Монгол-Японы төвөөс 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Дижитал Концепт” ХХК-ийн GS25 сүлжээ дэлгүүрийн хамт олонд зориулсан 5S Кайзэн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь байгууллагын шинэ үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдон удирдлага болон ажилтнуудын дунд ажлын байрны зохион байгуулалт, сахилга бат, тасралтгүй сайжруулалтын талаар нэгдсэн ойлголт бий болгох зорилготойгоор явагдсан юм.
Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа удирдан явуулж, оролцогчдод 5S аргачлалын үндсэн зарчим болох ангилах, эмхлэх, цэвэрлэх, стандартчилах, хэвшүүлэх ойлголтуудыг бодит жишээ, дадлага ажилтай хослуулан хүргэлээ. Тэрээр Кайзэн буюу тасралтгүй сайжруулалтын философийг үйлдвэрлэлийн орчинд хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар туршлагаасаа хуваалцаж, ажилтнуудыг идэвхтэй оролцоход уриалсан юм.

Сургалтад нийт 30 гаруй ажилтан хамрагдаж, шинэ үйлдвэрийн орчинд 5S-ийг хэрхэн хэрэгжүүлэх, ажлын байрны эмх цэгц, аюулгүй байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ. Мөн оролцогчид багаар ажиллах, харилцан суралцах орчныг бүрдүүлж, байгууллагын соёлыг сайжруулахад чухал ач холбогдолтой байв.

Шинэхэн баригдсан, бүтээн байгуулалт өрнөж буй үйлдвэрийн орчинд энэхүү сургалт зохион байгуулагдсан нь онцлог байлаа. “Будаг нь ханхалсан” шинэ орчинд ажилчид ирээдүйн үйл ажиллагааны суурийг зөв дадал, зөв хандлагаар эхлүүлэх боломж бүрдсэн нь тус сургалтын гол үр өгөөжийн нэг байв.
Цаашид “Дижитал Концепт” ХХК нь 5S Кайзэн аргачлалыг үйл ажиллагаандаа тууштай нэвтрүүлж, ажлын бүтээмж, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Шинэ үйлдвэр, шинэ эхлэл бүхэн амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.





