БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“5S ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-04-26

 Япон компаниудын амжилтын нууц нь 5S-ийг өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж, ажилтан нэг бүр ухамсартайгаар дагаж мөрдөхөд оршдог билээ. 5S гэх ойлголттой бид саяхнаас танилцаж эхэлсэн ч, ажлын байран дээрээ хэрэгжүүлэх, улам гүнзгий ойлголт авахыг хүссэн хүмүүс улам бүр нэмэгдэх болжээ.

5S гэдэг үг нь товчхондоо сайжруулалт хийж үргүй зардал, үр дүнгүй ажлыг бууруулснаар байгууллагын үйл ажиллагааны алдагдлыг арилгах талаар ойлголт юм.

Энэхүү үндсэн ойлголт болоод Кайзэн (төвөгтэй зүйлийг төвөгтэй биш болгох), Хоорэнсо (Мэдээлэх-Холбогдох-Зөвлөлдөх), PDCA цикл (Төлөвлөх-Хэрэгжүүлэх-Шалгах-Сайжруулах), 5 удаа яагаад шинжилгээ зэрэг ойлголтуудын талаар анхан шатны ойлголтыг өгсөн “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” суурь мэдлэгийн сургалт 4 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтыг “Моншибасаки” ХХК-ийн захирал, Монгол Японы төвийн үндэсний сургагч багш Д.Долгормаа удирдан явуулсан юм.

Сургалтын үеэр сонирхолтой тоглоом болон дасгал ажлуудыг ажиллуулсан нь 5S-ын талаар анх удаа сонсож буй хүмүүст тодорхой ойлголтыг хялбар аргаар ойлгуулж чадсан болов уу хэмээн бодож байна.

Япон маягийн менежментийн үндэс суурь болсон 5S-ийг сургалтад суусан суралцагчид маань ажлын байран дээрээ бодитоор хэрэгжүүлж, ажиллахад таатай орчинг бүрдүүлэн амжилттай ажиллахыг хүсье.