа Япон орныг зорьж байсан юм. Одоо ч гэсэн тэр хөтөлбөр маань үргэлжилж байгаа юм билээ.

Тэгээд бид хоёр 1994 онд буюу 5-р ангид байхдаа Япон оронд очиж Коочи мужийн бага сургуульд 3 сар суралцсан юм. Тэр үед Монголоос Япон руу нэг талдаа бүтэн 7 хоног явж очиж байлаа. Эхлээд Улаанбаатараас Бээжин хүртэл галт тэргээр яваад, дараа нь Бээжингээс Тианжин хүртэл автобусаар, Тианжинаас Японы Кобэ хүртэл усан онгоцоор явж очино. Анх удаа далайгаар явсан болохоор ч тэр үү, хоёр гурван хоног далайн өвчинтэй тэмцсээр байгаад л очсон доо. Ямартай ч анхны минь далай, анхны урсдаг шат, анхны жинхэнэ пицца... гээд маш олон “анхны” зүйлүүдтэйгээ Япон оронд анх учирсан юм.

Японд суралцаад ирсэн болохоор ангийнхнаасаа хамаагүй илүү япон хэлний мэдлэгтэй болсон хэрэг. Энэ нь намайг япон орон болон япон хэлэнд улам дурлуулж, цаашид хичээнгүйлэн суралцах хүсэл зорилгыг минь улам өдөөж өгсөн юм. 5-р ангийн сурагч байхдаа Японд суралцаад ирсэн надад хичээвэл дунд ангидаа ч бас явах боломжтой гэсэн яриа дуулдсан юм. Үүнийг сонсоод надад ахиад яагаад Японд сурч болохгүй гэж гэсэн бодол төрсөн дөө. Анх 1994 онд Японы бага сургуульд 3 сар, тэгээд 1997 билүү 1998 онд Коочи мужийн дунд сургуульд тус тус 3 сар суралцсан.

Тэнд байхдаа сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байлаа. Тэр үед л “Япон хүүхдүүдийг ямар мундаг хичээл хийдэг юм бэ” гэж биширсэн. Сургуулийн дотуур байранд “Унтахаас бусад сэрүүн байх цагтаа хичээлээ л хийнэ” гэсэн хатуу дүрэмтэй орчин намайг угтсан. Манга ч унших зав гардаггүй байлаа. Дээрээс нь хичээл нь маш хүнд байсан. Ойлгохгүй зүйл их гардаг байснаас гадна гадаад сурагч гээд нэмэлт даалгавар ч их өгдөг байлаа. Бас нэг дурсамж гэвэл тухайн үеийн Монголын маань сургуулиудад дүрэмт хувцас гэж байдаггүй байсан. Японы сургуулийн дүрэмт хувцас нь маш гоё, загварлаг. Би өмсөх их дуртай байлаа.

Тэгээд Япон дахь дунд сургуулийн хөтөлбөрөө дуусгаад, Монголдоо буцан ирж  дунд сургуулиа дүүргэсэн.  Үргэлжлүүлээд япон хэлний сургуульд сурахаар шийдсэн байсан тул Улаанбаатар хотод байрлах “Соёл эрдэм” дээд сургуульд элсэн орсон юм. Тухайн үед  би сургуулийнхаа элсэлтийн шалгалтын онооноос шалтгаалаад шууд 2-р курст нь элсэн орсон байдаг юм. /өөрөөр хэлбэл анги дэвшсэн/ Ирэх жил нь буюу 3-р курст байхдаа Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж Чиба их сургуульд сурахаар ахин Япон орныг зорьсон доо.

~ Таны хувьд 23-р дунд сургуулийг дүүргээд, “Соёл эрдэм” дээд сургуульд суралцаж байхдаа Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн. Япон орон, япон хэлтэй үргэлж холбоотой байж ирэхэд тань юу танд тэгж их түлхэц өгөв?


Япон оронд маш их хайртай болсон минь бага байхдаа тэнд очсонтой минь холбоотой болов уу. Тухайн үед одоогийнх шиг гадаад орон руу тэр бүр амархан явж чаддаггүй байсан болохоор ч тэр үү миний очсон цор ганц гадаад орон болох Япон орон надад маш ойр дотно санагддаг болсон юм. Японд их сургуулиа төгсчихөөд тэндээ ажилд орох талаар хүртэл боддог байлаа.  

