ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
“СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 28 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!
2022-11-22

“Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 28 дахь удаагийн тэмцээн🇯🇵🎤” амжилттай зохион байгуулагдлаа!

🌟11 дүгээр сарын 19-ний Бямба гарагт Монгол, Япон 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 28 дахь удаагийн тэмцээн🇯🇵🎤” амжилттай зохион байгуулагдлаа.

🌟Энэ удаагийн уран илтгэлийн тэмцээн нь танхим болон цахим хэлбэрийг хослуулан явагдсанаараа онцлогтой бөгөөд оролцогч оюутан, сурагчид уламжлалын дагуу тайзан дээрээс илтгэлээ тавьж, хөгжөөн дэмжигчид танхим болон шууд дамжуулалтаар (Facebook live) үзэж сонирхсон болно.

🌟Илтгэлийн тэмцээнд ахлах ангийн сурагчдын ангилалд 9 сурагч, их дээд сургуулийн оюутнуудын ангилалд 8 оюутан оролцсон бөгөөд ахлах ангийн сурагчид “失敗から学んだこと” буюу “Алдаанаасаа суралцсан зүйл” гэсэн сэдвээр, их дээд сургуулийн оюутнууд “距離” буюу “Орон зай” гэсэн сэдвээр тус тус илтгэлээ тавьлаа.

🌟Ахлах ангийн сурагчдаас Дархан Эмпати сургуулийн сурагч Лхагвасүрэнгийн Энхсаран🏆, их дээд сургуулийн оюутнуудаас МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн оюутан Чинбатын Минжбулган🏆 нар тэргүүн байранд шалгарлаа. Дашрамд дурдахад, тэмцээний ангилал тус бүрээс 4, 4 оролцогчдыг шагналт байранд 🥇🥈🥉🏅 шалгаруулж JENESYS хөтөлбөрөөр Япон улсад аялах эрхээр шагнасан юм.

🌟Эцэст нь хэлэхэд шагналт байранд орсон оролцогчиддоо халуун баяр хүргэхийн ялдамд тэмцээнд идэвхтэй оролцсон нийт оюутан сурагчид болон удирдагч багш нарт нь гүн талархал илэрхийлье. Мөн хамтран зохион байгуулсан Монгол дахь Япон улсын элчин сайдын яам, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Япон сан болон ивээн тэтгэсэн Монгол дахь Япончуудын холбоо ТББ, Монгол-Японы худалдааны танхим ТББ-уудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.