Үйл явдал
“БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ” ЦАХИМААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2021-03-09

       Компанийн удирдах албан тушаалтан, менежерүүдэд зориулсан “Бизнесийн үндсэн сургалт” энэ жил анх удаа бүрэн цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа . Мөн энэ удаагийн сургалтад хөдөө орон нутгаас олон хүн нэмж хамрагдсанаараа онцлогтой байлаа.

      Сургалт 2021 оны 1-р сарын 11-ээс 2-р сарын 27-ны хооронд “Стратегийн менежмент”, “Санхүүгийн удирдлага”, “Маркетинг”, “Хүний нөөцийн удирдлага” гэсэн 4 сэдвээр явагдсан юм. Манай төвийн зүгээс сургалтад шаардлагатай техникийн бэлэн байдлыг хангаж багш суралцагчид харилцан идэвхтэй харилцах боломжийг бүрдүүлэх талаас анхаарч ажиллалаа.

     “Бизнесийн үндсэн сургалт” нь практик мэдлэг олгох гол зорилготой бөгөөд сургалтыг ажлын өндөр туршлагатай Япон, Монгол мэргэжилтэн багш нар удирдан явуулж, хичээлийн хөтөлбөрт практик дасгал ажлууд олноор багтаасан байдаг. Энэ удаагийн цахим сургалт ч мөн адил суралцагчид багт хуваагдан дасгал ажил ажиллаж, илтгэл тавин сурсан зүйлээ бататгахын сацуу танилын хүрээгээ тэлсэн давуу талтай сургалт боллоо.

      Сургалтад барилга, боловсруулах үйлдвэр, санхүү, боловсрол зэрэг салбар салбарын 30 удирдах ажилтан, менежер хамрагдсан юм. Цар тахлын үед ч өөртөө хөрөнгө оруулалт хийж, менежментийн мэдлэгээ дээшлүүлэхээр сургалтдаа идэвхтэй хамрагдсан та бүхэндээ баярлалаа.