Гэвч энэ бодол маань тэнд их сургуульд суралцаж байхад “Монголдоо хариад, Монголдоо хичээгээд үзье” гэсэн бодол болж өөрчлөгдсөн юм даг. Их сургуулиа төгссөний дараа магистрт дэвшин суралцах зэрэг сонголт байсан ч ажлын туршлага хуримтлуулахыг илүүд үзсэн. Монгол болон Япон улс нь нийгэм, эдийн засгийн бүтцээрээ эрс ялгаатай. Мөн дээрээс нь Япон орноос сурах зүйл маш их бий. Миний хувьд Японд сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлье гэсэн бодол давамгайлсан болов уу.

Япон улсын зардлаар сурч ирээд 3 сар орчим Монгол-Японы энэ төвд ч ажиллаж байлаа. Тэр үед ээж маань сонин дээрээс Японы элчин сайдын яаманд ажилтан авна гэсэн зарыг хараад надад дуулгасан юм. Тэр зарын дагуу Японы Элчин сайдын яаманд ажиллах хүсэлт гаргаж тэнцээд тэндээ 10 орчим жил ажилласан. Их сургуульд байхаасаа дипломатч болно гэж зорьж байсан маань энэ үед биеллээ олсон. Японы Элчин сайдын яаманд ажиллах хугацаандаа маш их зүйлийг сурч авсан. Тэндээс сурч мэдсэн зүйлсээ “өөр газар, өөр талбар” дээр хэрэгжүүлэхийг хүссэн тул бизнест хөл тавьсан.

Намайг 11 настайдаа Япон явсан болохоор нь ч тэр үү эргэн тойрныхон маань “Япон” гэвэл Саруул, “танай нутаг гэх зэргээр гэрийнхэн маань ярьдаг байлаа. Мөн хамаатан садны хүмүүс манайд ирэхээрээ Япон орны талаар надаас их асууна. Асуух тусам би “Японы орны талаар сайн мэдэхгүй бол болохгүй” гэсэн үүрэг хариуцлагыг мэдэрч эхэлсэн юм. Тэгээд л Япон орны талаар илүү ихийг сурч мэдээд бусдад түгээе гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн байх гэж боддог

Тухайн үед япончуудад Монгол гэдэг орон тийм ч танил байсангүй.  Коочи мужийн сургуульд сурч байхад тухайн сургуулийн багш, сурагчид Монголын талаар их зүйлийг асууж сонирхоно. “Монголд өдөр тутамдаа дээл өмсдөг үү?”, “Сургууль руугаа мориор явдаг уу? Шоколад идэж үзсэн үү?” гээд л асууна. Тухайн үед Монголын сумо бөхчүүд хараахан олонд танигдан гарч ирээгүй байсан үе. Нэг л мэдэхэд би Монгол хүмүүст Японы орны талаар, Япон хүмүүст Монгол орны талаар мэдээлэл өгдөг байр сууринд оччихсон байсан. Ийм учраас л цаашид өөрийн туршлагаасаа харамгүй хуваалцахаар шийдсэн дээ.

Би багаасаа л Японд сурч, Монгол дахь Японы элчин сайдын яаманд ажиллаж, одоо өөрийн компаниар дамжуулан Япон хүмүүстэй түншлэн хамтарч ажиллаж байна. Япон оронтой холбогдсоныхоо хувьд, Япон орны талаар тодорхой хэмжээнд мэддэг болсныхоо хувьд хоёр орны ард иргэд хоорондын харилцаа улам бүр гүнзгийрээсэй гэж хүсдэг.  Мөн Япон улсын Засгийн газрын зардлаар суралцсан болоод ч тэр үү хоёр орныг ойлголцолыг бэхжүүлэх  “гүүр” нь болж явна гэсэн үүрэг хариуцлага байдаг.  
 

