Баталгаат орчуулга
5S БА ГЛОБАЛЧЛАЛ
7 цаг 4 мин

5S Kайзэн хөдөлгөөн нь япон компани, үйлдвэрүүдээр зогсохгүй дэлхийн улс орнуудад идэвхтэй тархан, хөгжиж байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад (ӨАБНУ) 5S Кайзэн аргачлалыг амжилттай хэрэгжүүлсэн нэгэн онцгой жишээ бий. Энэ нь 2025 онд Йоханнесбургийн Их Сургуулийн инженер‑техникийн лабораторид хийгдсэн судалгаа бөгөөд Японд биш, үйлдвэрлэлийн бус орчинд, олон соёлт, залуу бүрэлдэхүүнтэй байгууллагад 5S‑ийг нутагшуулж бодит үр дүнд хүрсэн гэдгээрээ олон улсын анхаарлыг татсан юм. Тус судалгааны ажил нь “Engineering Proceedings” (MDPI) сэтгүүлд 2025 оны арван нэгдүгээр сард албан ёсоор нийтлэгдсэн бөгөөд хаягдалгүй үйлдвэрлэлийн 5S аргачлал лабораторийн орчинд хэрхэн хэрэгжиж болохыг бодит датагаар харуулсан судалгаа болсон.

Иохансбургийн их сургууль

 

Судалгааг хэрэгжихээс өмнө тухайн лаборатори нь олон их, дээд сургуульд нийтлэг тохиолддог асуудлуудтай байсан ба багаж хэрэгслүүд тодорхой байрлалгүй, хэрэглээний давтамж харгалзахгүй хадгалагддаг, хуучирсан эсвэл огт ашиглагддаггүй материал их, цэвэрлэгээ тогтмол бус, аюулгүй ажиллагааны эрсдэл өндөр байжээ. Үүний улмаас оюутнууд болон лаборантууд багаж хайхад ихээхэн хугацаа зарцуулж, сургалт, туршилтын үйл явц удааширч, лабораторийн талбайг үр ашиггүй ашиглаж байсан нь тогтоогдсон байна. Судалгааны баг эдгээр асуудлыг санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт хийлгүйгээр, зөвхөн 5S Кайзэний суурь зарчмуудаар шийдэх боломжтой гэж үзсэн юм.

Эхний алхам болох Seiri буюу ангилан ялгах шатанд лабораторид байсан бүх багаж, материал, тоног төхөөрөмжийг тайлбарлан жагсааж, тогтмол хэрэглэгддэг, ховор хэрэглэгддэг, ашиглах боломжгүй болсон гэж ангилжээ. Мөн ашиглагдахгүй эд зүйлсийг “түр хадгалах” ангилалд шилжүүлж, заримыг нь бүр мөсөн гаргаснаар лабораторийн чөлөөт талбай мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Энэ алхам нь дараагийн бүх сайжруулалтын суурь болсныг судлаачид онцолдог.

Дараагийн Seiton буюу эмхлэн байрлуулах шатанд багаж бүрийг хэрэглээний давтамж, аюулгүй ажиллагаа, хөдөлгөөний логикт тулгуурлан байршуулсан. Их ашиглагддаг багажуудыг ажлын байртай ойр, харагдахуйц газарт, ховор хэрэглэгддэгийг тусдаа тэмдэглэсэн хэсэгт байрлуулж, шүүгээ, тавиур бүрийг визуал шошго, өнгөт тэмдэглэгээгээр ялгахад лабораторид хаана юу байх ёстой нь хараад ойлгогдох нөхцөл бүрдсэн нь 5S‑ийн гол зорилготой бүрэн нийцсэн байна.

Seiso буюу цэвэрлэгээний шатанд лабораторийн гүн цэвэрлэгээг ганц удаа хийгээд болох биш, үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэн хэрэгжүүлсэн онцлогтой. Судалгаанд цэвэрлэх буюу шалгах = хаягдалгүй байх Lean ойлголтыг нэвтрүүлснээр цэвэрлэгээний явцад эвдрэл, элэгдэл, алдагдлыг илрүүлэх дадлыг суулгасан байна. Үүний үр дүнд тоног төхөөрөмжийн гэмтлийг эрт илрүүлэх боломж нэмэгдэж, аюулгүй ажиллагааны соёл бодитоор сайжирсан гэж дүгнэжээ.

Seiketsu буюу стандартчиллын шатанд цэвэрлэгээ, багажийн байрлал, ашиглалтын дарааллыг зураг, схем, товч заавар хэлбэрээр стандарт болгож хананд байршуулсан. нь зөвхөн лаборантуудад бус, анх орж ирж буй оюутнуудад хүртэл ойлгомжтой, хэлний саад багатай байдлаар хийгдсэн нь сонирхолтой байв. Стандартчлал нь нэг удаагийн сайжруулалт бус, байнгын хэвшил, дадал болгох үндэс нь болсон юм.

Сүүлийн бөгөөд хамгийн чухал шат болох Shitsuke буюу тогтмолжуулах ажлын хүрээнд сургалт, хариуцлагын тогтолцоо, давтамжит дотоод шалгалтыг нэвтрүүлсэн. Оюутнууд, багш нар, лаборантуудыг хамруулсан богино сургалтаар 5S‑ийн утга учрыг тайлбарлаж, “эмх цэгц бол хяналт биш, соёл” гэдэг ойлголтыг төлөвшүүлэхийг зорьсон нь амжилтын гол хүчин зүйл болсон гэж дүгнэжээ.

5S-ийн эдгээр алхмуудын дараа гарсан тоон болон чанарын үр дүн тодорхой байв. Нэг лабораторийн үйлдэл гүйцэтгэх дундаж хугацаа 78.6 секундээр багасч, долоо хоногт нийтдээ 632 секунд хэмнэсэн бол ерөнхий үйл ажиллагааны үр ашиг 54 хувиар сайжирсан үзүүлэлт гарсан байна. Үүнээс гадна аюулгүй байдал, ажлын сэтгэл ханамж, орчны цэвэр байдал сайжирч, их сургуулийн “Green University” буюу тогтвортой хөгжлийн бодлоготой нийцсэн шийдэл болж чаджээ.