МЭДЭЭЛЭЛ
ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН ЯПОН ТӨВҮҮДЭЭР ЗОЧИЛЖ ТУРШЛАГА СУДАЛЛАА
2025-03-07

ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН ЯПОН ТӨВҮҮДЭЭР ЗОЧИЛЖ ТУРШЛАГА СУДАЛЛАА

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж болон тус төвийн холбогдох нэгж тасгуудын төлөөлөл энэ сарын 16-ны өдрөөс 23-ны өдрүүдэд 7 хоногийн хугацаатай Төв Азийн 3 улс дахь Япон төвүүдээр зочилж туршлага судлаад ирлээ. 2 сарын 16-18-ны өдрүүдэд Казакстан улсын Алматы хотод байрлах Казах-Японы төв, 18-20-ний өдрүүдэд Кыргызийн Бишкек хот дахь Кыргыз-Японы төв, 20-22-ны өдрүүдэд Узбекстаны Ташкент дахь Узбек-Японы төвөөр тус тус зочилж, холбогдох албаны удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Казах-Японы төв нь Монгол-Японы төвтэй адил 2002 оноос, Кыргыз-Японы төв нь 1995 оноос, Узбек-Японы төв нь 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

    

Тус томилолтын гол зорилго нь Япон төвүүд хоорондоо туршлага солилцох, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар судлах, санал тавих зорилготой байсан юм. Уулзалтын үеэр хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, төвийн багш нар болон ажилтнуудыг харилцан солилцож, туршлага судлуулах, улмаар тус төвүүдийн бизнесийн сургалтын төгсөгч компаниудыг хооронд нь холбох, төгсөгчдийн холбоо байгуулах, туршлага солилцох бизнес аялал зохион байгуулах зэрэг ажлуудын талаар санал солилцов.

Энэ ажлын хүрээнд Казах-Японы төвийн бизнесийн сургалтын төгсөгч компани болох “Галанз боттлерс” шингэн хүнсний компанийн үйлдвэрээр зочилж, Кайзэн болон 5S-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцлаа. Мөн Казакстан улсад үйл ажиллагаа явуулж буй Японы хөрөнгө оруулалттай “Азума Үню” компанийн төлөөлөлтэй уулзаж, Казакстан дахь бизнесийн орчны талаар санал солилцов. Мөн Казах-Японы төвтэй “Хамтын ажиллагааны санамж бичиг” үзэглэлээ.

 

Кыргыз-Японы төвтэй хийсэн уулзалтын дараа томилолтын багийнхан тус төвийн төгсөгч компани болох дүнсэн тамхи үйлдвэрлэгч компанийн захирал болон Төв Азийн Бизнес Ассоциацийн ТУЗ-ийн даргатай уулзаж, Кыргыз компаниуд манай улсын ямар салбартай хамтрах хүсэлтэй байгаа талаар нь санал солилцов.

 

Бидний зочилсон 3 дахь улс болох Узбекстан улсад мөн адил Узбек-Японы төвийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзан, санал солилцсоны дараа бизнесийн сургалт төгсөгч хоёр компаниар зочилсон юм. Бидний очсон эхний компани бол “Сафия” нарийн боов, бялуу, амттаны үйлдвэр байсан бөгөөд 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай массын үйлдвэрлэлийг явуулахад Кайзэн болон 5S-ийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан юм. Дараагийн зочилсон компани бол Төв Азийн зах зээлд ариун цэврийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэгч “Sunlight Group” байв. Бүрэн автоматжуулсан 24 цагийн үйл ажиллагаатай үйлдвэрлэлийг явуулахад юун дээр анхаардаг, мөн ТХЗ-уудыг компани дээрээ хэрхэн хэрэгжүүлж байгаатай үзэж танилцсанаар бидний энэ удаагийн томилолт өндөрлөсөн юм.

Цаашид Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үйл ажиллагаагаа Япон төвүүд хоорондын хамтын ажиллагаагаар улам өргөжүүлж, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн сургалт, үйл ажиллагааг хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.

Та доорх холбоосуудаар орж Япон төвүүд болон нийтлэл дээрх төгсөгч компаниудын цахим хуудсаар зочлоорой.

Казах-Японы төв https://kjc.kz/ja/about/

Кыргыз-Японы төв https://krjc.kg/

Узбек-Японы төв https://ujc.uz/

Япон төвийн төгсөгч компаниуд:

Galanz Bottlers https://galanz.kz/

Safia Bakery https://safiabakery.uz/ru

Sunlight Group https://sunlight-group.uz/en/