Өөрийнхөө туршлагаасаа бусадтай хуваалцвал

Миний дотны найзуудын дунд болон 23-р дунд сургуулийг хамтдаа дүүргэсэн найз нөхдийн маань дундаас Япон оронтой холбогдож ажилладаг хүмүүс цөөн байдаг. Хэдий тийм боловч би Японд сурч мэдсэн зүйлээ өдөр тутам бусадтайгаа хуваалцаж ирсэн. Миний хувьд аливаа зүйлийг бүрэн төгс сурчихаад бусдад түгээх гэхээс илүү суралцах явцаа бусадтай хуваалцаж, хамтдаа хөгжиж нэг нэгнээсээ харилцан суралцах нь чухал юм гэдгийг ойлгосон. Энэ нь орчуулгын ажил хийхэд нөлөөлсөн гэж боддог. Өөрийн уншсан ном, хүнд хэрэгтэй мэдлэг мэдээллийг аль болох олон хүнд хүргэе гэж бодох болсон.

Монгол хүнд байдаг ч Япон хүнд байдаггүй, эсрэгээрээ Япон хүнд байгаад Монгол хүнд байдаггүй тийм нэг чанарууд байдаг даа. Хоёр улсын харилцаа өнөө цагт тусламж дэмжлэг авах донорын өнцөгөөс бус, харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр суурилсан “Стратегийн түншлэл”ийн түвшинд нэгэнт иржээ. Япончуудын “Омотэнаши” (эелдэг зочломтгой, бусдыг хүндлэх сэтгэл) бол дэлхийд ч гайхагддаг.  Мөн япон хүний хувьд (Япон гэлтгүй бүх хөгжилтэй орны иргэдийн) энгийн харилцааны ёс зүйн хэм хэмжээ болох цаг барих, хүнд төвөг удахгүй байх  гээд л манайханд суралцах зүйл их бий дээ.

Эргээд бодоход миний багадаа Японд очиж, тэнд их сургуульд сурсан маань өөрөө өөртөө хийсэн маш том хөрөнгө оруулалт минь байсан. Монгол залуустаа хандаж хэлэхэд залуу байгаа дээрээ гадагшаа явж үзэх хэрэгтэй. Дэлхий ертөнцтэй танилцаж, бие даах хэрэгтэй.  Манай компани Япон улс руу ур чадварын дадлагажигч ажилтан илгээх ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Залуус 3 жил Японд ажиллаж амьдраад их зүйлийг сурч мэдээд ирдэг. Ертөнцийг харах өнцөг, ажилд хандах хандлага, харилцаа гээд л их олон талаар эерэгээр өөрчлөгдсөн байдаг.

“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулгын талаар        

Та Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номыг орчуулсан. Тус номыг орчуулах болсон шалтгаанаа бидэнтэй хуваалцаач.


Энэ ном олон хэл дээр орчуулагдан гарсан бөгөөд англи хэлээрх хувилбар нь хамгийн олон сая хүнд хүрсэн дэлхийн бэстселлэр ном юм. Би ажлын шугамаар Япон руу цөөнгүй ирж очдог бөгөөд Монгол руу буцах замдаа анх онгоцонд уншиж байсан юм. Тэр үед энэ ном дэлхий дахинд танигдаад аль хэдийн 2 жил болчихсон байсан. Миний хувьд анх “Эмх цэгц гэх ойлголтыг сонирхсон гэхээс илүү япон эмэгтэйн бичсэн дэлхийн бестселлэр ном гэдэг утгаараа илүүтэй сонирхол татсан. Уншсаны дараа агуулга хэрэглээ талаасаа их таалагдсан. Японы уламжлалт соёл болох “Садоо /Цайны ёслол/” болон “Икэбана /Цэцэг амилуулах урлаг/” зэрэг гүн гүнзгий соёлыг гадны хүнд ойлгуулан танилцуулах бол хэцүү л дээ. Харин эмх цэгцтэй байх, цомхон хэрэглээтэй байх гэх өнөө үеийн монголчууд бидэнд хэрэгтэй хэв маягийг нэвтрүүлье, уриалья гэж бодсон. Цаашлаад хоёр орны иргэд хоорондын харилцаа, харилцан ойлголцол гүнзгийрэхэд энэ ном бага ч болов тус дөхөм болоосой гэж найдсан.

