БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЯПОН МАЯГИЙН НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭ СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-05-24

Өнгөрсөн бямба гарагт буюу 2023 оны 5 сарын 20-ны өдөр Япон маягийн найрсаг үйлчилгээ сэдэвт нээлттэй семинарыг Монгол Японы төвөөс амжилттай зохион байгууллаа. Тус семинарыг Панасоник корпорацид 34 жилийн туршид голчлон маркетингийн чиглэлээр Америк, Тайвань, Филиппинд ажиллаж байсан туршлагатай, ЖАЙКА-гийн мэргэжилтэн, багш Үэхигаши Кожи удирдан явуулсан юм.

Амралтын өдөр зохион байгуулагдсан хэдий ч 100 гаруй хүн японы үйлчилгээний соёлын талаар сонсохоор, суралцахаар ирсэн байсан нь японы үйлчилгээ хэдий хэмжээний алдартай басхүү олон хүний анхаарлыг татдаг вэ гэдгийг илтгэж байна. Үэхигаши багш Японд үйлчилгээгээрээ тэргүүлдэг чиглэл бүрийн компаниудын жишээг үзүүлж, түүн дотроос Японы аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийн гаргадаг шилдэг 100 буудлын жагсаалтад топ 1-ийн байраа 37 жилийн турш хадгалсан “Кагаяа” халуун рашаант буудал болоод хурдны галт тэрэгний цэвэрлэгээг 7 минутанд хийж гүйцэтгэдэг “TESSEI” цэвэрлэгээний компанийн жишээг тус тус онцлон танилцууллаа. Энэхүү 2 жишээ компаниар дамжуулан Япончууд үйлчлүүлэгчдээ нэн тэргүүнд тавьж, чанартай үйлчилгээ гэж юу болохыг үзүүлж чаддаг гэдгийг ойлгуулахыг зорьсон билээ.

Семинарт оролцогчдын дийлэнх хувь нь үйлчилгээний байгууллагаас оролцож буй хүмүүс байсан бөгөөд семинараас суралцсан багахан мэдлэг, мэдээлэл болон Үэхигаши багшийн хэлэхийг зорьсон зүйлийг ажил дээрээ хэрэгжүүлж үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авсан үйлчилгээний байгууллага болохыг хүсэн ерөөе.