Дамбадаржаагийн Наранцэцэг
Дорноговь аймагт төрж өссөн. МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэж, МУИС-ийн япон хэл судлалын тэнхимд япон хэлний багшаар ажиллаж байв. Ажиллаж байх хугацаандаа Токиогийн гадаад хэлний их сургуульд Япон улсын тэтгэлэгээр суралцсан. Эх орондоо буцаж ирээд МУИС-даа ажиллаж байгаад, 1991 онд дахин Япон улсад очиж Жайкагийн сургалтын төвд ажилласан, тэнд Японы залуучуудын болон ахмад сайн дурын гишүүдэд монгол хэл зааж байв. 2017 онд Япон дахь Жайкагийн ажлаа дуусгаад, Монголдоо буцан ирсэн.
Бүтээл: “Япон-Монгол хэлний үндсэн үгийн толь бичиг“ 1998 ,“Монгол хүнд зориулсан япон хэлний сурах бичиг “ 1998, “Монгол хэлний өвөрмөц хэллэгийн толь“ 2012
Орчуулга: Шийна Макото “Цагаан морь”1995, Шийна Макото“Далай, тэнгэр, шүрийн дуулал” 1994, Кайко Такэши “Шалдан ноён”1999, Кайко Такэши “Балмагдал” 1999 гэх мэт.
Очирхүүгийн Жаргалсайхан
Хөвсгөл аймгийн уугуул. Монгол улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын ангид элсэн амжилттай суралцаж төгсөөд төрөлх Хөвсгөл аймгийнхаа ЕБС-д багшаар ажилд орсон. 1993-1998 онд Япон улсын засгийн газрын тэтгэлгээр Токиогийн Гакүгэй их сургуульд магистрт суралцан төгсөж ирээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт 2011 оныг хүртэл референтээр ажилласан. Одоо бол японы уран зохиолыг монголчуудад хүргэхээр ажиллаж байгаа Монголын шилдэг орчуулагчдын нэг юм.
Орчуулсан бүтээлүүд: Шиба Рёотаро “Тал нутгийн тэмдэглэл”, "Оросын тухай: Умардын уугуул төрх", “Хорин нэгдүгээр зуунд амьдрах хөвгүүд охидод”, Фүкүзава Юкичигийн “Эрдмийг эрхэмлэх ухаан”, Самүэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”, дэлхийн анхны роман, манай эриний Х зуунд Мүрасаки Шикибүгийн зохиосон “Гэнжийн туульс” нэг, хоёрдугаар боть, Мүраками Харүкигийн “1Q84” гурамсан роман зэрэг бүтээлүүдийг орчуулж уншигчдын хүртээл болгожээ.
Цулбаатарын Онон
Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд МУИС төгсөж, 2005 оноос тус сургуульд багшилж байна. Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/.
Орчуулсан бүтээлүүд:Нацүмэ Соосэки “Боччан”, Хигүчи Ичиёо “Булингарт булан”, “Тэкэкүрабэ”, Акүтагава Рюүносүкэ “Тошишюн”, “Хамар”, “Төмсний зутан”, Кавабата Ясунари “Ангийн даргын мөрдлөг”, Оэ Кэнзабүро “Хувийн асуудал”, Мүраками Харүки “Эрэг дээрх Кафка” зэрэг олон бүтээлийг орчуулж уншигчдын хүртээл болгосон.
Лхагвасүрэнгийн Саруултөгс
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 23-р сургуулийн 5-р ангид байхдаа анх Японд очиж байсан бөгөөд Коочи мужийн бага болон дунд cургуульд тус тус 3 сар суралцаж байсан. “Соёл Эрдэм” дээд сургуулийн оюутан байхдаа Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, Япон улсын Чиба их сургуульд шилжин суралцаж төгссөн бөгөөд мөн Монгол дахь Япон улсын Элчин сайдын яаманд ажиллаж байсан туршлагатай. Одоо “Некстком” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлын албыг хашихын зэрэгцээ Монгол-Япон хоёр улсыг холбох гүүр болон ажиллаж байна.
Орчуулсан ном:
“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” (Зохиолч:Мариэ Кондо)
“Шик хатагтайн зөвлөгөө” (Зохиолч: Женнифер Л.Скотт)