Миний хувьд энэ номыг анх уншиж дуусгачихаад хурдхан л хэрэгжүүлмээр санагдсан. Онгоцонд уншсан болохоор гэртээ хариад шууд л чемодан дахь хувцасаа гаргаж цэгцлэхээс эхэлсэн. Номны зөвлөгөөг олон хүнд хүргэхийн тулд номыг бүхэлд нь монгол хэл рүү хөрвүүлэх хүсэл төрсөн юм. Монгол хэл дээр орчуулагдсан эсэхийг нягталж үзэхэд хараахан гараагүй байсан тул шууд л орчуулахаар бэлтгэл ажилдаа орсондоо.

Ном орчуулах бодол төрснөөс эхлээд хэвлэгдэн гарах хүртэлх өрнөл
-Үе тэнгийн болон ахмад орчуулагчдын талаар-  

Аз болоход “Монсудар” хэвлэлийн газрын захирал Э.Зориг бид хоёр 23-р дунд сургуульд нэг ангид сурч байсан. Зориг маань одоо аавтайгаа хамтран хэвлэлийнхээ компанийг удирдан ажилладаг. Орчуулагчийн хувьд шинээр ажил эхлүүлэхэд Монсударын хамт олон бүхий л талаар тусалж дэмжсэн.

Би Японы элчин сайдын яаманд ажиллаж байхдаа япон, монгол хэл дээр албан бичиг, ноот бичиг боловсруулж, орчуулж байснаас номын орчуулгын ажил хийж байсан туршлага байсангүй. Гэрээ ёсоор номныхоо эхний 20 хуудсыг монгол хэлэнд хөрвүүлсэний дараа хэвлэлийн компанидаа хянуулж цаашид орчуулгаа үргэлжлүүлэх эсэх эрхээ авдаг. Ингээд орчуулга маань мэргэжлийн редакторын чанга шалгуурыг даван цаашид үргэлжлүүлж болно гэсэн зөвшөөрөл авсан ч найруулгын хувьд албархуу, хатуу модон байгаа тул найруулга дээрээ ахин засварлах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг авсан юм. Үүний дагуу дахин найруулга дээрээ ажиллан засварлаж, номын орчуулгын ньюанс, мэдрэмжийг өөрийн болгож ойлгож авсаны дараа орчуулга маань “Болж байна” гэсэн үнэлэлт авч, орчуулгын ажил маань албан ёсоор эхэлж байв.

Ярианы маань дараалал алдагдаж байгаад уучлаарай. Манай алдартай япон хэлний орчуулагч О.Жаргалсайхан эгчтэй би нэг арга хэмжээнд тааралдахдаа ном хэрхэн орчуулах талаар зөвлөгөө авч байсан юм.  Тэрээр ээжтэй минь хамт ажиллаж байсан болохоор миний хувьд эртнээс мэддэг байсан л даа. “Юун түрүүнд зохиогчийн эрх авахын тулд хэвлэлийн газартайгаа холбогдох хэрэгтэй” гэдэг анхны зүг чигийг надад зааж өгсөн юм. Түүгээр ч зогсохгүй орчуулсан хэсгээ  надруу явуулбал эгч нь редакторлаад өгч болно шүү гэж хэлсэн. Мэдээж би орчуулгаа түүн рүү явуулаагүй ч /инээв/, харин түүний хэлсэн үгнээс маш их урам зориг авсан.

Туршлагатай орчуулагч номын 200 хуудсыг хөрвүүлэхэд ойролцоогоор нэг сар орчим зарцуулдаг гэж сонссон. Миний хувьд анхны орчуулгын ном байсан тул би энэ ном дээр гурван сар зарцуулсан. Ажлын хажуугаар хийж байсан л даа. Орчуулгын эхээ хэвлэлийн газар руу явуулаад нэг сар орчим хянуулсаны дараагаар ном маань хэвлэгдэн гарсан байдаг.  

Энэ ном маань дэлхий дахинд танигдсан хит бүтээл байсан. Харин Монголд хэр хүлээн авах бол гэж санаа зовж байлаа. Миний хувьд “уншсан хүнийхээ амьдралд хэрэг болох бүтээл болоосой” л гэсэн бодолтой байлаа. Яах аргагүй энэ ном маань нэр шигээ гайхалтай  ид шидтэй ном. Тиймээ, Монголд ч гэсэн удаан хугацааны турш “бестселлэр” болж чадсан юм.

Номын борлуулалт хэдийгээр маш сайн байгаа ч түүнээс илүүтэйгээр номоо уншсаны дараа тус номноос ойлгож сурсан зүйлээ өөрийн амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж байгаа хүмүүс их байсан.
Ном маань монголчуудын хувьд мартагдсан соёлыг дэлгэрүүлсэн. Агуулга үг хэллэгийн хувьд ч анхлан орчуулж байгаа надад амар дөхөм байсан. Орчуулсан ном маань олон хүнд хүрэхийн хэрээр дахин орчуулгын ажил хийх хүсэл тэмүүлэлд хөтлөгдсөн. Мари Кондогийн энэ номыг монгол хэлнээ хөрвүүлэн Монгол уншигчдын хүртээл болгосондоо маш их баяртай байдаг.     

『Шик хатагтайн зөвлөгөө』 номын орчуулгын талаар

Мари Кондогийн 2 дахь цуврал номыг ч гэсэн орчуулаад үзвэл яасан юм? гэсэн асуулт хэвлэлийн газар болон уншигчидаас их ирсэн л дээ. Гэхдээ миний хувьд эхний номон дээрх агуулга хангалттай санагдаж байсан. “Эмх цэгц” гэдэг энэ үг уншигч олонд маань түгэн дэлгэрэхийн хирээр “эмх цэгц”-ийн талаар эргэцүүлэн боддог болно. Цэгцтэй байхад анхаардаг болно. Цаашлаад хүсвэл хүн бүр хөгжүүлээд амьдралдаа хэрэгжүүлээд явах боломжтой.  

Ном хэвлэгдсэний дараахан юм даг. Хамгийн анх Эрдэнэт үйлдвэрээс семинар зохион байгуулаач гэсэн хүсэлт ирсэн. Эрдэнэт үйлдвэр “Кайзен” болон “5S” зэрэг ухагдахууныг үйлдвэртээ хэдийнэ хэрэгжүүлсэн байсан.
Хэдий тийм боловч би чинь Мари Кондо биш зүгээр л нэг номын орчуулагч нь шүү дээ. /Инээв/ Бусдын зохиосон онолыг өөрөө зохиосон юм шиг бусдад ярина гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгтэл нөгөө талаас “Уг номыг орчуулах явцдаа хуримтлуулсан туршлага, судалсан мэдээлэл, мөн эмх цэгцтэй амьдралыг хэвшүүлснээр өөрт тань гарсан өөрчлөлтийн талаар” хуваалцаач гэсэн хүсэлт юм гэж тодруулсан. Түүнээс хойш олон газарт лекц уншдаг болсон доо.

Би Мари Кондо-гийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын дараагаар “Шик хатагтайн зөвлөгөө” гэх номыг ээлжит орчуулах номоороо сонгосон юм.  “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номонд өөрийн эд зүйлсийг хэрхэн цэгцлэх талаар гардаг бол, “Шик хатагтайн зөвлөгөө” номон дээр түүний дараах алхам буюу “Өөрийгөө цэгцэлсэний дараагаар хэрхэн эмх цэгцтэй амьдрах тухай” өгүүлдэг гэж хэлж болно. Одоогоор 2 ном орчуулан гаргаад байгаа бөгөөд уг номууд маань утга агуулгын хувьд хоорондоо ихээхэн уялдаатай. Хэрэвзээ цаашид ном орчуулах боломж гарвал салбар харгалзахгүйгээр орчуулна гэж боддог. Ялангуяа миний баримталдаг зарчим болох “хүнд хэрэг болохуйц” утга агуулгатай номыг орчуулна гэж боддог.

Би “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номтойгоо цуг хөгжсөн л дөө. Ном маань нийтийн хүртээл болсноор өмнө нь хийж байгаагүй олон зүйлсийг хийж үзэх боломжийг надад олгосон.
Өнөө үед “Амьдралын зөв хэвшилтэй болох” талаар бүгд л ярьж хэлэх болж. Ялангуяа залуучууд зөв амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон байна. Жишээлбэл зөв хоололт, идэвхтэй амьдрал гээд л... Ямар нэгэн байдлаар зөв тал руу өөрчлөгдмөөр байвч хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байна... гэх мэт. Тэгвэл “Амьдралын зөв хэв маяг” зуршлын нэг хэсэг бол “Эмх цэгцтэй, хэрэгцээнээс давсан хэрэглээгүй зорилготой амьдрах” явдал юм шүү. Амьдрал ахуй тэр ч бүү хэл хувь хүн үзэл бодлоо цэгцэлж, хүсэл тэмүүлэлтэй амьдарч, аз жаргалыг олох нь энэ номыг гол зорилго нь бөгөөд орчуулсан миний ч хүсэл найдвар билээ.

Орчуулгын ажлын туршлагаасаа хуваалцвал                    

Орчуулгын ажлын хамгийн гол зүйл бол зохиолчийн хүргэх гэсэн санааг бүхэлд нь утгын алдаа мадаггүй хөрвүүлэх юм. Үүний тулд ямар үг хэллэгийг сонгож хөрвүүлэх вэ гэдгээс орчуулагчийн чадвар харагдана.  “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид”  номыг япон хэлнээс монгол руу хөрвүүлж байхдаа нэг онцлог зүйлийг олж анзаарсан юм. Тэр нь юу вэ гэхээр Мари Кондо зохиолч маань япон бүсгүйн хувьд өөрийн хийж бүтээсэн зүйлээ хэт дөвийлгөхгүй гэх үүднээс нилээн дарж бичсэн байсан. Энэ бол соёлын ялгаа. Өөрөөр хэлбэл энэ нь монгол хэлэнд зохиолч өгүүлж буй зүйлдээ өөртөө итгэлгүй байгаа мэт уншигдах талтай. Үүнийг орчуулагчийн орчуулгын ньюансаар маш мэдрэмжтэй гаргах хэрэгтэй болно. Мөн орчуулгын бүтээл бол хөрвөсөн хэлэндээ уран яруу найруулга, үгийн арвин баялагтай байж уншигчидад хүрнэ. Уншихад ч урамтай. Номон дээрх үйл явдал гадаадад өрнөж байгаа болон гол дүр нь гадаад хүн байх эсэх нь хамаагүй. Сайхан Монгол хувилбар л болох ёстой. Жишээ нь “хаалгаар орж ирүүтээ…” гэж буулгах уу “босго давав уу үгүй юу... “ гэж буулгах уу гэх мэтээр үгний сонголт дээр монгол хүнд тод буух талаас нь орчуулахыг хичээдэг. Гадаад хэлнээс ойлгох нэг хэрэг, ойлгосноо хүнд орчуулаад хэлээд өгөх нэг хэрэг, харин бичгээр буулгана гэдэг бас өөр өөр чадваруудыг шаардана л гэсэн үг л дээ. Зохиолч ямар мэдрэмжиндээ хөтлөгдөн бичсэн байх  нь вэ, ямар байр сууринаас харж бичсэн байна гээд зохиолчийн оронд өөрийгөө тавьж үзэх шаардлагатай. Зохиолч хүн гэдэг номоороо дамжуулж бусдад ямар нэг зүйлийг ойлгуулж хүргэх гэж л бүтээсэн байдаг шүү дээ. Үг сонголтон дээр давхар утга агуулахгүй байх зэрэг нямбай ажиллах хэрэгтэй ч бүтээлийн ерөнхий утга санааг алдагдуулахгүй том зургаар нь ямагт харж орчуулахаа бас мартаж болохгүй.  
   

Зах зээлийн ороо бусгаа үеийн талаар

Бидний аав ээжийн үеийнхэн цэвэр социализмын үеийг туулж өнгөрүүлсэн болохоор сурч заалгасан зүйл нь бидний үеийнхнээс ялгаатай байх нь аргагүй биз ээ. Одоо шиг Монголынхоо өв соёлыг дэлгэрүүлж, судалж таньж мэдэх боломж нь хязгаарлагдмал, Чингис хаан гэдэг нэрийг ч дуурсах хориотой тийм л цаг үе байсан гэдэг. Шашин шүтлэгийн тал дээр ч тэр. Ийм л ороо бусгаа нийгмийн үед амьдарч байсан ээж минь надад өндөр хөгжилтэй Япон орны япон хэл сурахыг гэж зөвлөсөн алсын хараатай хүн байжээ.
Миний бага нас социализмын үед өнгөрсөн бөгөөд хэдий 1990 он гарсан ч өмнөх нийгмийн ул мөр балраагүй бидэнд янз бүрийн сонголт хийх нөхцөл бүрдээгүй тийм л үе байсан. Одоо харин манай үеийнхэн бүгд аав ээж болцгоож өөрсдийн үр хүүхдэдээ олон зүйлийг сургах гэж хичээж байна. 1980-аад оныхон /биднийг ухаан орох үед ардчилсан нийгмээс зах зээлийн нийгэмд шилжиж байсан/ бол өөрсдөө суралцаж, ёстой л бор зүрхээрээ хичээж ирсэн үеийнхэн юм. Бүгд ижил зүйл идэж, ижил хувцас өмсөж, ижил ном сонин үзэх гэх мэтээр бид бүгд хамтдаа нэг гараанаас амьдралаа эхлүүлцгээсэн. Тэгээд өсөж том болцгоогоод бүгд өөр өөрсдийн сонгосон амьдралын замаараа явцгааж байна. Би гэхэд л Япон улстай ажил амьдралаа холбосон бол бусад нь өөр өөрийн замыг сонгосон. Мөн бид өөрсдийн сурсан зүйлээ харилцан бие биедээ түгээж, хуваалцаж ирсэн юм. Би өөрийн үеийнхэнээ шинэ Монгол орныг бүтээн байгуулах үеийнхэн гэж боддог. Харин бидний үр хүүхдүүдэд энэхүү үүрэг хариуцлага улам л их болж очно гэж боддог шүү.

Япончуудын нийгмийн хүн байхын тулд дагаж мөрдөх гэхээс илүү зуршил болсон хэм хэмжээ гэж байдаг. Жишээ нь наад зах нь нөгөө л бусдад төвөг удахгүй байхаар бодож үйл хөдлөлөө хянах, “цаг баримтлах”, “хэлсэн амандаа хүрэх” зэрэг чанар нь ганцхан Японд байгаад байдаг зүйл ч биш л дээ. Хөгжлийн тодорхой шатанд хүрсэн бүх л оронд тийм наад захын соёл бий.  Бид үүнийг суралцаад хэвшил болгох ёстой. Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй болохоор өөрсдийгөө хаана ч очсон зохицоод амьдраад явж чадна гэсэн бодолтой байдаг л даа. Энэ нь мэдээж сайн зүйл ч, нөгөөтэйгүүр өөрийн дур зоргоор байх гэсэн, туйлбаргүй занг бас дагуулж байдаг. Хөдөө орон нутгаас нийслэл Улаанбаатарыг олон хүн зорин ирэхийн хажуугаар гадаад орныг зорьж буй хүмүүсийн тоо мөн олширч байна. Цаашид бид орчин үеийн нийгэмтэй хэрхэн хөл нийлүүлэн алхах, энэ нийгэмд бусадтай хэрхэн харилцах, мөн ирээдүйн замнал болон хэрхэн яаж амьдрах талаараа нэгдсэн ойлголт, хэм хэмжээтэй болж, үүнийгээ хэвшүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй санагддаг.

Мөн бидэнд ажиглагддаг нэг нийтлэг сул тал байдаг. Тэр нь юу вэ гэхээр эхэлсэн зүйлээ дундаас нь юу ч болоогүй юм шиг хаячихдаг зан юм. Аливаа зүйлийг хийж эхэлсэн л бол дундаас нь хаялгүйгээр эцсийг нь хүртэл хийх хэрэгтэй. Тэгэж байж л үр дүнг нь үзнэ. Ер нь залуус аливаа зүйлд тэвчээртэй байж “заавал эцсийг нь үзнэ” гэсэн сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Япончуудтай хамтарч ажиллахад энэ мэт суралцах зүйл их бий.

Нөхөр маань миний ажилд бас зааж зөвлөх хамтрагч маань болдог. Тэр маань хүүхэд байхаасаа л бас Японд очиж, энэ орны соёлтой эртнээс холбогдсон. Хожим нь Монголын ардын урлагийг Японд таниулан сурталчлах ажлыг хийж, мөн өөрийн компаниа үүсгэн байгуулаад Япон улстай холбоотой бүхий л ажил хэргийг хийж гүйцэтгэж ирсэн. Япон улстай хувийн хэвшил болон улс төр, олон нийтийн түвшний хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлж ирсэн арвин туршлагатай цөөн хүний нэг. Би Япон бизнес хамтрагчтайгаа хэрхэн яаж харилцах, түншлэх, бизнесийн арга барилын талаар нөхрөөсөө анх суралцаж заалгаж байсан даа.

Япон хэл суралцаж буй болон орчуулагч болохоор зорьж буй хүмүүст хандаж хэлэх үг         
Эцэст нь Саруултөгс та япон хэл суралцаж буй болон, орчуулагч болохоор зорьж буй хүмүүст хандаж өөрийн үгээ хэлнэ үү. 

Сүүлийн үед Монгол дахь япон хэл суралцагчдын тоо цөөрч байна гэж дуулдах болсон. Энэ нь Японы томоохон компаниуд Монголд тэр бүр элбэг байдаггүйгээс төгсөгчдөд ажлын байр хомс байдагтай холбоотой байх.

Япон хэлийг сурч, өөрийнхөө гадаад ертөнцийг нээх боломжтой. Интернетээс мэдээлэл авах, ном зохиол унших , япон соёлоор дамжуулан олон зүйлийг таньж мэдэх, өөрийгөө хөгжүүлэхэд ашиглаж болно.
Харин орчуулгын ажил хийх гэж буй залуустаа хандаж зөвлөхөд өмнө хэлсэнчлэн “Зохиолч номоороо дамжуулж бидэнд юуг өгөх гээд байна вэ?” тэр өгөх гээд байгаа санааг нь уншигчид ойлгож чадсан уу гэдэг хамгийн чухал. Тиймээс зохиолчийнхоо үзэл санаа болон дамжуулах гээд байгаа санааг нь Монгол хүн уншаад амархан ойлгох төгс монгол хэлээр илэрхийлэхийг хичээх явдал юм.  Номын орчуулга хэр сайн болсныг уншигчид эцэст нь үнэлээд дүн тавиад өгнө өө.

Би орчуулгын ажилдаа орсон байхдаа Монгол зохиолчдын бичсэн уран зохиолын ном их уншдаг. Учир нь аялгуу сайхан монгол хэлний онгод ороход тусалдаг гэх үү дээ.  Орчуулагч хүнд бас нэг байх чадвар бол Япон эх зохиолоо уншихдаа Япон хүний байр сууринаас бодож уншиж, бүрэн ойлгоод, харин хөрвүүлэхдээ буулгаж буй хэлнийхээ ахуйд бүрэн орох хэрэгтэй. Япон хэл дээр уншиж ойлгож байгаа үед яалт ч үгүй япон тал уруугаа илүү хазайчих гээд байна л даа. Орчуулгын найруулга ч үг сонголт ч оновчтой зөв байхад үргэлж анхаарч хийх, дээд зэргийн анхаарал, няхуур тууштай байдлыг шаарддаг ажил шүү дээ.  

Номын орчуулгын хувьд баримтат бүтээл тэр тусмаа зохиолчийн олон нийтэд дэвшүүлж байгаа шинэ санааг уншигчид хүргэх гэдэг орчуулгын эцсийн зорилго юм. Энийг чадаагүй бол орчуулсан гэхэд хэцүү.  Олон удаагийн оролдлого, хичээл зүтгэл, туршлага хуримтлуулсны эцэст сайн орчуулгын бүтээл төрөх нь гарцаагүй юм.

2020 оны 6 сарын 8 өдөр

(Ярилцлага авсан: Фүжино Норико /Монгол-Японы төвийн Япон сангийн зохицуулагч)

Монгол хэл рүү хөрвүүлсэн: Э.Тэнгис